Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй Австралийн “Хүннү Коал” компанийг Тайландын нүүрсний магнат “Банпу” 477 сая доллараар бүхэлд нь худалдаж авах санал тавиад буй билээ. “Банпу” компани нь өнгөрсөн гуравдугаар сард “Хүннү Коал” компанийн 12.39 хувийг 45 сая доллароор эзэмших болсон юм. Харин одоо үлдсэн хувийг авах энэхүү тохиролцоог хийхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлийг өнгөрсөн баасан гаригт “Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл”, харин энэ даваа гаригт “Тайландын Банк” олгожээ. Өөрөөр хэлбэл, одоо Хүннү Коал Тайландын компанийн мэдэлд шилжихэд тун ойртсон гэж хэлж болно.
Хүннү Коал компанийн Монголд эзэмшиж буй 14 төсөл дундаа, Дундговь дахь “Үнст худаг”, Өмнөговь дахь “Цант уул”, Говь-Алтай дахь “Алтай нүүрс” зэрэг гурван төсөл гол байрыг эзэлж буй. “Цант уул” нь 90 сая тонны ЖОРК нөөц бүхий коксжих нүүрсний төсөл бол, “Үнст худаг” нь 324 сая тонны ЖОРК нөөцтэй эрчим хүчний нүүрсний төсөл юм. “Алтай нүүрс” коксжих нүүрсний төслийн үйл ажиллагаа хайгуулын шатандаа өрнөж буй бөгөөд 250-500 сая тонн нөөц илрүүлэхээр зорьж байна.
Харин тус компанийг худалдаж авах гэж буй Тайландын “Banpu Minerals” компанийн толгой компани “Banpu Public” компани нь Индонез дахь нүүрсний ордуудаас жилд 20 гаруй сая тонн нүүрс олборлодог байна. Одоогоор тус компанийн эзэмшдэг нүүрсний ордуудын эдийн засгийн үр ашигтай нөөц нийтдээ 600 сая гаруй тоннд хүрээд буй ажээ. Түүнчлэн “Banpu Public” нь Тайландад нүүрсний (1.434 МВт) болон хийн хоёр ч цахилгаан cтанцад хөрөнгө оруулжээ. Мөн Хятадын Шандунь болон Хэбэй мужид байгальд ээлтэй технологи бүхий гурван цахилгаан станцыг эзэмшдэг ажээ.
Б.Төгс