2011 оны аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины Хятадад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд нийт долоон тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Оросын Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зяабао нартай уулзахдаа, Сирийн талаар НҮБ-аас гаргасан шийдвэрээс эхлэн шинэчлэлийн салбарт хамтран ажиллах талаар хүртэл олон асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Гэхдээ хоёр орны удирдлагуудын хэлэлцээрийн гол сэдэв нь эрчим хүчний асуудал буюу Оросоос Хятадад нийлүүлэх газрын тос болон хийн үнийн асуудал байсан хэмээн ажиглагчид үзэж байна.
Мөн хоёр улс 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцсон нь гол хэлэлцээрийн нэг байв. Бээжинд айлчлах үеэрээ В.Путин холбогдох гэрээнд гарын үсэг зуржээ. Тус санг ОХУ болон Казахстан, Беларусь зэрэг Гаалийн нэгдсэн холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр шууд хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулж байгаа аж. Санг Оросын талаас Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Гадаад эдийн засгийн банк, Хятадын талаас Улсын Хятадын хөрөнгө оруулалтын корпораци тус тус байгуулж байгаа юм. Энэхүү сан нөөцийн салбарт бус харин ложистикийн хүрээн дэх төслүүд, газар тариалан, үйлдвэрлэлийн цогцолбор, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах аж. Гэрээний нөхцөл ёсоор нэг тэрбум ам.долларыг Оросын шинэчилсэн хөрөнгө оруулалтын сан /ОШХОС/ болон Хятадын хөрөнгө оруулалтын корпораци / ХХОК/, 1-2 тэрбум ам.долларыг Хятадын институцын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын бие даасан сангаас татан төвлөрүүлэх юм. Гадаад эдийн засгийн банк шинэ хөрөнгө оруулалтын сангийн стратегийн түнш нь болох юм байна.
ОШХОС-гийн захирал Кирилл Дмитриевийн мэдэгдсэнээр, сангийн хөрөнгийг хоёр тал 5-7 жилд оруулах ажээ. Түүнчлэн 2012 оны нэгдүгээр улиралд сан ажиллаж эхлэх бөгөөд сангийн хүрээнд эхний хэлцлүүд 6-9 сарын дараа хийгдэж эхэлнэ. Орост өндөр ашиг авчрах шууд хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх зорилтыг ОШХОС-гаас дэвшүүлээд байна. Хөрөнгө оруулалтын төсөл тус бүрийн хүрээнд ОШХОС доод тал нь сангийн өөрийн татвартай тэнцэх хэмжээний татвар төлж чадах хөрөнгө оруулагч түншүүдийг татах үүрэгтэй бөгөөд энэ нь Оросын эдийн засагт оруулах шууд хөрөнгө оруулалтын катализатор болох аж. ХХОК нь хувь нийлүүлэгчид эрсдлийг тооцсон дээд зэргийн санхүүгийн ашиг авчрах удаан хугацааны хөрөнгө оруулалтыг хийдэг байна. Бээжинд төвтэй тус корпораци 2007 оны есдүгээр сарын 29-нд байгуулагдсан бөгөөд улсын бүрэн өмчит байгууллага юм. Тус корпорацийн үйл ажиллагааны зорилго нь хилийн чанад дахь Хятадын санхүүгийн активуудад диверс хийх болон тус улсын санхүүгийн системийн цаашдын өөрчлөлт болон эдийн засгийн хэрэгцээг харгалзан хөрөнгө оруулалтаас ашиг олох юм.