Гэхдээ энд миний бие уг хүний бодол санааг шууд дэмжих, эсвэл үгүйсгэх санаа агуулсангүй, гол нь уг өгүүллийн утга санаатай холбоотой өөрийн бодол санааг товч илэрхийлэх гэсэн юм. Ялангуяа уг өгүүллийн ашигт малтмалын геологи, хайгуулын ажилтай холбоотой хэсэгт анхаарал хандуулав.Зохиогч ашигт малтмалтай холбоотой манай оронд тулгамдсан болон тулгамдаж болох чухал асуудлуудыг нэлээд хурцаар, ил тод, баримттайгаар өгүүлжээ. Гэхдээ энд зохиогч асуудлын голыг барууны гэгдэх орнуудын хөрөнгө оруулагчдад чиглүүлсэн бололтой. Миний бодлоор тулгамдсан асуудлууд нь мөн манай дотоодын хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд адил хүндээр тусч байгаа нь илэрхий байна.
Хэдийгээр өнөөдөр дэлхий нийтийг хамарсан хямрал бий болоод байгаа ч эрдэс баялгийн түүхий эдийн хэрэгцээ алга болно, эрс буурна гэж байхгүй нь ойлгомжтой. Монгол улсын ойрын хөршүүд болох БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг хөгжингүй орнуудын металлын болон бусад эрдсийн түүхий эдийн хэрэгцээ түр буурч буй мэт боловч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд хэтдээ улам ч өсч магадгүй гэж бодно. Энэ нь манай оронд харьцангуй элбэг байх зэс, молибден, алт, вольфрам, нүүрс зэргийн зах зээлийн үнэд нөлөөлж байгаа мэт боловч хэтдээ эргэж хэвийн болох магадлалтай ба иймд ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажлыг тасралтгүйгээр, өсөлттэйгээр явуулж байх нь зүйтэй.
К.Клуерийн өгүүлэлд харуулсан хайгуул болон олборлолтын өсөлтийн харьцаа нэгийг бодогдуулах ёстой. Хайгуулын ажил нь олборлолтоос үргэлж түрүүлж байж эрдэс баялгаа түшиж амьдардаг улс орнуудын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн чухал суурь дэвсгэр болдог. Иймээс ч үйлдвэрлэл хөгжсөн болон эрчимтэй хөгжиж байгаа орнууд, томоохон компаниуд эрдсийн түүхий эдийнхээ нөөц, түүний ирээдүйн баталгаат байдал, өсөн нэмэгдэх боломжид их анхаарал тавьдаг.
Гэтэл манай улсад зах зээлд зарим үнэ огцом өсөхөд үзэгдээгүй юм болсон мэт уулгалан шүүрэн авч, үнийн өсөлтийн 68 хувийн татвар бий болгож, улмаар улсын ашиг орлого үргэлж ийм байх мэтээр төсөөлж олныг цочирдуусан билээ. Ийм тогтворгүй, овлигогүй гэж хэлмээр байдал нь олон муу үр дүн дагуулснаас дурдвал гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг цочроож, улмаар төлөвлөгөөнөөсөө буцахад хүргэсэн явдал гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал гадаадын “жуниор“ буюу цэвэр хайгуулын дунд зэргийн компаниудын хувьд хэцүү байдалд орсноос гадна манай дотоодын хайгуул, олборлолтын “Монгол Газар“, “Дацан Трэйд“ зэрэг бусад олон компани төсөв, төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн байх бүрэн магадлалтай.
