Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хөрөнгө оруулагч ашиглалтын лицензээ зараад гарахад бидэнд геополитикийн хувьд хүндрэлтэй байдал үүсэх магадлал бий

Энэ удаа дэлхийн эдийн засгийн хямрал асар өргөн цар далайцтай  байгаа учраас ОУВС Монгол улсын квотыг 300 дахин ихэсгэсэн. 300 дахин нэмэгдүүлсэн зээлийн хэмжээ 224 сая ам.доллар байгаа.

Энэ цаг үед мөнгө нь бидэнд, Монгол улсад хэрэгтэй боловч ОУВС-гийн тавьж байгаа бодлогын шаардлагууд нь тухайн мөнгөн зээлээс ч илүү чухал юм. Тодруулбал, эхний ээлжинд төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах чиглэлээр шаардлага тавьж байгаа. Эдийн засагт нөлөөлдөг хоёр том урсгал байна. Нэг нь мөнгөний бодлого, нөгөө нь төсвийн бодлого. ОУВС мөнгөний бодлогын чиглэлээр ч, төсвийн бодлогын чиглэлээр ч манайд шаардлага тавьж байгаа.

Мөнгөний бодлогын чиглэлээр нь төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах зорилт дэвшүүлж байна. Төгрөгийн ханш унаад , нэг үе доллар бүр 1600 төгрөгтэй тэнцлээ шүү дээ. Ийм үед манай иргэдийн орлого буурч, гадаад иргэдийнх нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс Монголбанкны зүгээс төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулахын тулд  хамгийн хүндрэлтэй арга хэлбэрийг сонгохоос өөр гарцгүй болсон. Энэ нь зээлийн хүүг нэмэгдүүлэх явдал. Зээлийн хүү нь  хадгаламжийн хүүтэй уялддаг. Зээлийн хүү нэмэгдэнэ гэдэг нь хадгаламжинд өндөр хүү төлнө гэсэн үг. Одоо зах зээл дээр иргэдийн төгрөгт итгэх итгэл буурсан учраас банк дахь төгрөгөө татаж , доллар болгоод буцаагаад байршуулаад байгаа. Ингэсээр манай эдийн засагт долларжих хандлага давамгайлаад, монгол иргэдийн бүтээж буй баялаг улам бүр үнэгүйдээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол Монголбанкны зүгээс зайлшгүй авах арга хэмжээний нэг байсан.

Харин төсвийн бодлогын чиглэлээр бол зарлагаа багасгах ёстой. Энэ хоёр бодлогыг Монгол улсын Засгийн газрын өмнө гаргаж тавиад , түүнийг хэрэгжүүлснийх нь төлөө мөнгө зээл олгож байна гэдэг бол үнэхээр дэлхийн эдийн засаг, санхүүгийн үндсэн бодлогыг тодорхойлогч ОУВС-гийн хамгийн давуу чанар  юм. Тэгэхээр ОУВС-гийн зээл бидэнд ач тустай гэдэг нь бодлогын ч, мөнгө хөрөнгө талаасаа ч тодорхой харагдаж байна.

Зээлийг буцааж төлөхөд хүндрэл гарах уу?

Энэ зээлийг буцааж төлөх боломж бий юү гэвэл бий. Хүнтэй адилтгавал би маш хүнд байдалд орчихоод байгаа. Тийм учраас хэн нэгнээс мөнгө авахдаа буцаагаад төлж чадах уу, үгүй юү гэдгээ мэдээж тооцоолно шүү дээ. Гэхдээ өнөөдрийн түвшинд миний эдийн засгийн байдал тун хүнд . Энэ мөнгийг ашиглаад , эдийн засгаа сэргээвэл би боломжтой болно. Үүнтэй яг ижил ОУВС-гийн зээлийг ашиглаж , Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангана. Өсөлт хангагдсан цагт бид тэрхүү мөнгийг буцааж төлөх бүрэн боломжтой. Хамгийн гол асуудал нь мөнгийг юунд, хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэг юм. Эдийн засгийн өсөлтийг маш богино хугацаанд хангах, улам бүр нэмэгдэж байгаа импортыг бууруулах, гол нь гадаад худалдааны алдагдлыг багасгах чиглэлээр зөв арга хэмжээ авч чадах юм бол зээлийн үр дүн гарна.

