Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Их хорь”-ийн тэргүүлэгчид зөвшилцөж чадлаа

Европын холбооны 27 орны тэргүүлэгчид Евро бүсийн өрийн асуудлыг шийдвэрлэхээр түүхэнд анх удаа цуврал уулзалтууд хийсэн билээ. Энэхүү уулзалтууд өнөөдөр өндөрлөлөө. Сүүлийн уулзалтаараа тэргүүлэгчид шөнөжин хуралдаж байж тодорхой үр дүнд хүрч чадсан юм. Юуны өмнө Грекийн өрийн 50 хувийг цайруулж, Европын холбоо болон ОУВС-аас 100 тэрбум хүртэлх еврогийн санхүүгийн дэмжлэг авахаар зөвшилцөлд хүрлээ.
Грек нь өнгөрсөн оны тавдугаар сард 110 тэрбум еврогийн анхны багц зээлийн тусламжийг авч байсан юм. Энэхүү зээлийн тусламжтайгаар 2012 он гэхэд Грек улс санхүүгийн хувьд бие даах байдалд хүрч чадна хэмээн тухайн үед мэргэжилтнүүд тооцоолж байжээ. Гэвч дан ганц санхүүгийн тусламжаар зогсохгүй дахин хямрахгүй байх “дархлаа”-г мөн хийх хэрэгтэйг  энэ байдал харуулж байгаа юм.

Тиймээс энэ удаад евро бүсийн банкны салбарт нэмэлт санхүүжилт хийхээр Европын Холбооны тэргүүлэгчид санал нэгджээ. Үүний тулд нийт 106.447 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатайг банкуудын энэ оны эхний улиралын тайланд тулгуурлан урьдчлан тооцоолоод буй. Европын банкуудын хяналтын агентлагаас хийсэн тооцоогоор Грект 30, Испанид 26.2, Италид 14.8, Францад 8.8, Германд 5.6 тэрбум евро эдгээр орнуудын банкуудад тус тус шаардагдаж байгаа ажээ. Харин Европын санхүүгийн тогтворжуулалтын дүрмийн санг 1.38 их наяд еврогийн хэмжээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Евро бүсийн тэргүүлэгчид Грекийн өрийг шийдвэрлэх багц зээлийг олгох, Европын санхүүгийн тогтворжуулалтын дүрмийн санг нэмэгдүүлэх  болон Евро бүсийн банкуудын нэмэлт хөрөнгө оруулалт болох үндсэн гурван асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдсэн ч албан ёсоор хараахан батлаагүй билээ. Гэсэн ч нааштай шийдвэр гарсантай холбогдуулан олон улсын хөрөнгийн зах дээр үнэт цаасууд өсөх хандлагатай болов. Ямартай ч ирэх сард болох “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Европын холбоо өөрийн байр суурийг  тодорхойлж чадлаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.


Э.Од