Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад хөрөнгө оруулах чиглэлээр ажилладаг “Ориго Партнерс” компани дэлхийн түүхий эдийн худалдааны хамгийн том байгууллагын нэг “Trafigura”-тай хамтрахаар болсноо өнгөрсөн сарын 7-нд мэдээлэв. Хоёр компани 50:50 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулж буй бөгөөд Монголын өмнөд хэсгээс гадна хойд таван аймагт нүүрс, төмрийн хүдрийн төслүүдэд 5-30 сая ам.долларын хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлэх ажээ. Түүнчлэн ложистик, худалдааны компанид хөрөнгө оруулах юм байна. Энэ хүрээнд хамтарсан компани нь Монголын баялгийг Хятад руу экспортлоход хөрөнгө оруулж ажиллахын зэрэгцээ Оросын зах зээл рүү нийлүүлэх боломжийг ч судлах юм байна. Үүнээс гадна тус нэгдэл Орос, Казахстаны төсөлд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. “Тrafigura компанийн Орос, Хамтын нөхөрлөлийн орнуудын бүс нутгийг хариуцсан захирал Михайл Зелдович Тавантолгойн Зүүн Цанхийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байгаагаа мөн үеэр мэдэгджээ.