Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Австрали улс нь Энэтхэг рүү уран экспортлохоос татгалзаж байсан байна. Учир нь Энэтхэг улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай 1968 оны гэрээнд нэгдээгүй цөөн улсын нэг юм. Гэхдээ Австралийн Засгийн газар цөмийн эрчим хүчний салбарт стратегийн шинэ хамтрагчтай болох боломжийг эргэж харахаар шийдсэн бололтой. Тус улсын Ерөнхий сайд Жулия Гиллард олон арван жил барьж байсан “уламжлалт” бодлогоо өөрчлөх саналыг өнгөрсөн сарын дундуур оруулсан бөгөөд өчигдөр тус улсын засгийн эрхийг барьж буй Хөдөлмөрийн намынхны хуралд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар уг санал дэмжигджээ.
Гиллард уг саналаа “Бид харилцан ашигтай сайн харилцааг хөгжүүлж чадах бүс нутагтаа, тухайлбал дэлхийн хамгийн том ардчилсан гүрэн Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэх ёстой” гэж зөвтгөжээ.
Одоогоор дэлхий дээр судалж илрүүлээд буй нийт ураны нөөцийн 40 хувь нь тус улсын нутаг дэвсгэрт оршдог ч тус улс нэг ч цөмийн реакторын байгууламжгүй улс юм. Тус улс цөмийн салбарт маш хатуу бодлого баримталдаг нь тодорхой байна.
Австралийн хувьд дөрвөн том ураны ордыг ашиглаж буй юм. Үүнд BHP Billiton-ы хэрэгжүүлж буй Олимпик Дам, Energy Resources Australia-гийн Ranger, General Atomics-ын хэрэгжүүлж буй Beverly, Мицүй болон Uranium One хамтарсан компанийн Honeymoon зэрэг томоохон ордууд орно.
Эдгээрийн дотроос BHP-ийн олборлолт явуулж буй Олимпик Дам орд нь дэлхийд хамгийн томд тооцогдох зэс, ураны орд бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард уг төслийг өргөжүүлэх хүсэлт тавьсан BHP-ийн саналыг дэмжээд байгаа юм. Төслийг өргөтгөснөөр одоогоор тус ордоос жилдээ 4500 тонн ураны оксид олборлож байгаа нь 19 мянган тонн болж нэмэгдэх юм.
Тус улсын гол зах зээл нь Хятад, Япон, Тайвань, Америк зэрэг улс юм. Удахгүй энэ жагсаалтад Энэтхэг нэмэгдэх нь тодорхой болоод байна.
Хэдийгээр Австралийн Ногоон нам энэхүү шийдвэрийг Азийн бүс нутаг дахь цөмийн байр сууриараа өрсөлдөх улс орнуудын тэмцлийг өөхшүүлэхийн сацуу тус улсыг илүү аюултай нөхцөл байдал руу түлхэж байна хэмээн эсэргүүцэж байсан ч, Гиллард “зөвхөн энхийн” хүрээнд экспортын бүтээгдэхүүн ашиглагдах болно гэсэн тайлбар өгсөн юм.
Энэтхэг улсад одоогоор цөмийн эрчим хүчний 20 реактор ажиллаж байна. Эдгээр реактор нь нийтдээ 4780 МВт-ын хүчин чадалтай ажээ. Тус улс ойрын 20 жилийн хугацаанд нэмж 30 реактор байгуулахаар зорьж буй бөгөөд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 63 мянган МВт-д хүргэх ажээ.
Б.Төгсбилэгт