Олон улсад үүсээд санхүүгийн зах зээлийн уналтын талаар MIСС-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа.
Хөрөнгийн биржүүдийн уналт үргэлжилсээр байна. Үүний гол шалтгаан юу вэ?
Энэ удаагийн хувьцааны зах зээлийн уналт 2008 оны эцсээр байсан хэмжээнд хүрэхээр унаж байна. Нөгөө талаас харвал бас эдийн засаг тийм ч муу биш байгаа. Гэсэн ч санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсээд байгаа нь эдийн засагт нөлөөлнө. Санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржийн индексүүд эдийн засгаасаа 3-6 сараар түрүүлж явдаг. Тэгэхээр яваандаа эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр.
Гол шалтгаан нь Европын орнууд, тэр дундаа Грек, Испани, Итали улс төсвийн орлогоосоо их хэмжээгээр давсан зарлагыг маш удаан хугацаанд гаргаж байснаас үүдэлтэй. Грекийн хувьд ажиллаж байгаа хүмүүс нь цөөрөөд, хүн ам нь хөгшрөөд ирэхээр тэр хүмүүст өгдөг тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүйд хүрсэн. Засгийн газар нь үүнийг урьдчилж харж төсвөө танах талаар ажил хийгээгүй болохоор зарлага нь өөрийн эрхгүй нэмэгдсээр байгаа. Санхүүгийн зах зээлийн хүмүүс Грекийн орлого нь багасаад зардал нь нэмэгдээд байгаа болохоор мөнгө зээлүүлэх эрсдэлтэйг харж, бондыг нь худалдаж авч мөнгө зээлүүлэхээсээ татгалзаж эхэлсэн. Грек Европын холбооны гишүүн болохоор ЕХ-ны улсууд Грект яаж туслах вэ гэдгийг ярилцаж байна. Төсвөө хангалттай авч явдаг, мөнгөө бодлоготой зардаг улсууд Грекийн энэ байдалд нэлээд дургүй. Урьд нь 2010 онд Грект нэг удаа тусалж байсан болохоор энэ удаад чадахгүй гэсэн зүйлийг Герман төдийгүй Европын зарим улстөрчид ярьж эхэллээ. Грек өрөө төлж чадахгүй бол дараа нь Испани төлж чадахгүй, араас нь Итали орно гээд гинжин цуваа үүсэх аюултай болсон. Засгийн газрууд бондынхоо өрийг төлж чадахгүй байгаа нь банкуудад хүнд нөлөөлж байна. Банкууд Засгийн газруудын бондыг аюулгүй гээд их хэмжээгээр авсан болохоор тэр хэмжээгээр алдагдалд орж эхэлнэ. Банкны алдагдал эдийн засагтаа шууд нөлөөлдөг.
АНУ бас өрийн асуудлаас болж бүр хурцатгаж байгаа байх?
АНУ -д ч мөн ялгаагүй өрийн асуудал үүслээ. Ж.Бушийн Засгийн газрын үеэс төсвийн алдагдал нь 8 жил алдагдалтай явсан. Дараа нь Б.Обама гарч ирээд нийгмийн даатгалын бодлогыг өргөн хүрээнд хамруулж, ядуу хүмүүст хүртэл хүргэнэ гэсэн бодлого явуулж, зарлагыг дахиад нэмсэн. Нөгөө талдаа орлогын үүсвэр болсон татварыг нэмэх гэсэн ч эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Бүгд найрамдах нам нь Конгрессын сонгуульд давуу эрхтэй байгаа болохоор Б.Обамаг дэмжихгүй байгаа. Ж.Бушийн Засгийн газрын үед баян хүмүүсийн бүх татварыг багасгаад, хөнгөлчихсөн байсан юм билээ. Б.Обама үүнийг өөрчилж сэргээхээр ярьж байгаа ч чадахгүй байна. Үүнээс болоод Америкийн өр яаж төлөгдөх нь тодорхойгүй болсон. Бүгд найрамдах нам нь татварыг нэмэхгүй гэж байгаа бол Ардчилсан нам нь зарлагыг багасгахад их дургүй болохоор хоорондоо зөрчилдөөд тодорхойгүй байдал үүсгэчихээд байна. Америкийн зээл ингээд яваад байвал Грекийн араас орох магадлал өндөр.
Америкт эдийн засаг нь эерэг гараад байгаа ч ажилгүйдлийн түвшин нь 9 хувиас доошоо ерөөс буухгүй байна. Ажилгүй хүмүүс ийм олон байгаа нь эдийн засагт бас л сөргөөр нөлөөлнө. АНУ-ын эдийн засгийн 70 хувийг хэрэглээ эзэлдэг. Ажилгүйдлээс болж хэрэглээ багасвал АНУ-ын эдийн засаг уналтад орно. АНУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 25 хувийг, Европын эдийн засаг 20 орчим хувийг эзэлдэг гэхээр энэ хоёр том эдийн засаг муудвал Хятад, Японы эдийн засаг яаж ч өсөөд нэмэргүй чирэгдэх болно.
Америк, Европын байдлыг харахад улстөрчид эдийн засагт хутгалдаж, намын эрх ашиг, өөрийнхөө ашиг тэргүүнд тавьж байгаа болохоор эдийн засаг тогтворгүй байна гэж ойлгож болох нь ээ?