Зээлийн нөхцөлийг тодруулна уу. Манай иргэд ОУВС-гаас өгөхөөр амласан зээлийн нэгдсэн дүнг л сонссон болохоос бус эргэн төлөх нөхцөлүүдийн талаар ойлголтгүй байна?

ОУВС-гийн зээлийн нэг онцлог бий. Энэ бол хөтөлбөрийн зээл. Манай улс гадаадаас зээл болон тусламж авдаг. Зээл нь дотроо төслийн, хөтөлбөрийн гэсэн ялгаатай. Эхний тохиолдолд тодорхой төсөл хэрэгжүүлж, тоног төхөөрөмж оруулж ирэх маягаар , биет байдлаар хэрэгждэг. Хөтөлбөрийн зээл нь бэлэн мөнгө өгдөг. Шууд манай дансанд бэлэн мөнгө орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ОУВС-гийн зээлээр шууд бэлэн мөнгө орж ирэн, Төв банк руу очих юм. Энэ утгаараа  улам бүр өсөн нэмэгдээд байсан долларын ханшийг бууруулахад  сайн нөлөөтэй.

Нөхцөлийн хувьд,  одоо яригдаж байгаагаар бол  хөтөлбөрт гарын үсэг зурагдангуут 50 орчим хувь нь орж ирнэ. Энэ нь 100 гаруй сая ам.доллар гэсэн үг. ОУВС-гаас бидэнд тавьсан шаардлагууд байгаа. Тэр шаардлагуудыг үе шаттайгаар биелүүлээд явах тусам мөнгө орж ирсээр байна аа гэсэн үг.

Хүү нь ямар байх бол. Эргэн төлөх хугацаа нь хэзээнээс эхлэх вэ?

Ерөнхийдөө эргэн төлөх хугацаа бол тав орчим жил. Хүү нь хөдөлгөөнтэй хүү байгаа. Зээлжих тусгай эрхээс хамаарсан хөдөлгөөнтэй хүү байдаг. Хөдөлгөөнтэй хүү бол хоёр орчим хувьд хэлбэлзэх болов уу.

Манай стратегийн ордууд ашиглалтад ороод, бидний амьдралд үр өгөөжөө өгтөл бас хугацаа хэрэгтэй. Тэгэхээр наана нь богино хугацаатай авсан их хэмжээний зээлүүдийг төлөх боломжтой гэж Та үзэж байна уу?


Ер нь бол 224 сая ам.долларыг олон улсын зах зээл дээрээс босгоход маш  хүндрэлтэй байгаа. Ази тивд анх удаа ОУВС-гийн  хөтөлбөрийн зээлтэй болж байгаа улс нь манайх учраас онцгой анхааралтай хандаж өгч буй мөнгө. Энэ санхүүжилтийг  мэдээж учирч байгаа хүндрэлээ даван туулахад зарцуулна. Гадаад худалдааны урсгал тэнцлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ аваад, төгрөгийнхөө ханшийг чангаруулж чадах юм бол гарсан үр дүнгээр нь бид зээлийг эргүүлэн төлөх боломжтой.

“Онцгой нөхцөлөөр зээл олголоо“ гэж байна. Ер нь онцгой нөхцөл гэж юу вэ. ОУВС өмнө нь ямар орнуудад ингэж онцгой нөхцөлөөр зээл олгосон бэ?

Онцгой нөхцөл буюу квотыг 300 дахин нэмэгдүүлж болно гэдэг энэ зарчим нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэр юм. Бусад улсад мөн ингэж зээл өгч байгаа. Беларусь, Украин, Африкийн орнуудад ийм нөхцөлөөр зээл олгосон.

Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн хямрал нь далайц, үр нөлөөгөөрөө сүүлийн 100 жилд тохиолдож байгаагүй том хямрал болж байна. Эндээс нэг сонин зүйлийг ажиглаж болно. Зэс, алт, газрын тосны үнэ сүүлийн 100 жилд байгаагүйгээр хэлбэлзсэн. Энэ хэлбэлзэл оргилдоо хүрээд , буусны дараа үүсч байгаа доргилт нь сүүлийн 100 жилд байгаагүй ийм томоохон хямрал болж хувирлаа. Хамгийн гол аюул нь энэ хямрал үйлдвэржсэн эдийн засаг буюу санхүүгийн хувьд хамгийн хүчирхэг эдийн засгуудыг хамарчихсан. Тийм учраас дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгуудаас гадаад худалдааны хамааралтай байдаг Азийн орнуудад асар хүндээр тусч байна. Манай хувьд цөөн хэдхэн бараа бүтээгдэхүүний орлогоос хамаарсан эдийн засагтай учраас энэ хямралд хурдан өртөж байна л даа.

“Оюутолгой“ ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим зүйл заалт тодорхой биш байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн сарын турш үргэлжиллээ.  Хэлэлцээрийн Ажлын хэсэгт голлох үүрэгтэй оролцож байгаагийн хувьд Та тэдгээр шүүмжлэлд  ямар тайлбар өгөх вэ?


“Оюутолгой“ төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн томоохон шүүмжлэлтэй асуудал  хэлж байгаа. Ажлын хэсэг “Оюутолгой“ төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахдаа 2007 онд яригдаж байсан, тухайн үед УИХ дээр хэлэлцэгдэж байсан бүх асуудлыг судалж үзсэн.

Ажлын хэсгийн хувьд энэ удаагийн гэрээ сайн болсон гэсэн байр суурьтай байгаа.
Хэд хэдэн зүйл дээр анхаарах асуудал бий. Тийм учраас УИХ-аас дэвшүүлсэн тодорхой асуудал, өгч байгаа даалгавруудын дагуу үргэлжүүлэн хөрөнгө оруулагчидтай ярьж байна. Тухайлбал, хөрөнгөө оруулна гэж хэлчихээд оруулахгүй нэг хэсэгтээ төслийг царцаагаад байвал яах вэ? Ер нь тодорхой хэмжээнд хэрвээ хөрөнгөө оруулахгүй бол ямар нэг арга хэлбэрээр санхүүгийн хөшүүрэг бий болгож байж,  зайлшгүй хөрөнгөө оруулах хэмжээнд хүргэх тухай ярьж байгаа. Энэ бол ярих ёстой асуудлын нэг гэж бодож байна. Бид ХОГ-ний төслийг  бэлтгэхдээ УИХ-аас өгсөн Удирдамжийг үндсэнд нь биелүүлээд орж ирсэн. Гэвч УИХ-ын зарим гишүүний хэлж байгаа, шинээр тавьсан саналууд нь Ашигт малтмалын тухай хуульд хэдий тусгагдаагүй боловч Монгол улсад хэрэгтэй, манай талд чухал тийм заалтууд байгаа.

Бид нэгдүгээрт хуульдаа аль болохоор нийцүүлэх хэмжээнд төслийг бэлтгэж орж ирсэн. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагч тал их хэмжээний буулт хийх боломжгүй байдалтай байгаа. Ажлын хэсгийн хувьд хөрөнгө оруулагчдыг байж болох хэмжээнд нь маш сайн “шахсан“. Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор цаашид дотоодынхоо  хууль тогтоомжийг сайжруулах, боловсронгуй болгох зүйл бол асар их бий. Үүнийг Ажлын хэсэг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний төслийг бэлтгэж байх явцдаа цаашид хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор бодож боловсруулсан зүйлсийн жагсаалтыг миний бие бэлдсэн байгаа. Татвар, санхүүтэй холбоотойгоор манайд сайжруулах , анхаарах асуудал  маш олон байна.

