Өнөөдөр 10.00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Хурлаар өмнөд говийн бүс нутагт байрлах стратегийн орд газруудад хэрэглэх усны талаар хэлэлцсэн юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт ажиллах үеэр иргэдийн хамгийн ихээр хөндөж тавьсан асуудал нь ус. Тиймээс Ерөнхийлөгч уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотой усны хомсдол үүсэхийг харгалзан ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хэлэлцэх шийдвэр гаргажээ.
Усны салбарын 20 гаруй судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцож санал шүүмжээ хэлсэн байна. Тавантолгойн нүүрсний орд газрыг эрчимтэй ашиглахад усны асуудал хамгийн хүндрэлтэй байгаа. Одоогоор судлагдсан, Тавантолгойд хамгийн ойр, арвин усны нөөцтэй орд бол Балгасын улаан нуур хэмээх гүний орд юм. Уг ордын гидрогеологийн урьдчилсан хайгуулыг 1984 онд, нарийвчилсан хайгуулыг 1987 онд дуусгажээ. Судалгааны дүнд ордын усны нөөцийг 465л/секунд буюу 40176м3/хоног гэж тогтоосон. Харин 2007-2008 онд “Шандын булаг” компани тус орд дээр нэмэлт судалгаа хийгээд усны нөөцийг нэлээд хэмжээгээр багасган тооцоолсон. Тодруулбал 465л/секунд байсныг 150л/секунд болтол бууруулж тооцоолсон юм.
Ийнхүү ордын нөөц нь яг таг батлагдаагүй, зөрүүтэй байдаг учир энэ жил дахин нарийвчилсан судалгаа хийхээр Усны газраас тендер зарласан аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Тавантолгой ордын ашиглалтыг тогтвортой хэвийн явуулахын тулд эхний ээлжинд Балгасын улаан нуурыг зайлшгүй ашиглаж таарна. Гэхдээ их хэмжээгээр авахгүй. Цаашид усны өөр эх үүсвэр хайх зайлшгүй шаардлагатай аж. Балгасын улаан нуурыг уул уурхайд ашиглуулах эсэхийг орон нутийн удирдлага шийдэх эрхтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж усны салбарын дарга, мэргэжилтнүүдэд хандан, өөр эх үүсвэр давхар хайх буюу гадаргын усыг дамжуулах “Орхон-говь”, “Хэрлэн-говь” төслийн ТЭЗҮ-ийг яаралтай хийж, бодитой эсэхийг нь тодорхойлохыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас үүрэг болголоо.
О.Хосцэцэг