Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхайн үндэсний чадавхийг сайжруулах гол зорилготой

Mining Journal Awards-ийн шүүгчид ярьж байна


Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Шархүү:

Монголд уул уурхайн хөгжил эрчимжиж байгаа энэ үед Mongolian Mining Journal сэтүүл уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон шалгуур үзүүлэлтээр шалган дүгнэж, шалгаруулж байгаа нь сайшаалтай юм. Компаниудыг явуулж буй үйл ажиллагааны төрлөөр нь хувааж, шалгуур үзүүлэлт гарган, мэргэжлийн шүүгчдээр дүгнүүлэхээс гадна мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулан олон нийтийн саналыг авч, энэ шалгаруулалтыг хийж байгаа нь өөрөө их онцлог зүйл. Олон нийтэд уул уурхайн салбарын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, энэ салбарт хэн нь шилдэг үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох чухал арга хэмжээ гэж би ач холбогдлыг нь үнэлж байгаа. Компаниуд ч шалгаруулалтад идэвхтэй оролцож байна. Тухайн компанидаа ч гэсэн  энэ арга хэмжээнд оролцсоноороо үйл ажиллагаагаа нийгэмд зөвөөр таниулах сайн талтай юм.

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа:


Салбарын ололт амжилт, бас болж бүтэхгүй байгаа зүйлийг олон нийтэд таниулж, хүртээх утгаараа хэрэгтэй үйл ажиллагаа гэж харж байна. Шалгаруулалтад оролцож байгаа компаниудын хувьд  гадаад дотоодын хөрөнгө оруулалттай том жижиг байгууллагууд, мөн хайгуул олборлолтоос гадна үйлчилгээ үзүүлдэг гээд их олон чиглэлээр оролцож байна. Үндэсний онцлогтой, монгол инженерүүд оролцсон, монгол хөрөнгө оруулагч дангаараа оролцсон байдлыг нь илүү анхаарах хандлага барилаа. Цаашдаа энэхүү арга хэмжээний шалгаруулалт ил тод, шударга явагддагийг олон нийтэд харуулах талаар хийх ажил их байна.  

Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал Б.Энхбаатар:

Уул уурхай өндөр хөгжсөн дэлхийн бүх л оронд уул уурхайн сэтгүүлүүд нь яг л ийм зарчмаар салбарын шилдгүүдээ шалгаруулдаг жишиг тогтсон байдаг. Үүний дагуу Mongolian Mining Journal сэтгүүл ийм шалгаруулалтыг санаачлан, зохион байгуулж байгаа нь их утга учиртай зүйл юм. Яагаад гэхээр өнөөдөр уул уурхайн салбарыг хүн бүхэн мэддэг юм шиг мөртлөө бас мэддэггүй ч юм шиг. Уул уурхайн салбар маань хэр хариуцлагатай явж байгаа юм, батлагдсан зураг төслөөрөө яг ажлаа явуулж байна уу, үгүй юү гэдгийг энэ шалгаруулалтаар үнэн зөвөөр тодорхойлж гаргаж ирнэ.  Тэр утгаараа уурхайнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх талдаа цаашдаа маш их үр ашигтай үйл ажиллагаа гэж бодож байгаа. “Шилдэг уурхай” гэсэн номинацийг жишээ аван ярихад уурхай нь маш олон зүй тогтол, процессын дараалал байдаг. Энэ дараалал нь батлагдсан зураг төсөл буюу ТЭЗҮ-гийн дагуу явагддаг. Анх батлагдсан зургаа хэр зөв барьж, зургийнхаа дагуу хэр баталгаатай явж байна гэдэг үндэслэлээр “Шилдэг уурхай”-г шалгаруулж байна. Өөрөөр хэлбэл барилгаар яривал архитекторын зураг гаргачихаад явцад нь өөрчлөөд солиод байвал тухайн барилга юу болох билээ? Уурхай ч мөн адил. Тэгэхээр ийм үндэслэлээр шилдэг уурхайг шалгаруулж байгаа нь маш зөв гэж үнэлж байгаа.   

ШУТИС-ийн доктор, профессор Д.Дондов:

Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл өргөн цар хүрээтэй хөгжиж байгаа энэ цаг үед “Mongolian Mining Journal”  сэтгүүл уул уурхайн шилдэг компаниудыг 5 нэрлэмжээр шалгаруулж байгаа нь маш чухал ач холбогдолтой зүйл гэж үзэж байгаа. Энэ жилийн шалгаруулалтад 30 гаруй компани материалаа ирүүлсэн. Шалгаруулалтад ирсэн материалуудыг дүгнэж үзэхэд компаниуд үнэхээр өргөн цар хүрээтэй ажил хийсэн нь харагдаж байна. Үйлдвэрлэлийн цар хүрээ, экологийн асуудал, шинэ технологи нэвтрүүлж буй байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд асар их ажил хийсэн компаниуд материалаа ирүүлжээ. Шалгаруулалтад оролцсон компаниудыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд шалгарууллаа. Шалгаруулах явцад их олон компани өндөр үзүүлэлтүүдээрээ ойролцоо байсан учраас нэлээд нарийн судалж үзэх шаардлагатай байсан. Энэхүү шалгаруулалтын хамгийн гол утга нь Монгол улсын уул уурхайн тэргүүлэх компани, шинэ технологи нэвтрүүлж буй компаниуд, нийгмийн өмнө хариуцлага хүлээж буй компаниудыг тодруулах явдал юм.
Үйлдвэрлэлийн цар хүрээгээр том том компаниуд тэргүүн байранд шалгарчих магадлал өндөр байна. Гэхдээ тухайн жилд технологи, экологийн ямар шийдлийг бие дааж хийв гэдэг асуудал маш чухал. Тэр дундаа монгол мэргэжилтнүүд, үндэсний компаниуд хэр их оролцов гэдгийг нэгдүгээрт анхаарах хандлагатай байлаа. Тухайлбал, энэ жил “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайд нүүрсийг хатаах боловсруулах технологи нэвтрүүлсэн “Таванталст” компани “Шилдэг технологи” номинацид шалгарсан. Энэ бол дан монгол инженерүүдтэй үндэсний компани. Компанийн хувьд “Эрдэнэт”, “Багануур”-тай харьцуулахад үйлдвэрлэлийн бүтээмжээрээ нэлээд бага хүчин чадалтай байгууллага шүү дээ. Цаашдаа ийм компаниуд “Mining Journal Awards”-ын шалгаруулалтад олноор өрсөлдөөсэй гэж бодож байгаа. Тухайлбал, “Пибоди Винсвэй” хэдийгээр жаахан газарт нөхөн сэргээлт хийсэн боловч Монголд ийм стандарт байж болох юм гэдгийг үлгэр жишээ харуулж чадсан. Том том уурхайнууд экологийн асуудлаа шийдэхдээ ямар шинэ стандартыг нэвтрүүлж байгаагаа онцлон ирүүлж байгаасай. Шүүгчээр ажилласны хувьд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх уурхай, үйлдвэр энэхүү шалгаруулалтад идэвхтэй оролцож, материалаа ирүүлж байх нь чухал юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү:

Уул уурхайн шилдэг компаниудыг шалгаруулж буй энэхүү арга хэмжээний онцлог нь үндэсний уул уурхайн салбарын мэргэжлийн чадвар яаж бүрдэж байна вэ гэдэгт илүү анхаарч байна. Энэ жил шүүгчдийн хувьд, ялангуяа хайгуул, технологи, экологийн чиглэлээр оролцож буй компанийн ажлуудад манай боловсон хүчнүүд хэр их оролцсон байна, гадны бэлэн технологийг шууд ашиглаж уу, эсвэл тэрхүү технологийг эх орны нөхцөлд тохируулахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажил хийсэн байна уу гэдгийг харж шүүсэн. Ийм учраас “Mongolian Mining Journal” сэтгүүлийн шалгаруулалт их ач холбогдолтой. Цаашдаа уул уурхайн үйлчилгээний бүх чиглэлээр үндэсний чадавхийг улам бүр сайжруулах гол зорилготой гэж үзэж байна.
Бид цаашдаа үзүүлэлтээ улам нарийсгах шаардлагатай байна. Салбарын хүрээнд нарийн, дагнасан үйлчилгээ хүргэдэг сайн компаниуд бий болсон байна. Жишээлбэл, өрөмдлөгийн компани эсвэл хайгуулын мэдээ материалыг боловсруулдаг компанийг энд дурдаж болно. Мөн технологийн талын инженерингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болж эхэлж байна. Бид том том уурхайн ажлыг дүгнэчихээд, эдгээр компанийн ажлыг дүгнэж чадахгүй байна. Иймээс энэхүү арга хэмжээний цар хүрээ, зар сурталчилгааг өргөжүүлж, нөгөөтэйгүүр шалгуур үзүүлэлтээ их ойлгомжтой болгож, оролцож буй компаниудыг хооронд нь шударга бөгөөд улс орны хөгжилд үзүүлж буй үр нөлөөг тодруулах  гүн утгаар нь шалгаруулах тийм хэмжээнд хүрэх хэрэгтэй байна.


“Ил тод” сан ТББ-ын зохицуулагч Д.Цэрэнжав:

Би энэхүү арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийг төлөөлж ажилласан. Шалгаруулалтыг маш  нарийн мэргэжлийн салбарын ангиллуудаар хийсэн. Би уул уурхайн салбарт мэргэжлийн бус хүн учраас нийгмийн хариуцлагын чиглэлээр ажилласан компаниудыг шалгаруулахад нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Монгол улсын эдийн засаг, нийгэмд улам бүр үүрэг рольтой болж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх, олон нийт ямар байр суурьтай байгааг харуулах нь цаг үеийн шаардлагаар зайлшгүй бий болсон асуудал гэж харж байна. Миний ажиллаж буй “Ил тод сан” ТББ 2007 оноос компаниудыг ил тод байдлаар нь шалгаруулж рейтингийг тодорхойлох санаачилга гарган ажиллаж эхэлсэн. Татвар, төлбөр хураамж, тусламж хандивын санаачилгаар нь компаниудын мэдээллийг нийтэд танилцуулах ажил хэрэгжүүлдэг “Олон улсын ил тод байдлын санаачилга” манай улсад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжиж байгааг хүмүүс мэдэх байх. Үүний зэрэгцээ энэхүү арга хэмжээгээр уул уурхайн компаниудыг тодорхой үзүүлэлтээр шалгаруулж буй нь чухал ач холбогдолтой юм. Эцсийн дүндээ энэ нь улс орны хөгжил, хүмүүсийн амьдралд оруулах хувь нэмрийг ихэсгэх ач холбогдолтой гэж бодож байна. Энэ шалгаруулалтын хүрээнд харж байхад уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа илэрхийлэх нь ихэсч, энэхүү хандлага нь тогтсон уламжлал болж, их өөрчлөлт гарч буй гэдэг нь харагдаж байна.