Лондоны Бизнес төвийн мэдээлж байгаагаар Канад улс ашигт малтмалын хайгуул хийхэд хамгийн ашигтай газар хэвээр үлджээ. Өнгөрсөн жил Канадад хийгдсэн хайгуулын ажлын нийт зардал 1,8 тэрбум ам.доллар болсон байна. Энэ үзүүлэлтийг 2008 оны тооцоотой харьцуулахад 50 хувиар буурсан хэдий ч нийт улс орнуудад хайгуулын ажил багассан учир Канад байр сууриа ийнхүү хадгалж чаджээ. Аз болоход уул уурхайн хөрөнгө оруулалт харьцангуй бага хувиар буурсан гэж канадчууд мэдэгдсэн.
Өнгөрсөн жил Торонтогийн хөрөнгийн бирж уул уурхайн ажлын санхүүжилтээрээ рекорд тогтоосон юм. Дэлхийн зах зээлд ихэнх түүхий эдийн үнэ эргэн сэргэсэнтэй холбоотойгоор санхүүжилт нь харьцангуй өндөр байж чаджээ. Үүний үр дүнд Канадын нутаг дэвсгэр дэх геологи хайгуулын ажил бүхэлдээ, ялангуяа алт, ураны хайгуул сэргэж эхэлж байна.