Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөндлөнгийн шүүлтүүр бий болсонд таатай байна

 

 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
Монголын уул уурхайн хамгийн том гэж нэрлэж болох сэтгүүлээс уул уурхайн шилдэг компани шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулж буй нь сайшаалтай юм. Монгол улсын эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхний жилийн ажлын амжилтыг үнэлж дүгнэдэг, шударгаар шалгаруулдаг хөндлөнгийн шүүлтүүр бий болсонд таатай байна. Өнгөрсөн жилийн шалгаруулалтаас харахад шагналууд эзнээ олсон юм шиг санагдсан. Уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа Mongolian mining journal-ийн цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

“Багануур” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Базар
Mining Journal Awards шалгаруулалт нь шударга, эзнээ олсон шагнал гардуулдаг. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа уул уурхайн компаниудад урамшуулал, идвэхжүүлэлт болсон арга хэмжээ гэж үзэж байгаа. Мөн шагнал авсан компаниудын нэр хүндийг өсгөсөн, шагналт өрсөлдсөн компаниудад улам сайн ажиллах эрч хүчийг өгсөн шалгаруулалт гэж боддог.
    Манай компанийн хувьд  Mining Journal Awards анхны зохион байгуулсан шалгаруулалтаас “ЭКО уурхай” шагнал авсан нь биднийг цаашид байгаль орчин руу чиглэсэн ажлаа улам нэмэгдүүлж, бусад уурхайд жишиг байдлаар ажиллах урам зоригийг өгсөн.

 

 

УИХ-ын гишүүн З.Алтай
Mongolian mining journal сэтгүүлээс зохион явуулдаг шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцож байсан хүний хувьд үнэлж үздэгээ хэлье. Энэхүү шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан нь харагдаж байсан. Шалгаруулалтад оролцсон компаниудыг сайн судалж, тухайн жилийн хийсэн ажлыг нь нягтлан судалсан нь тодорхой мэдрэгдсэн. Нийгмийн хариуцлагаа хүлээж, байгаль орчинд анхаарлаа хандуулж, зөв горимоор ажилладаг компаниудад урам өгч, цаашид илүү сайн ажиллах үүргийг өгсөн зөв арга хэмжээ юм. Энэ арга хэмжээгээ цаашид илүү өргөн хүрээтэй хийж, олон нийтэд таниулахыг хүсье.