Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Крант хаагдвал...

Нэг өглөө танай крантнаас дусал ч ус гарахгүй бол яах вэ? Цайгаа чанаж чадахгүй, нүүрээ ч угаахгүй, ариун цэврийн өрөөний тухайд яриад ч хэрэггүй байх. Дэлхий даяар цэвэр усны нөөц багаслаа, олон мянган хүн усны гачигдлаас болж амиа алдаж байна гэж хэвлэл мэдээллээр ярьж, бичиж бид эмзгээр хүлээн авдаг боловч усыг гамнах талаар яг юу хийдэг билээ. Зөвхөн манай оронд машин угаалгын газрууд хүн ууж болохуйц цэвэр усыг хэдэн зуун литрээр нь хэрэглээд шууд хаядаг. Бидний хэрэглэдэг 00-ын шугамаар ундны ус зүгээр урсаад алга болж байна. Ядаж машин угаалга, замын тоос шороо дарах мэтийн заавал цэвэр ус шаардахгүй хэрэгцээгээ дахин цэвэршүүлсэн усаар хангавал бид маш ихийг хэмнэнэ дээ. “Ногоон шийдэл: Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлэгт усны салбарын судлаач, мэргэжилтэн, сэтгүүлчид усны хэрэглээ, үнийн талаар саналаа хуваалцав. Хэлэлцүүлгийн эхэнд Усны газрын орлогч дарга З.Батбаяр “Борооны ус ч үнэтэй” сэдвээр илтгэл тавьсан юм.

Манай дэлхий дээр хамгийн өргөн тархсан бодис бол ус. Гэвч тэр их усны өчүүхэн хэсгийг хүн ундандаа хэрэглэж болно. Тодорхой хэлвэл дэлхий дээрх нийт усны 97.5 хувь нь давстай ус, 2.5 хувь нь цэвэр ус байдаг. Цэвэр усны нийт сангийн 68.9 хувь нь мөнх цас мөсөн гол, 30.8 хувь нь газрын доорх ус, 0.3 хувь нь гол нуур юм. Хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас дэлхийн агаар мандлын бүтцэд өөрчлөлт орж, уур амьсгалын өөрчлөлт бий болсоор байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том хохирогч бол цэвэр ус. Учир нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр цэвэр усны сангийн ихэнхийг бүрдүүлэгч мөнх цас, мөсөн гол хайлсаар байгаа.

Монгол орны хувьд нийт усны нөөцийн 82.4 хувийг нуур, 10.3 хувийг мөнх цас, мөсөн гол, 5.7 хувийг гадаргын ус, 1.96 хувийг газрын доорх ус эзэлдэг. Гэтэл хэрэглээнийхээ ихэнх хувийг хамгийн бага болох газрын доорх усаар хангадаг, нэн зохисгүй хэрэглээтэй. Манайд усны менежмент гэдэг зүйл огт байхгүй нь энэ зохисгүй хэрэглээгээр илэрнэ. Дэлхийн усны хамтын нөхөрлөлийн тодорхойлолтоор “Усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг нь нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, хүний амьдралын сайн сайхныг дээд зэргээр хангах зорилгод усны нөөц баялгийг хамгийн зохистойгоор, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах нэгдсэн зохицуулалт хийх үйл явц юм” гэжээ.

Манайд уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлсэн энэ цаг үед усны менежментийг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй болоод байгаа юм. Одоогийн байдлаар Монголын нийт усны хэрэглээний  30.4 хувийг усалгаатай газар тариалан, 23.7 хувийг мал аж ахуй, 17.8 хувийг унд ахуй, 10.3 хувийг эрчим хүч, 12.8 хувийг уул уурхайд, үлдсэн хувийг аялал жуулчлал, барилга, хүнд хөнгөн үйлдвэр гэх мэт салбар эзэлж байна. Энэ үзүүлэлтээс харахад нийт ус хэрэглээний 54 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө хэр байгаа билээ гэдэг асуудал анхаарал татна. Уул уурхайн салбар усыг ариг гамгүй хэрэглэж байгааг ихээр шүүмжилдэг боловч энэ салбараас эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг бас бодолцох нь зүй. Эдийн засгийн хувьд үр ашгаа өгөх учир уул уурхайд усыг зарцуулах нь гарцаагүй. Ашиглахдаа харин зохистой, усыг аль болох хэмнэдэг, сайн технологи нэвтрүүлэх ёстой. Ер нь усны зөв менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.  

Ус ямар үнэтэй вэ?
Монголд ус бараг үнэгүй гэж хэлж болно. Орон сууцанд амьдардаг айлуудын төлдөг мөнгө нь хэрэглэсэн усны төлбөр биш ердөө хүргэлтийн төлбөр байдаг аж. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар иргэдэд ашиглуулсан усныхаа зөвхөн хүргэлтийн төлбөрийг авдаг учир үргэлж алдагдалтай ажилладаг. Орон сууцанд амьдардаг усны тоолууртай айлууд 1000 литр усыг 286 төгрөг 136 мөнгөөр авдаг бол тоолуургүй айлууд энэ хэмжээний усыг 417 төгрөг 27 мөнгөөр хэрэглэдэг. Харин гэр хорооллын айлууд 1000 литр усыг 2000 төгрөгөөр авч байна.

Ашигт малтмал олборлох баяжуулахад гадаргын усыг 1000 литрийг нь 100 төгрөгөөр авдаг бол, газрын гүний усыг 150 төгрөгөөр ашигладаг. Манай улсад ус ашигласны төлбөрөөс өөр төлбөр авдаггүй нь усыг үнэгүйдүүлэх шалтгаан болж байна гэдгийг усны мэргэжилтнүүд хэлдэг. Олон улсын хэмжээнд хэрэглэж буй усны төлбөр, татварыг нэрлэвэл усны нөөц ашигласны төлбөр, усны менежментийн төлбөр, ус бохирдуулсны төлбөр, усны чанарын төлбөр/далайн шуурганаас хамгаалах гэх мэт/ гэсэн 4 төрлийн төлбөр авдаг. Жишээ нь: Недирланд улсад өрх гэр, жижиг аж ахуй нэгжээс ус бохирдуулсны төлбөр гэж жилд 235 мянган төгрөгийн төлбөр авдаг. Харин дундаж үйлдвэрүүд нь хэрэглэж буй хэмжээ ангиллаараа, том үйлдвэрүүд нэг бүрчлэн гэрээ хийн, хаягдал усны хэмжээгээр ус бохирдуулсны төлбөрөө төлдөг байна. Ер нь усны үнийг нэмэх тусам хэрэглэгч усаа хэмнэж эхэлдэг. Тиймээс усны үнийг нэмэх нь зүйтэй гэсэн саналыг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Хүмүүс бид өөрсдийн амьдралыг сайн сайхан, тав тухтай болгох гэж явсаар эцэстээ уснаас хэтэрхий хараат амьдралтай болжээ. Хэрвээ крант гэнэт хаагдвал та яах вэ? Крантаа хаалгахгүйн тулд яг одооноос усаа хэмнэж эхлээрэй. Крантаа хаагаарай.   

О.Хосцэцэг