Ер нь бол тийм л дээ. Европт ч тэр, Америкт ч тэр улс төрийн байдлаас хамаараад эдийн засаг тогтворгүйжиж байдаг. Эдийн засаг гэдэг нөөц баялгийг яаж хуваарилах вэ гэдэг ойлголт учраас эдийн засагчид үүнийг зохицуулж байвал их амархан шийдэж болно л доо. Америкт гэхэд л хоёр нам талцахгүй эдийн засагчид шийдвэр гаргавал татвараа нэмээд л зардлаа багасгаад дор нь шийдэж болно. Баян хүмүүс нь татвар төлөхгүй байгаа нь үнэн л юм чинь татвараа авч болно. Гэтэл тэнд Бүгд найрамдах намын лобби, баячуудынх нь нөлөө хүчтэй байна л даа. Монголд ч ийм гэдгийг бүгд мэднэ. 76 Сангийн сайдтай боллоо гээд сэтгүүлчид бичээд л байгаа. Бүгд л төсвийг ингэж хуваарилна, мөнгөний бодлого ийм байна гэж ярьж байна. Уг нь Сангийн яам, Монголбанк цэвэр эдийн засгийн бодлого явуулдаг байвал улсын эдийн засаг, хөгжилд том дэмжлэг болно.
Энэ уналт даамжирвал бүр хүнд байдалд орох байх. Үүнийг засах, Грекийг аврах ямар арга хэмжээ авч байна вэ?
Европын холбоо, ОУВС Грект тодорхой болзолтойгоор мөнгө зээлүүлэх талаар ярьж байна. Төсвийн алдагдлаа багасгавал тийм хэмжээний мөнгө өгье, дараа нь дахиад өөрсдийнхөө хөрөнгийг зарж тодоохой орлого олбол нэмж зээлүүлье гэсэн зүйл яригдаж байгаа. Ойролцоогоор 150 тэрбум доллар зээлдүүлье гэсэн. Нэгэнт олон улсын зах дээр бонд гаргах боломжгүй болохоор хямралд орсон орнуудыг тэтгэх үүрэгтэй ОУВС зэрэг байгууллагууд бага хүүтэй мөнгөөр туслахаар яригдаж байна. Гэхдээ нөгөө талд Грекийн дотоод улс төр нь хэцүү байгаа. Олон хүнийг хална, цалинг нь багасгана гээд яригдаад ирэхээр ажил хаялт, бослого гарах гэх мэтээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Нөхцөл ийм байгаа ч Грекийг аврах л байх. Гэхдээ тэр авралт хоцорч ирэх вий гэдгээс болгоомжилж байна.
АНУ-ын татварын асуудал дараагийн сонгууль хүртэл шийдэгдэхгүй байх. Эсрэг тэсрэг байр суурьтай байгаа болохоор зөвшилцөлд тийм ч хурдан хүрэхгүй. Татварын асуудлыг дараагийн сонгуулийн асуудал болгоод тавьчихсан бололтой юм. Бүгд найрамдах нам аль болох энэ асуудлыг шийдэхгүй байж байгаад сонгуультай золгож, сонгуулиар ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь Обаматай холбоотой гээд л сонгуулийн ажил болж хувирах байх л даа.
Нөгөө талаар Европыг аврах нэг арга нь Хятад. Хятадын Засгийн газар дэлхийд хамгийн их валютын нөөцтэй улс. Энэ валютынхаа нөөцөөс дээрх улсуудад шууд зээлдүүлж болох байх. Хятад тусалж болно гэж хэлээд нэлээд горьдлого төрүүлсэн. Тэр үед хувьцааны зах зээл өсөөд иртэл нэг дарга нь Европ асуудлаа өөрсдөө л шийдэх хэрэгтэй. Хятад шиг ядуу орноос горьдох хэрэггүй гээд хэлчихсэн чинь буцаад унаад эхэлсэн. Гэхдээ Хятад тусалж магадгүй гэсэн таамаглал байсаар л байгаа. Зүгээр туслахгүйгээр мөнгө зээлэхийн хажуугаар бараагаа шахах гэх мэт зүйл ярьж магадгүй юм. Европ, АНУ-ын байдал сайжрахгүй бол Хятадад ч нөлөөлөх учраас Хятадыг туслах байх гэсэн таамаглал их бий.
Ер нь энэ уналтын зах зээл 6-12 сар үргэлжилдэг гэж ярьдаг. Хэдий үед дуусах бол гэдэгт олон хариулт байгаа ч дараа жилийн намар, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийгдэгдэх болов уу гэсэн таамаглал их бий.
Тэгвэл Хятадын аж үйлдвэрийн бүтээмжийн өсөлтийн удаашрал Европыг хүнд байдлаас гартал үргэлжлэх үү?
Хятадууд бол гадаад зах зээл ийм байдалд орох нь гэдгийг ойлгоод аль эрт өөр бодлого явуулж эхэлсэн шүү дээ. Юу гэхээр дотоодын хэрэглээг аль болох нэмж, баян хүмүүсийг бий болгож, хүмүүсийн амьжиргааны түвшинг нэмэх бодлогыг хүчтэй явуулж байна. Нэг тэрбум хүний хэрэглээ гэдэг Европ, Америкаас хамаагүй илүү. Энэ бодлогынхоо хүрээнд хэрэглээний зээлийн хүүг багасгах, худалдан авалтад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр материаллаг зүйлийг бий болгохоор шаргуу ажиллаж байна. Тийм болохоор Хятадын эдийн засаг тийм ч дордохгүй байх гэж бодож байна.
Үргэлжлэлийг MMJ сэтгүүлийн аравдугаар сарын дугаараас уншина уу.