“Нүүрсний уурхайнуудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, салбарын бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтны ээлжит IV зөвлөгөөн”-ийг “Бишрэлт” зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнийг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нээх бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэх аж.
Зөвлөгөөнд ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал”, АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг “Нүүрсний уурхай, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавих юм байна. Мөн нүүрсний аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Геологи, уул уурхайн албаны дарга Ч.Энхбаяр “Тавантолгой” төсөл, “Энержи Ресурс” ХХК-ийн Нүүрс баяжуулах төслийн удирдагч Ц.Баярмагнай “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр, зах зээл” , “НАКО” ХК-ийн ерөнхий захирал Ж.Бат “Хагас коксын “НАКО” үйлдвэр”, “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Балсандорж “Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх төсөл” зэрэг илтгэлийг танилцуулах юм байна.
Зөвлөгөөнд төрийн мэдээллийн цаг бий бөгөөд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсан нар ирж оролцогчдын асуултад хариулах аж.
Г.Идэр