Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ энэ сарын 1-ний байдлаар 112 ам.доллар/баррель-д хүрээд байсан бол өнөөдөр 118.6 ам.доллар/баррель болж өсөөд байна.
Газрын тосны үнэ ийнхүү өссөн нь Грекийн өрийн хямралаа шийдэх хоёр дахь санхүүжилт болон АНУ-ын ажиллах хүчний тоо нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Грекийн Засгийн газар өөрийн улсын өрийн хямралыг шийдэхэд дахин 173 тэрбум долларын санхүүжилт авахаар Европын холбоо болон Олон улсын валютын сантай тохиролцжээ. Харин АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8.5-8.3 хувь болж буурсан байна.
Одоогоор дэлхийн газрын тосны хэрэглээ өдөрт 88.76 сая баррель байна. Хэдийгээр энэ жил дэлхийн газрын тосны эрэлт 89.25 сая баррель/өдөр байна гэж ОПЕК урьдчилан тооцоолж байсан ч энэхүү дүнг 120 мянган баррелиар багасгажээ. АНУ-ын хувьд өдөрт 17.6 сая баррель нефть хэрэглэж байгаа бол Европын холбоо дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 16 хувийг бүрдүүлдэг байна.
Б.Төгс