MICC компаниас Монголын хөрөнгө оруулагчдад зориулсан ээлжит төслийн танилцуулгаа өчигдөр хийлээ. Энэ удаад Торонтогийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Эрдэнэ Ресурсес Девелопмент” /TSE:ERD/ компанийн нэмэлт хувьцааг гаргаж байгаа талаараа “Эрдэнэ Ресурсес Девелопмент” компанитай хамтран танилцуулсан юм. Энэ арга хэмжээнд “Эрдэнэ Ресурсес Девелопмент” компанийн Азийн үйл ажиллагааг эрхэлсэн Дэд захирал Крис Коуан ирж компанийнхаа нэмж гаргаж байгаа хувьцаа болон компанийнхаа төслүүдийн талаар Монголын хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн.
“Эрдэнэ Ресурсес Девелопмент” нийт 2 сая ам.долларын хувьцаа нэмж гаргаж байгаа бөгөөд энэхүү мөнгийг Цэнхэр Номин талбайнхаа Алтан Нар хэсэгт хайгуул хийхэд зориулах юм байна. Нэмж гаргаж байгаа хувьцааны үнэ нь гэрээнд гарын үсэг зурах өдөр буюу арваннэгдүгээр сарын 10 хүртэлх 10 өдрийн хаалтын үнийн дунджаас 9,3 хувийн хөнгөлөлттэй аж.
“Эрдэнэ Ресурсес Девелопмент” компани нь АНУ, Канад, Монголд үйл ажиллагаа явуулдаг. АНУ-д барилгын шаврын орд ашигладаг бол Канадын Нова Скотиад байрлах далайн доорх Донкин нүүрсний ордыг Xstrata компанитай хамтран эзэмшдэг. Донкин нь NI 43-101 стандартын дагуу 227 сая тонн боломжит нөөцтэй бөгөөд Xstrata 75 хувийг, Эрдэнэ Ресурсес 25 хувийг эзэмшдэг байна. Харин Монголд хэд хэдэн томоохон орд илрүүлээд байгаа юм. Баянхонгор аймгийн нутагт Зуунмод зэс, молибденийн ордыг дангаар эзэмшдэг бол Xstrata-тай хамтран хэд хэдэн нүүрсний төслийг хэрэгжүүлж байна. 1994 онд Монголд анх хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд анхны гадаад хөрөнгө оруулагчдын нэг нь “Эрдэнэ Ресурсес Девелопмент” юм. Зуунмод орд нь Ази дахь молибденийн томоохон ордуудын нэгд тооцогдож байгаа бөгөөд NI 43-101 стандартын дагуу 1,4 сая тонн баттай болон боломжит зэсийн нөөцтэй. Мөн Зуунмодын ойролцоо Хувын хар гэдэг зэс болон мөнгөний ихээхэн нөөцтэй илрэлийг илрүүлж, нэмэлт хайгуул хийж байгаа юм байна.