Энэ онд дэлхийд болон Монголд хөрөнгө оруулах чиглэлийн олон чухал арга хэмжээ зохиогдоно. Тэдгээрийн нэг нь Улаанбаатарт болох “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдаа юм. Үзэсгэлэнгийн талаар Монгол дахь зохион байгуулагч “Inter consulting” компанийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргалтай ярилцлаа.
Future Mongolia 2012 арга хэмжээг яагаад зохион байгуулах болов? Монголд болдог уламжлалт арга хэмжээнүүдээс юугаараа ялгаатай, онцлог байх вэ?
Future Mongolia 2012 үзэсгэлэнгийн Монгол дахь зохион байгуулагчаар манай компани ажиллаж байгаадаа баяртай байгаа. Монголд уул уурхай, эдийн засгийн олон арга хэмжээ болдог. Тэр дундаас олон улсын хэмжээний шилдэг үзэсгэлэнгүүд зохион байгуулдаг компани өөрөө ирээд ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол. Бид энэ үйл ажиллагаанд хамтарч оролцон, туршлага солилцоод зогсохгүй энэ ажлын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна.
“Future Mongolia 2012” арга хэмжээг зохион байгуулж буй гол зохион байгуулагч нь “FV Messe” хэмээх дэлхийн өнцөг булан бүрт томоохон үзэсгэлэн зохион байгуулдаг 35 жилийн туршлагатай компани юм. 2010 онд Монголд зохион байгуулагдсан “Discover Mongolia”-д Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын компаниуд нэгдэж, German гэсэн нэг том павилонд үзэсгэлэнгээ гаргасан юм. Ирсэн компаниуд Монгол орон асар их баялагтай, ирээдүйд техник төхөөрөмж их хэрэг болох юм байна гэдгийг мэдэрч, боломж байна гэж ойлгосноор Германы том компаниудыг Монголд авчирч үзэсгэлэн гаргахаар шийдсэн юм билээ. Энэ арга хэмжээний гол ивээн тэтгэгч нь Германы Засгийн газар. Германы томоохон компаниуд болох Siemens, Tysson, Bosch зэрэг 25 компанийн зардлын 25 хувийг Засгийн газар нь даахын зэрэгцээ Германы компаниудыг нэгдсэн журмаар оруулж байгаа. Мөн Европ, Америкийн Монголд салбаргүй, Монголыг мэдэхгүй компаниудад Монголын зах зээлийг таниулах нь үзэсгэлэнгийн гол зорилго юм.
Future Mongolia 2012 үзэсгэлэнд голдуу технологи, дэд бүтцийн компаниуд оролцож байна гэсэн мэдээлэл байгаа. Германд болон дэлхийд нэр хүндтэй ямар компаниуд үзэсгэлэнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн бэ?
Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг өсч, хүмүүсийн амьдрал сайжирч байна. Түүнийг даган хэрэглээний шаардлага ч өндөр болж байна. Монголд чанартай барилга байгууламж, зам барих боломжтой боллоо. Гэтэл эдгээр ажлыг хийхэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүн нь байдаггүй. Өмнөх эрэлтээ дагасан хямдхан чанар муутай бүтээгдэхүүн их байдаг. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөн үнээс илүүтэй чанарыг тэргүүнд тавьдаг болжээ. Гэтэл тэр хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг хаанаас авахаа компаниуд төдийлэн мэдэхгүй байна. Германы дэлхийд танигдсан том компаниудаас дурдвал Siemens байна. BICP гээд химийн маш том үйлдвэр байдаг. Мөн төмөрлөгийн, уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Tysson компани “Future Mongolia 2012” арга хэмжээнд оролцоно. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлдэг, хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг олон компани байна. Эдгээр компани кока кола, Макдоналдс шиг олон нийтийг хамарсан бүтээгдэхүүн хийдэггүй учраас хүн бүр мэдэхгүй байж мэднэ. Гэхдээ салбарынхан нь сайн мэддэг Германы нарийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг томоохон компаниуд үзэсгэлэнд оролцох юм. Ханган нийлүүлнэ гэхээр хүмүүс тоног төхөөрөмж л бодоод байдаг. Энэ үзэсгэлэнд шилдэг технологиудын ноу-хау, тэдгээрийг яаж хийх талаар зөвлөгөө өгдөг, зураг төсөл хийдэг инженерүүдийг холбож өгдөг компаниуд оролцож байгаагаараа онцлог.
Монголд салбар нь байдаггүй шинэ компаниудад бизнесийн түншээ олж хамтран ажиллахад нь Future Mongolia 2012 гүүр болж өгнө гэлээ. Шинээр салбараа нээх хүсэлтэй компаниудын бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 28-нд дууссан гэл үү?
Манай бизнес эрхлэгчдэд чанартай, өндөр технологи шаардлагатай болоод Монголд салбар нь байдаггүй том компаниудтай хамтарч ажиллая гэхээр шууд холбогдох боломж хомс. Цахим шуудангаар холбогддог боловч төдийлөн хариу ирдэггүй. Харин Future Mongolia 2012 үзэсгэлэнд Монголд салбар нь байдаггүй компаниудыг авчран оролцуулна. Энэ нь Монголын бизнес эрхлэгчдэд маш том боломж болох юм. Бүртгэлийн хувьд Германы Засгийн газраас тэтгэлэг авч оролцох компаниудын бүртгэл нэгдүгээр сарын 28-нд дууссан. Харин хувиараа оролцох компаниуд гуравдугаар сар хүртэл бүртгүүлэх боломж нээлттэй.