Олзуурхууштай  нь манай УИХ-ын гишүүд  энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэсэн нэгдмэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ тодорхой хэдэн шаардлагын талаар ярьж байна. Тэдгээрийг хөрөнгө оруулагч талтай ярилцана. Тэрхүү яриа хэлэлцээнээс чухам ямар үр дүн гарахыг хэн ч тааж хэлж чадахгүй юм.  

Хугацааны хувьд 30 жил гэдэг урт байна гэсэн шүүмжлэл их сонсогдлоо. Харьцангуй богино хугацаанд баялгийг ухаж ашиглаад, хөрөнгө оруулагч  гараад явчихыг үгүйгэхгүй. 30 жил гэдэг хэр бодитой ойлголт вэ, зөвхөн хуульд нийцүүлсэн механик хугацаа юу?

Жилд олборлох хэмжээ, хөрөнгө оруулалтыг найдвартай татан оруулах  санхүүгийн хөшүүрэг, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацаа зэрэг асуудал нь  хуулийнхаа хүрээтэй холбоотой юм.  Бид Ашигт малтмалын тухай хуульд зарим төрлийн өөрчлөлт оруулж байж , энэ өөрчлөлтүүдийг мөн хөрөнгө оруулагч талтай ярих шаардлага гарч байгаа.  Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулна гэж заасан. Гэтэл гэрээнд 15 жилээр байгуулна гээд оруулбал хуультайгаа зөрчилдөөд байна гэж ярьж болох талтай.

Эдийн засаг, санхүүгийн хямралын энэ үед дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын томоохон төслүүд хойшлогдох цуцлагдах байдалтай байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн томоохон компаниуд, тухайлбал BHP Вilliton зэрэг нь  томоохон төслүүдээ хүлээлгэнд байлгаж, харьцуулж үздэг. Өнөөдрийн түвшинд аль улс хамгийн нааштай нөхцөл өгнө, тэнд хөрөнгө шилжих процесс явагдаж байна. Ийм үед бид хөрөнгө оруулагчийг өөртөө татаж, үлдээх чиглэлээр гэрээ, хэлэлцээр хийх ёстой.

Эсрэг тохиолдолд , хөрөнгө оруулагч нь ашиглалтын лицензээ зараад гараад явчих боломжтой. Зарсан тохиолдолд ямар хөрөнгө оруулагч худалдаж авах вэ гэдэг нь манай хувьд маш эмзэг асуудал. Тийм учраас  хөрөнгө оруулагч ашиглалтын лицензээ зараад гарахад бидэнд геополитикийн хувьд бас хүндрэлтэй байдал үүсэх магадлал бий. Харин УИХ-ын гишүүд  энэ гэрээг боломжтой хэмжээнд дахиж хэлэлцээд , ер нь батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаад бид баяртай байгаа.

68 хувийн татварыг орлуулах шинэ татвар ХОГ-нд анх удаа нэр дурдагджээ.  Зэсийн үнэ 6063 ам.долларт хүрсэн үед нөөцийн ашгийн нэмэлт төлбөр авч эхэлнэ гэжээ. Гэрээний татварын орчны хувьд манайд хэр ашигтай байхаар тооцоолж чадсан бэ? Татвараас зугтаалгах заалтууд тойруу замаар их оржээ гэсэн шүүмжлэл үндэслэлтэй юү?

Манай Ажлын хэсэгт зөвлөж байгаа гадны зөвлөхүүд гурван зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газарт эрсдэл бага байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар үнэ бага байсан үед ч татваруудаа авч байх ёстой. Гуравдугаарт, үнэ хэт өндөр болсон үед ч Засгийн газар ямар нэг хэмжээгээр татвар авах ёстой. Энэ гурван гол зарчмаа бид хэлсэн байгаа.

