Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын металургийн салбарт шинэ эрин айсуй

Аж үйлдвэржилт гэдэг улс орныг хурдацтай хөгжүүлэх хамгийн том түлхэц билээ. Уул уурхайн баялгийнхаа өгөөжийг хүртэж эхлээд буй энэ үед металлургийн салбар Монгол улсын эдийн засагт томоохон байр суурьтай байх боломжтой. Тийм ч учраас “Metals Mongolia 2011”  олон улсын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдсан юм. Монгол улс эрдэс баялгийн төрөл хийгээд нөөцөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан улс. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүндээ түшиглэн аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг чиглүүлэх цаг ирж байна.

Чуулга уулзалтад Казахстаны “Тау-Кен Самрук”, Японы “Кобе стийл”, Өмнөд Солонгосын “Поско”, Австралийн “Экстрата технологи”, ОХУ-ын “Плазмотех” болон Финландын “Оутотек Оюуж” зэрэг дэлхийн металлургийн салбарт нэр хүндтэй компаниудын төлөөлөгчид өөрсдийн орны салбарын хөгжил болоод компанийнхаа үйл ажиллагаа, ашиглаж буй технологийг танилцуулсан юм. 

Монгол улсын уул уурхайн салбар, тэр дундаа металлургийн чиглэлээр урдаа барих эрдэмтэн, мэргэжилтнүүдэд эдгээр илтгэл тун ч сонирхолтой байгаа нь анзаарагдаж байв. Харин гадны төлөөлөгчдийн анхаарлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн танилцуулга ихэд татсан юм. Чуулганы завсарлагаанаар тэд үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлж амжсан. Өнгөрсөн хугацаанд “зогсонги” байдалд байсан металлургийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдсэн энэ үед “Metals Mongolia 2011” тун ч цагаа олсон арга хэмжээ болсон.

“Гложекс” группын Ерөнхий захирал Л.Наранбаатар

“Урт нэртэй” хууль үйлчилж байгаа цагт алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай ярих утгагүй

Монгол улс Өмнөговьд байгаа Хотгорын газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд гайхагдах боломжтой. Хэрэв бид газрын ховор элементийг зөвхөн баяжмал хэлбэрээр экспортлоход ордын үнэлгээ 400-500 сая орчим ам.доллар болно. Хэрэв технологийг сайжруулан 25-30 хувийн агуулгатай баяжмал экспортолно гэж үзвэл үнэлгээ нь дөрөв дахин өсөх жишээтэй. Цаашлаад оксид гаргаад металлургийн цэвэршүүлэх үйлдвэр баривал ордын үнэлгээ 4 орчим тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Эндээс металлургийн аж үйлдвэр ямар их  ашигтай, онцгой шаардлагатай болох нь харагдаж байгаа юм.  
Монгол улс алтны арвин нөөцтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахдаа эхний ээлжинд 2012-2015 оны хооронд жилд 15 тонн, дараа нь үүнийгээ өргөжүүлж 2016 оноос 40 тонн цэвэршүүлсэн алт гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулбал тохиромжтой гэсэн судалгааг бид хийсэн. Байршлын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэрийг одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барина гэж байгаа ч олон улсын туршлагаас харахад олон улсын онгоцны буудалтай ойрхон байлгах нь зүйтэй юм. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж нь том биш авсаархан, эрчим хүч, ус маш бага шаардана. Олон улсын онгоцны буудалд ойрхон байснаар аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгахад тустай. Гэхдээ “Урт нэртэй” хууль үйлчилж байгаа цагт алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай ярих нь утгагүй.

Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн дэд захирал Х.Баттөгс

Дархан төмөрлөгийн үйлдвэр түүхий эдийн нөөцгүй болоод байна


Япон болон бусад гадаад орны тоног төхөөрөмжийг суурилуулсан анхны металлургийн цогцолбор үйлдвэрийг 1993 онд байгуулж байлаа. Жилдээ 100 мянган тонн төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Дархан төмөрлөгийн үйлдвэр нь Дархан, Сэлэнгийн хүдрийн ордуудад түшиглэн Монгол улсын металлургийн хэрэгцээг хангахаар төлөвлөгдөж баригдсан. Үйлдвэр жилдээ нэг сая тонн хүдэр олборлож, 650 мянга орчим тонн хуурай баяжмал гаргаж байна. Үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 75 хувь нь барилгын арматур төмөр, 20 хувь нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн бутлуурын шаарны бэлдэц, үлдсэн хувь нь өнцөг төмөр /угольник/ юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзүүлэлт 2008 онд хамгийн өндөр гарсан. 2011 онд 55 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ийм бага хэмжээтэй бүтээгдэхүүн гаргаж буйн учир нь үйлдвэрийн гол асуудал болсон түүхий эдийн нөөцгүйтэй холбоотой. Дархан төмөрлөгийн үйлдвэр нь Дархан, Сэлэнгийн бүсийн гурван ордыг эзэмшдэг. Төмөртолгойн орд нь 25 сая тонн хүдрийн нөөцтэй. Үүнээс нэг сая нь исэлдсэн хүдэр, 24 сая тонн нь хүхэртэй хүдэр юм. Одоо бид хүхэртэй хүдэр  хэсэг рүүгээ олборлоод эхэлсэн. Монгол улсын стратегийн ач холбогдолтой томоохон ордуудын нэг Төмөртэй орд нь 229 сая тонн нөөцтэй. Эдгээр ордод нарийвчилсан хайгуул хийгдсэн. Хуст уулын ордын хувьд энэ жил нарийвчилсан хайгуул хийж 12,6 сая тонн нөөцтэй болохыг тогтоосон.

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа

Банкууд томоохон төслийг санхүүжүүлэхийн тулд активыг нь зузаатгах хэрэгтэй

Монгол улсад дизелийн түлшний хэрэглээ их байдаг. 2011 онд 464 мянган тонныг хэрэглэсэн нь өмнөх оныхоос 36 хувиар өссөн үзүүлэлт юм. Дизель түлшний хувьд ОХУ-аас хараат бөгөөд голлох тээврийг автомашинаар хийдэг. Цаашид төмөр зам чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Үйлчилгээ, боловсрол зэрэг салбарт ч хөрөнгө оруулалт ихээр шаардагдана. Банкууд ийм томоохон төслийг санхүүжүүлэх ёстой. Ингэхийн тулд тэдний активыг зузаатгах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкууд долоон тэрбум ам.долларын зээл олгоод байна. Ойрын таван жилд 15 тэрбум ам.долларт хүрэх байх. Ер нь Монгол дахь төслүүдийг хэрэгжүүлэхэд 45-68 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй.


 

  • Зочин (202.126.89.177)
    энэ төмөрлөгийн үйлдвэрийн танилцуулага болон ер нь бүх мэдээлэлийг нь гаргаж өгч болхуу чухал хэрэг байна
    2012 оны 11 сарын 11 | Хариулах