Future Mongolia бэлтгэл ажлаа нэлээд эртнээс эхэлж байгаа нь анхаарал татаж байна. Ийм эрт бүртгэл, нээлтээ хийж буйн учир юү вэ?
Үзэсгэлэн тавдугаар сарын 19-нд эхлэх ч нээлтээ нэгдүгээр сарын 10-нд хийсэн. Таван сарын өмнөөс бэлтгэл ажилдаа орно гэхээр жаахан эртдэх биш үү гэж бид эргэлзэж байсан л даа. Үзэсгэлэнд бүртгүүлэх сүүлийн хугацааг нэгдүгээр сарын 28 гэж Германы тал шийдсэн байсан. Харин бид Монгол компаниудаа мэдэхийн хувьд хугацаа арай эрт байна. Бүртгүүлэх хугацаагаа бага зэрэг хойшлуулъя гэсэн санал тавиад байгаа. Эрт бүртгэж байгаагийн учир нь бүртгүүлсэн компани бүрийн онцлогт тохирсон павилоныг Германд хийж авчрах учраас цаг хугацаа шаардлагатай гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм билээ. Ер нь германчууд аливааг төгс хийхийг зорьдгийг та бүхэн мэднэ. Тиймээс компаниудыг бүртгэх, байр талбайгаа бэлтгэх зэрэг ажлаа аль болох эрт хийхийг зорьж байгаа.
Буянт-Ухаа цогцолборыг яагаад сонгосон юм бэ? Олон улсын үзэсгэлэн зохион байгуулах шаардлагыг хэр хангаж байгаа бол? Үзэсгэлэнд оролцохоор хүсэлтээ илэрхийлсэн байгууллагууд бүгд багтах боломжтой юу?
Манайд иймэрхүү олон улсын үзэсгэлэн зохион байгуулахад зориулалтын байр байдаггүй. Future Mongolia 2012 үзэсгэлэнд ойролцоогоор 120 гаруй компани орно гэсэн тооцоо бий. Тиймээс нэлээд уудам зайтай, том тоног төхөөрөмжүүд байрлуулж болохуйц талбай шаардлагатай болж байгаа юм. Улаанбаатар хотод үзэсгэлэн зохион байгуулж болохуйц байгууламж хайсны эцэст Буянт-Ухаа спортын цогцолборыг сонгож авсан. Уг цогцолбор нь гаднаа талбайтай, дотроо бас боломжийн зайтай учраас олон улсын үзэсгэлэн зохион байгуулах шаардлагыг зохих түвшинд хангаж чадна гэж үзсэн. Цогцолбор дотор павилонуудыг мэргэжлийн түвшинд яг л бичил хот байгуулж байгаа юм шиг өнгө үзэмжтэйгээр зохион байгуулалттай барихаар төлөвлөсөн. Одоогоор 60 гаруй компани бүртгүүлсэн. Бүртгэл эхлээд удаагүй байхад тооцоолсон оролцогчдын тэн хагас нь бүртгүүлсэн байгаа нь оролцох хүсэлтэй компани олон байгаагийн илрэл байх. Хэрвээ бүртгүүлэх компани тооцоолсноос илүү гарвал хамгийн өндөр технологи санал болгосон, Монголд хэрэгцээт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх компанийг сонгохыг эрмэлзэнэ.
Ихэвчлэн уул уурхайн ханган нийлүүлэгчид энэ үзэсгэлэнд оролцох юм байна гэсэн ойлголт нийтэд байгаа нь анзаарагдсан?
Энэ нь зөвхөн уул уурхайн үзэсгэлэн биш гэдгийг Германы тал онцолж байгаа. Европчууд тэр дундаа германчууд Монголд Голланд өвчин, сөрөг талын хөгжил бий болчих вий, ганцхан уул уурхай гэж явцуурмааргүй байна гэдэг саналыг хэлдэг. Тэдний хувьд энэ нь уул уурхайн үзэсгэлэн биш, хөдөө аж ахуй, эмнэлэг гэх мэт бүх л салбарын тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлэх зорилготой үзэсгэлэн гэдгээ үргэлж сануулж байгаа.
Future Mongolia 2012 үзэсгэлэнгийн талаар мэдээлэл авсан монгол компаниуд энэ арга хэмжээнд оролцохыг сонирхож байгаа байх. Оролцох хүсэлтээ хаана мэдүүлж болох вэ? Хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөгөө өгнө үү?
Хэрвээ үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх хүсэлтэй бол www.future-mongolia.com гэсэн вэб хуудсаар зочилж бидэнтэй холбогдох боломжтой. Энэ хуудсан дээр бидэнтэй холбогдох бүх мэдээлэл байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн урд талд байрлах “Од плаза”-гийн 207 тоотод хүрэлцэн ирж анкетаа авч бүртгүүлэн бусад мэдээллийг авч болно.
О.Хос