Энэтхэгийн төмрийн хүдрийн экспорт 2011 оны байдлаар 30 хувиар буурах тухай тус улсын “Sesa Goa” компани өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ. 2010 онд Энэтхэг улс 100 сая тонн төмрийн хүдэр экспортолж байсан бол энэ жилийн байдлаар 60-70 сая тонн бүтээдэхүүн гадаад зах зээлд гаргах төлөвтэй байгаа ажээ. Экспортын хэмжээ ийнхүү буурсан нь Энэтхэгийн зарим бүс нутагт, тухайлбал тус улсын баруун өмнөд муж Карнатакад төмрийн хүдрийн экспортыг 2010 оны долдугаар сард хориглосонтой холбоотой юм байна. Энэ оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд Энэтхэг улсын хэмжээнд төмрийн хүдрийн экспортоо 25 хувиар бууруулжээ. Төмрийн хүдрийн экспортын гол нутаг болох баруун муж Гоа-гийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн жил 54 сая тонн байсан бол энэ жил 45-50 сая тонн болж буурч магадгүй байгааг “Sesa Goa” компанийн Ерөнхий захирал П.К.Мүкэржээ хэлжээ.
Гоа мужийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд төмрийн хүдрийн экспорт 6.15 хувиар бууруулж, 19.76 сая тоннд хүргэжээ.
Энэтхэгийн Засгийн газар гангийн салбараа дэмжих бодлого баримталж буй учир өнгөрсөн нэгдүгээр сард төмрийн хүдрийн экспортын татварыг 30 хувиар нэмэгдүүлсний зэрэгцээ бүтээгдэхүүний тээврийн тарифыг 50 хувиар нэмжээ.
Төмрийн хүдрийн олборлолтын хэмжээгээр Энэтхэг нь дэлхийд дөрөвдүгээрт тооцогддог. 2010 оны байдлаар Энэтхэг нь 231.5 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Харин Австрали 433 сая тонны олборлолтоор эхэнд, 398 сая тонн олборлолтоороо Бразил хоёрдугаарт, 359 сая тонны олборлолтоор Хятад гуравдугаарт бичигджээ. Австрали, Бразил олборлосон төмрийн хүдрийнхээ дийлэнхийг экспортолдог. Харин Хятад дотооддоо ашиглахын зэрэгцээ гаднаас бүтээгдэхүүн импортолдог. Энэтхэг улс 2010 оны байдлаар 67 сая тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд цаашид цар хүрээгээ улам өргөжүүлэх хандлагатай байна.
Б.Төгс