Ираны Засгийн газар Европын холбоо болон АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг хатуухан хариу барих гэж байна хэмээн хэвлэлүүдээр шуугих зуур хоёр талын хоорондын харилцаа сэргэх найдвар улам бүр багассаар байна.
Иран улс хэдийгээр цөмийн зэвсэглэлээр огт хөөцөлдөөгүй гэж хэлж байгаа ч АНУ итгэхгүй байгаа юм. Иран улсын төр засгийн томоохон зүтгэлтнүүд тус улсын энхийн зорилготой цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байвал Ормузын хоолойг хаах болно гэж мэдэгдэх болсон.
Barclays Capital-ын түүхий эдийн шинжээч Амрита Сэнийн мэдэгдсэнээр Иран олон улсын нефтийн худалдааны гол суваг болсон Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ 200 ам.доллар/баррельд хүрч болзошгүй гэж үзжээ. Уг хоолойгоор өдөрт 16 сая баррель нефть тээвэрлэдэг байна. Дэлхийн нефтийн худалдаа өдөрт 88 сая тонн байдагтай харьцуулахад энэ нь 20 хувийг эзэлж буй юм.
Газрын тос тээвэрлэлтийн маш олон суваг байдаг ч Ормузын хоолой шиг онцгой ач холбогдолтой тээврийн зам үгүй.
Хэрэв Иран Ормузын хоолойг хаасан нөхцөлд Саудын Арабад экспортын газрын тосоо Улаан тэнгисээр дамжуулан гаргахаас өөр аргагүй болох юм. Саудын Арабын хувьд дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцдог төдийгүй нийт экспортынхоо 75 хувийг Ормузын хоолойгоор дамжуулан хийдэг байна. Асуудал бол Улаан тэнгисийн тээвэрлэлтийн боломж Гормузын хоолойнхоос гурав дахин бага ажээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд тус улсын газар нутгаар хөндлөн гулд дайрсан 370 км-ийн урттай, өдөртөө 1.5 сая баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай шугам хоолойн төслийг гүйцэтгэж бараг дуусаад байна. Уг төсөлд 3.29 тэрбум доллар зарцуулсан бөгөөд ирэх тав, зургадугаар сард ашиглалтад орох төлөвтэй байна. Гэсэн ч эдгээр нь Гормузын хоолойг орлож чадахгүй нь тодорхой.
Ираны асуудалтай холбоотойгоор газрын тосны үнэ тэнгэрт хадчихаагүй ч сүүлийн өдрүүдэд нефтийн зах зээл өсөлттэй хэвээр байна. Энэ сарын эхний өдрийн байдлаар дэлхийн зах зээл дэх Брэнт маркийн газрын тосны үнэ Ираны нийлүүлэлт буурч болзошгүй нөхцөл байдал болон Хятадын үйлдвэрлэл ялимгүй нэмэгдсэнтэй холбоотойгоор 112.29 ам.доллар/баррель болж өсөөд байсан бол хоёрдугаар сарын 9-нд 118.6 ам.доллар/баррельд хүрч, мөн АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ ч 99.84 ам.доллар/баррель болж дээшилжээ.
Европын холбоо хэдийгээр ирэх долдугаар сарын нэгнээс эхэлж Иранаас нефть импортлохгүй гэж шийдвэрлэсэн ч Иран дор нь хариу барьж Европын тодорхой улсууд руу хийдэг экспортыг нэн даруй зогсоох тухай мэдэгдэл хийжээ.
Хэдийгээр Иран тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор АНУ, Европын холбооны авч буй хориг арга хэмжээг эсэргүүцсээр байгаа ч цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах зорилготой гэдгийг Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгдсээр байгаа юм.
Гэвч зарим шинжээч цөмийн хөтөлбөрийн асуудал нь Иран АНУ-ын хооронд дайн дэгдээж мэдэхээр байгааг хэлж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэрэв Иран улс цөмийн үйлдвэрээ газар доорх байгууламж руу шилжүүлбэл устгах аргагүй болно гэж мэдэгджээ. Батлан хамгаалахын шинжээчид хоёр талын хооронд ямар нэгэн сөргөлдөөн үүссэн тохиолдолд Иран хариу арга хэмжээ болгож Ормузын хоолойг хаах болно гэж үзэж байна. Зарим шинжээч ирэх тав, зургадугаар сард АНУ-ын “цэрэг, батлан хамгаалахын салбар”-ын хамтрагч Израйл улс Иран руу агаарын дайралт хийж мэднэ гэж үзжээ.
Б.Төгс