Кени улс дотоодын валютын ханшаа тогтвортой байлгахын тулд нөөц мөнгөнийхөө зарим хэсгийг юаньд шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Тус улсаас гадна Нигери өнгөрсөн сарын эхээр Африк тивд анх удаа долларынхаа нөөцийн 10 хувийг юаньд шилжүүлсэн юм. Нигери улсын Төв банкны тэргүүн Ламидо Сануси “АНУ-ын зээлийн рейтинг унаж, төсвийн хомсдол их байгаа нь манай улсыг валютын нөөцөө олон төрөлтэй болгохыг шаардаж байна. Тиймээс ”Хятадад юаниар нефть худалдах боломжийг авч үзэж байна” хэмээн мэдэгдэж байв. Тус улсын долларын нөөц нь Африк тивийн улсуудаас хамгийн өндөр буюу 33 тэрбум ам.доллар юм.
Хөгжиж буй зах зээлтэй БРИКС-ийн орнуудын нэг болох Өмнөд Африкийн “Стандарт банк”-ны таамаг ортой болох нь эхнээсээ ийнхүү батлагдаж байна. ӨАБНУ, Нигери, Кени улсуудын дараа Гана, Ангол улсууд юаниар тооцоо хийх болно гэж тус банкны шинжээчид онцлон тэмдэглэж байгаа юм. 2015 он гэхэд Африкийн худалдааны тооцооны 40 хувь нь юаньд шилжих аж. Ази тивийн зарим нэг улсууд ам.долларын эзлэх жинг багасгахын тулд валютын сагсаа юаниар дүүргэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр Тайландын төв банк долоон тэрбум юань худалдаж авсан бол Филиппин улс худалдаж авахад бэлэн гэдгээ зарлаад байгаа. Наньниньд болж өнгөрсөн Хятад, АСЕАН-ы уулзалтын дүнгээс харахад тооцоондоо юанийг хэрэглэх шийдвэр гаргах цаг тун ойрхон байгаа бололтой. Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн тодорхой бус байдлаас болж санхүүгийн шинэ хямралын эрсдэл өсч байгаа нь АСЕАН-ы орнуудыг ийм шийдвэрт хүргэж болзошгүй юм. Ам.доллар, иен, еврогийн ханш эрс хэлбэлзэж эхэлсэн сүүлийн гурван жилийн хугацаанд Индонез, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Аргентин, Белaрус, Исланд улсууд Хятад улстай валютын солилцооны гэрээ байгуулсан билээ.
Э.Од