АНУ-ын нүүрсний салбарын тэргүүлэх компани Пибоди, Энэтхэгийн “Арселор Миттал”-тай хамтран Австралийн коксжих нүүрс олборлогч “Macarthur Coal” компанийг бүхэлд нь 5.1 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавиад байна. Хоёр компанийн нэгдэл өчигдөр Австралийн нүүрсний томоохон компани Macarthur-ын 59.85 хувийг эзэмшилдээ авахаар болсон байна.
Хэдийгээр нүүрсний зах зээл судлаачид коксжих нүүрсний үнэ энэ оны сүүлээр 240 ам.долларт хүрч бууна гэж үзэж буй ч Пибоди-гийн хувьд эзэмшлээ зузаатгах нь нэн чухал байгаа бололтой. Macarthur-ын хувьд энэ оны тавдугаар сард нийтдээ 2.26 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээ мэдээлжээ. Энэ нь эдийн засгийн үр ашигтай нөөц юм.
Австралийн Засгийн газар 2012 оны сүүлээс эхлэн хүлэмжийн хийн ялгаруулалтын татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх гэж буй нь тус улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх нь тодорхой юм. Австралид ирэх оноос эхлэн хүлэмжийн хийн ялгаруулалтын тонн тутмаас 25 долларын хураамж авах хууль хэрэгжих гэж байна. Үүний зэрэгцээ нүүрсний компаниудад хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулсных нь төлөө олгох урамшууллын сан дахь мөнгөний хэмжээ 1.3 тэрбум ам.доллар байгаа нь салбарынханд ихээхэн чамлалттай санагдаж буй юм.
Ийм нөхцөлд “Macarthur Coal” компанийн ТУЗөвлөл Пибоди, Арселор Митталын нэгдэлд компаниа бүтнээр нь зарах магадлал тун өндөр байна. Харин Пибоди-гийн хувьд нөөцөө өргөтгөх нь илүү чухал юм.
Энэ жилийн эхээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 330 ам.доллар болсон ч одоо 285 ам.доллар болж буураад буй юм.
Б.Төгс