Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ч.Цогтбаатар: Уул уурхайн салбарын нэр хүндийг сэргээнэ

Монгол  Улсад уул уурхайн салбар  үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээг  зохион байгуулах Төв комисс байгуулагдан ажиллаж байна. ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга, Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн ажлын гол онцлог юу байх вэ? Салбарын яам үүнд нэлээд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна?

Налайхын нүүрсний уурхай 1922 онд нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тиймээс  Монголын уул уурхайн салбарын үүслийг энэ үеэс эхэлсэн гэж үздэг. 90 жил гэдэг бага хугацаа биш. Салбар хариуцсан яамны зүгээс энэ ойд ач холбогдол өгч, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Юуны өмнө уул уурхайн салбарыг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулахыг хичээх болно. Энэ салбараас болоод л нийгэмд хамаг муу муухай зүйл бий болж байгаа юм шиг ойлголт их байдаг. Гэтэл  Монгол улсад асар их орлого оруулж байгаа салбар бол уул уурхай шүү дээ. Улсын төсөв урьд байгаагүйгээр нэмэгдлээ шүү дээ.

Мэдээж хэрэг  90 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ эргэж нэг харъя, дүгнэж цэгнэе. 1980-аад оны үед манай улсад уул уурхайн хөгжил нэлээд эрчимжсэн. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг хэд хэдэн том үйлдвэр тэр цаг үеийг тодорхойлж байлаа. Ерээд оноос хойш салбар маань үндсэндээ зогсонги байдалд орчихсон. 2000 оны дунд үе хүртэл ямар нэг үйлдвэр, уурхай ашиглалтад ороогүй. Яагаад гэвэл тухайн үед ашигт малтмалын үнэ зах зээл дээр маш доогуур байсан. Гэхдээ Бороогийн алтны үйлдвэр, Төмөртийн овооны цайрын үйлдвэрүүд ашиглалтад орсноор уул уурхайн салбарын зогсонги байдалд өөрчлөлт орсон гэж хэлж болно. Өнөөдөр томоохон төслүүд хөдөлж эхэллээ. 90 жилийн босгон дээрээс харахад зөвхөн олборлох салбар биш, түүнийг яаж боловсруулах вэ, яаж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ  гэсэн асуудал тулгарч байна. Үйлдвэржилт рүүгээ анхаарах цаг болсон байна.

Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр хэр анхаарч байна вэ?

90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ЭБЭХЯ-ны сайдын тушаал гарлаа. Комисс байгууллаа. Ойг ганцхан Эрдэс баялаг, эрчим хүчний яам зохион байгуулахгүй. Тиймээс бид Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагатай хамтарч ажиллана. Урьд нь бол яам нэг юм хийж байхад, төрийн бус байгууллагууд огт өөр юм тусдаа хийгээд явдаг байсан. Тэгвэл 90 жилийнхээ ойгоор бид хамтарч ажиллана. Бид уул уурхайн компаниудад хандаж эхэлсэн. Компаниудад ойд зориулсан төлөвлөгөө гаргаж ажиллаарай гэсэн хүсэлт тавьж байгаа.

Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комисс ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юу?

Ерөнхий төлөвлөгөө гарсан. Ер нь 90 жилийн ой ч гэхгүйгээр Монголын уурхайчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх цогц ажлууд багтсан байгаа. Тухайлбал, ирэх гуравдугаар сараас эхлэн онол-практикийн томоохон хурал, үзэсгэлэн зохион байгуулагдана. “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”,  “Монгол улс: Жоншны гүрэн”, “Уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудлууд”, “Далд уурхайн орчин үеийн технологи ба Монгол улсын хэтийн төлөв, туршлага”, “Нүүрсний экспорт:зах зээл, үнэ, чанар тээвэрлэлт” зэрэг  маш олон  хурал, семинар  төлөвлөгдсөн байгаа.

“Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэлхийн эдийн засагтай уялдуулах нь” сэдвийн дор эдийн засагчид, судлаачдыг оролцуулсан томоохон чөлөөт ярилцлага  өрнүүлнэ.  Үүнээс гадна “Mining Mongolia-90” олон улсын чуулга уулзалтыг нийтэд нээлттэйгээр зохион байгуулах юм. Энэ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг сурталчлах боломжийг нээж өгөх нь гарцаагүй.

Дашрамд хэлэхэд бид 90 жилийн ойдоо зориулж цахим хуудас нээж ажиллуулах гэж байгаа. Мөн “Уул уурхайн салбарын хууль эрх зүйн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” гэсэн том сэдвийн хүрээнд телевизүүдийн цуврал ярилцлага, “Эрдэс баялгийн салбарын нээлттэй өдөрлөг” зохионо. Эрдэс баялгийн салбарт олон жил ажилласан ахмадууд, залуу үеийнхэнтэйгээ уулзаж, ярилцахад энэ өдөрлөг чухал нөлөөтэй юм.

Оны сүүлээр буюу арванхоёрдугаар сард “Монгол улсын уул уурхай 90 жилд” сэдэвт салбарын нэгдсэн чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор явуулна. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэх явцдаа түүхээ эргэж харж байх ёстой.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal сэтгүүлийн № 001/039/  дугаараас уншина уу.