Тэгэхлээр эрсдэлийг багасгаж чадахын хувьд бол чадсан. Өөрөөр хэлбэл, бидний хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтын зардал байна. 34 хувьтайгаа дүйцэх, Уурхай барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардлыг бид өөрсдөө гаргахгүй хөрөнгө оруулагч тал гаргах юм. Хэрвээ хөрөнгө оруулагч санхүүжилтээ ингэж гаргаад , ямар нэг эрсдэл үүслээ гэхэд Засгийн газар хөрөнгө оруулагчийн   өмнөөс  манай гаргасан 7 тэрбум ам.долларыг буцааж төлөхгүй. Хөрөнгө оруулагч л өөрөө хариуцлагыг хүлээнэ.  Өөрөөр хэлбэл, Засгийн газартай эргээд ямар нэг хариуцлага, төлбөр тооцохгүй ийм төрлийн зээл юм. Тэгэхээр бид энэ талаасаа амжилттай ажиллаж чадсан гэж дүгнэж байгаа.

Нөгөө талаас, дэлхийн зах зээл дээр үнэ хэвийн үед манай авах татвар бүгд байж байх ёстой. Нөөцийн, ашгийн татвар, НӨАТ байна. Гаалийн татварыг тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаа. Үндсэн гол татваруудаа бид авахаар гэрээний төсөл хийсэн. Гэнэтийн ашгийн татварын тухайд уг утга санаа нь зөв. Гэхдээ хэтэрхий хатуу, уян хатан биш хийгдсэн татвар. Тийм учраас гэнэтийн ашгийн татварын оронд ямар нэг байдлаар ойролцоо татварыг ногдуулах нь зүйтэй гэж бид саналаа өгсөн. Бидний саналыг судалж үзээд хөрөнгө оруулагч тал энэ татварыг нөөцийн ашгийн нэмэлт төлбөр байдлаар хийе гэсэн санал хэлсэн. Бидний хийсэн тооцоогоор зэсийн үнэ 6063 ам.доллар хүрэхэд энэ татвар үйлчилж эхэлнэ.

Хэдий хугацааны дараа зэсийн үнэ 6063 ам.доллар болно гэж тооцоолсон бэ?


Манай барьж орсон санхүүгийн загварт ерөөсөө энэ төлбөрөөс мөнгө оруулж тооцоолоогүй. Мэдээж зэсийн үнэ 6063 ам.доллар болох үед л орж ирнэ шүү дээ. Үүнийг хэзээ ийм болохыг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй.  

2009 оны төсөлд урд өмнө байгаагүй, 2007 онд дурдагдаагүй хамгийн шинэлэг зүйл нь юу байна?

Хамгийн шинэлэг зүйл гэх юм бол санхүү, татвартай холбоотой зүйлээсээ хэлэх нь зүйтэй болов уу. Манай дотоодын хууль тогтоомжид  олон улсын хэмжээнд татвараас зайлсхийхийн эсрэг хамгаалалт маш сул байдаг. “Алтан Дорнод Монгол“-ын асуудлыг аваад үзсэн ч гэсэн татвараас зугтаасан том хэрэг шүү дээ. 50 орчим сая ам.долларын хэрэг. Ингээд аваад үзэхээр дотоодын хууль тогтоомжоосоо эхлээд, татвараас зугтаах хил дамнасан үйлдлүүдийг хүртэл  нэлээн анхаарах шаардлагатай  гэдэг нь харагдсан. Ийм байдлаас хамгаалахын тулд өр, хөрөнгө оруулалтын харьцаанд тавигдах шаардлагыг сайжруулах ёстой. Манай дотоодын хууль тогтоомжид энэ асуудал маш ерөнхий тусгагдсан учраас татвараас зугтаах маш өргөн боломж байдаг. Олон улсын зөвлөхүүдтэй хамтраад ийм зугтаах боломжийг ихээхэн хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Энэ бол бидний хувьд маш том амжилт гэж үзэж байгаа. Татвараас зугтаах хэд хэдэн арга байдаг. Эдгээрийн дотор хамгийн түгээмэл нь зээлийн хүүгээр дамжуулж , орлогоо зугтаалгах ийм арга хэлбэр. Тийм учраас бид зээлийн хүү дээр маш том хязгаарлалтыг дэлгэрэнгүйгээр бичиж, хаалт хийсэн.

