Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэж магадгүй

Орос улс ирэх сарын нэгнээс эхлэн газрын тосны экспортын татвараа 4.6 хувиар нэмэгдүүлж магадгүй байна. Оросын Сангийн яамны мэдээлж буйгаар, тус улс ирэх сараас газрын тосны экспортын татвараа 409.10-412 ам.доллар/тонн болгож магадгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ирэх сараас нэг баррель нефтьд 55.81 - 56.21 ам.долларын татвар ногдуулж магадгүй байна. Энэ сарын байдлаар тус улс нэг тонн газрын тосны экспортод 393.70 ам.долларын татвар ногдуулж буй юм.

Харин Зүүн Сибирь-Номхон далайн хоолойгоор Ази руу хүрдэг, мөн Каспийн Тэнгисийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны хувьд татварын хөнгөлөлттэй байдаг учир дээрх татвараас хоёр дахин бага буюу 202.80-205 ам.доллар/тонн болох төлөвтэй байна. Одоогоор эдгээр хэсгийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны экспортын татвар 191.20 ам.доллар/тонн байгаа юм.

Тус улсын газрын тосны нэг тонн тутам дахь экспортын татвар энэ сард 393.7 ам.доллар байсан нь өмнөх нэгдүгээр сарынхаас нь 3.8 ам.доллараар буурсан үзүүлэлт байсан юм. Харин ирэх сард газрын тосны экспортын татвар ийнхүү нэмэгдэж магадгүй байна. Экспортын татвар өсч буй нь Уралс маркийн газрын тосны үнийн өсөлттэй холбоотой ажээ. Энэ сарын 10-ны байдлаар Оросын UR1 газрын тосны үнэ 116.6 ам.доллар/баррель байсан нь нэгдүгээр сарын дунд үеийнхтэй харьцуулахад 6-7 ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Б.Төгс