Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын зэсийн орлого 30 хувиар өсчээ

Манай улсын зэсийн баяжмалын үнэ өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын хугацаанд дунджаар 1710 ам.доллар/тонн байжээ.

Одоогоор манай улсын зэсийн баяжмал үйлдвэрлэгч “Эрдэнэт үйлдвэр” 23 хувийн агууламжтай баяжмал Хятад руу экспортолж байгаа юм.

Үндэсний статистикийн гаргасан мэдээллээр, өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын байдлаар манай улс нийтдээ 524.9 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.

Зэсийн экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад жингийн хувьд бараг адил байгаа ч, үнэлгээний хувьд бараг 30 хувиар өсчээ.

Манай улс 2010 оны эхний арваннэгэн сарын байдлаар 689 сая ам.долларын орлого, өнгөрсөн оны мөн үеийн байдлаар 899.5 сая ам.долларын орлогыг зэсийн экспортоос олжээ.

Гэхдээ зэсийн баяжмалын үнэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг болох зэс хайлуулах, цэвэршүүлэх зардал өсөөд байна. Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдтэй BHP компани зэс хайлуулах, цэвэршүүлэх зардлыг энэ онд 60 ам.доллар/тонн байхаар тохиролцжээ.

Энэ нь өнгөрсөн оны зэсийн баяжмалын тонн тутмыг нь 56.5 ам.доллараар боловсруулж байсан үзүүлэлтээс харьцангуй өссөн үзүүлэлт юм. Мөн Индонезийн “Грасбэрг” зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Freeport  McMoRan” компани Хятадын “Jiangxi Copper” болон Японы “Pan Pacific Copper зэрэг компанийн зэс хайлуулах үйлдвэртэй зэс хайлуулах, цэвэршүүлэх зардлыг энэ онд 63.5 ам.доллар/тонн-оор тохиролцсон байна.

Ийнхүү зэсийн баяжмал үйлдвэрлэгчид өнгөрсөн оныхоос илүү өндөр хураамж зэс боловсруулагч талд төлөх болж байна.

Манай улсын “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын үнэд ч энэ нь хамаатай юм. Учир нь зэс хайлуулах, цэвэршүүлэх зардал томоохон компаниудын хоорондын хэлэлцээнд суурилдаг байна.

Зэсийн баяжмалын үнийн хувьд Лондоны металын бирж дэх цэвэр зэсийн үнэд үндэслэдгийн зэрэгцээ зэс хайлуулах, цэвэршүүлэх зардлыг бүтээгдэхүүний үнээс хасч тооцон худалддаг дүрэм үйлчилдэг.

 

Б.Төгс