Хоёр талын дунд ямар нэг маргаан гарахад Лондонгийн Арбитрийн шүүхээр шийдүүл­нэ гэжээ. Лондонгийн Арбитрын шүүхийн үйл ажиллагааны зарчим нь бусад Арбитрын шүүхүүдээс юугаараа ялгаатай вэ?

Лондонд байршдаг болохоос энэ бол юнистриал байгууллага.  Тэгэхээр энэ арбитрт хандах боломж, нөхцөл хэзээ ч , хэнд ч байдаг. Олон улсын худалдаанд оролцсон аливаа этгээд энэ юнистриалд хандаж хэргийг шийдвэрлүүлэх боломж нөхцөл нь нээлттэй. УИХ-ын зарим гишүүн хэлэлцүүлгийн үеэр бас эмзэглэж байсан. Монгол улсын хуулийн этгээд яахаараа хаа байсан юнистриалд очиж маргааныг шийдүүлдэг юм гэж. Маргаан болгон тийшээ очихгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл,  тийшээ асуудал очиход тодорхой хэмжээний үнэ, төлбөртэй. Тийм учраас энэ талаар гэрээнд “Монгол улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ. Аль болохоор эвээр шийдэхийг хичээнэ. Боломжгүй тохиолдолд юнистриалын арбитрт очно“  гэсэн агуулга оруулсан байгаа. Лондонгийн шүүхэд маргааныг шийдэх хэлбэр нь олон улсын стандартаар тогтсон хэм хэмжээний дагуу л явагдана.

Оюутолгойд гол хөрөнгө оруулагч нь Их Британийн компани болохоор Лондонгийн арбитрын шүүх дээр  нөгөө талд ашигтай шийдэж болзошгүй гэсэн хардлага монголчуудад төрдөг?

Бизнесээ хэвийн үргэлжлүүлдэг компанитай бид ажиллаж байгаа. Хар үгээр хэлбэл, хулхи биш компанитай бид хамтран ажиллах гээд байна. Энэ бол олон түмэнд итгэгдсэн, найдвартай, бүх зүйл нь чанартай, бусдыг хуурдаггүй, байгаль орчинд халгүй техник технолог ашигладаг  компани учраас бидний хувьд эрсдэлийг  багасгаж байна. Тэгэхээр  дэлхийн хэмжээний ийм компанитай харилцаж байгаа гэдэг утгаараа тэд бас хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж бидэнтэй харилцана гэж итгэж байна.

Ажлын хэсгийнхэн Оюутолгой ордыг тойрсон асуудлаар байнга асуугдаж, тайлбарлацгааж байна. Гэхдээ ингэж шүүж ярих нь бол зөв юм. Хоёр зүйлийн л хоорондын тэнцвэрийн асуудал байгаа. Нэг талаас,  олон улсын санхүүгийн зах зээл дээр мөнгөний олдоц хомсдож байгаа  үед бид хөрөнгө оруулагчдыг бүр цааш нь түлхээд явуулчихаж болохгүй. Хөрөнгө оруулагчийг түлхэнэ ээ гэдэг чинь түүний хүлээж авч боломгүй нөхцөлийг манай тал  гаргаж тавина гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хязгаарын дунд зөв огтлолцлыг олохын тулд л Ажлын хэсэг хичээж ажиллах болно. Хөрөнгө оруулагчтай хийж байгаа хэлэлцээрийн хаалгыг ямар нэг байдлаар хааж болохгүй. Хаалгыг байнга нээлттэй байлгах ёстой. Энэ бол бидний баримталж байгаа гол зарчим.