Өнгөрсөн ням гаригт Европын холбооны 27 орны тэргүүлэгчид евро бүсийн өрийн хямралтай хэрхэн тэмцэх талаар хэлэлцлээ. Евро бүсийн хоёр том эдийн засаг болох Герман, Франц нь Европын тогтворжуулах сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Хэлэлцээр тодорхой үр дүнд хүрээгүй учир Европын холбооны удирдагчид хямралаас гарах асуудлаар дээд хэмжээний цуврал уулзалт хийхээр тохиролцжээ. Тус холбоо түүхэндээ анх удаа ийнхүү дөрвөн өдрөөр чуулах гэж байна. Ням гаригийн орой зохион байгуулагдсан хоёр дахь цуврал уулзалтаар Европын холбооны 17 улсын удирдагчид евро бүсийн орнуудын өрийн хямралтай хэрхэн тэмцэх, түүний дотор Европын тогтворжуулах санг өргөжүүлэх болон санхүүгийн хяналтыг зохион байгуулах төлөвийн талаар хэлэлцжээ.
Грект санхүүгийн тусламж үзүүлэх хоёр дахь хөтөлбөрийг батлах чухал асуудал энэхүү уулзалтын төлөвлөгөөнд багтаагүй байна. Уг асуудлаар энэ сарын 26-нд тусгайлан зөвлөлдөхөөр тогтжээ. Мөн цуврал уулзалтын хүрээнд Европт бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах асуудлаас гадна гадаад улс төр болон Ливийн байдлыг авч үзэх юм. Өрийн хямралыг арилгахад шаардагдаж буй найман тэрбум еврогоос 5,8 тэрбумыг Евро бүсийн орнууд, үлдсэн 2,2 тэрбумыг Олон Улсын валютын сан гаргах ёстой ажээ.
Э.Од