Дотоодын том, жижиг гэлтгүй компаниуд өөрсдийн зөвшөөрөл бүхий объект, талбай дахь ашигт малтмалын нөөцийг бататгах, өсгөх, цаашлаад аливаа орд газрыг ашиглахад шаардлагатай нэмэлт, дайвар ажлуудыг гүйцэтгэх үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэхэд тодорхой нэмэлт нөөц хөрөнгө шаардлагатай байдаг нь ойлгомжтой баймаар байтал ийм чухал асуудлуудыг нухацтай бодолцсон эсэх нь ойлгомжгүй байна. Улмаар гэрээ контрактаар геологийн зураглал, эрэл, хайгуул, геофизик, геохими, өрөмдлөг зэрэг олон олон ажил гүйцэтгэдэг компаниудын ашиг орлого хумигдаж, тэнд ажилладаг олон зуун хүний ар талын олон мянган хүн давхар цохилтод өртжээ гэж хэлж болно. Мөн гэнэтийн ашиг, татвар, түүнтэй холбогдсон улсын төсөв, төлөвлөгөө, нам хүчнүүдийн сүржин амлалтуудын гол хор нөлөө нь ард түмнийг гүн төөрөгдөлд оруулж, хий мөрөөдөлд автуулсан явдал болсон.
Мөн өгүүллийн зохиогчтой санал нийлж байгаа нэг зүйл нь төр, засгийн зүгээс эрдсийн баялагтай холбоотой субъектуудтай буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй адил тэгш харилцаагүй явдал. Учир нь ашигт малтмалын орд газар, хайгуулын объектийг стратегийн, стратегийн бус гэх мэтээр ангилан ялгаж, тэдгээрт төр, засгаас ялгавартай хандах болсон юм. Үүнд олон муу үр дагавар бий. Ашигт малтмалын аливаа орд газрыг геологийн судалгаа, хайгуулаар тогтоодог жамтай буюу өөрөөр хэлбэл ордыг нээж улмаар өсгөж томруулдаг. Гэтэл өнөөдөр бий болсон цөөн хэдэн томоохон ордод хамаг анхаарлаа төвлөрүүлж, ордуудын хайгуулын ажлыг орхигдуулан, ялангуяа нөөц нь өсөх илт боломжтой ордын эргэн тойрны болон гүнд нь өргөтгөсөн хайгуул хийх ажилд анхаарал тавихгүй, дэмжихгүй байгаа ба улмаар элдэв татвараар боомилж байна.
Бас нэг анхаарууштай зүйл бол стратегийн гэх ордуудад олон талын анхаарал тавьснаар бусад олон олон тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь ажиллагаанд тавих анхаарал эрс суларч байна. Энэ нь ялангуяа байгаль орчны бохирдол, хүн амын аюулгүй байдалд хамаарна. К.Клуерийн өгүүлэлд харуулсан гэрэл зургууд үүний маш тод жишээ болно. (Энэхүү өгүүлэл нь мөн The Mongolian Mining Journal-ийн ¹005 дугаарт нийтлэгджээ.) Иймэрхүү дүр зургийг манай орны аль ч хэсэгт харж болно. Цианид, мөнгөн ус хэрэглэх , хүнцэл зэрэг хортой, хольцтой хаягдал замбараагүй хаях зэрэг нь тун түгээмэл. Үүний шалтгаан нь хайгуул олборлолтын томоохон төслүүд нь хяналт тавихад дөхөмтэй, ил тод, нүдэнд өртөж байхад К.Клуерийн бичсэнчлэн жижиг, дунд уурхайнууд ил тод бус, тодорхой стандартгүй, хууль бус баримт, зөвшөөрөлгүй, нуугдмал байдлаар ажилладаг.
Ийм байдал манай оронд алт, төмөр, молибден, жонш, нүүрс зэрэг ашигт малтмалын жижиг, дунд ордуудын хайгуул, ашиглалтын явцад маш түгээмэл байгаа нь тодорхой. Үүний цаана өгүүлэл зохиогчийн дурдсанчлан төр засгийн зарим ажилтан, зарим иргэд,нутгийн удирдлага холбогдсон, ихэнх нь Хятад, Солонгос зэрэг улсын жижиг компани, хувь хүмүүс хууль бусаар ажилладаг, сүйтгэдэг явдал буй нь хэрээс хэтэрчээ. Иймэрхүү төрлийн субъектүүд нь хайгуулын ажлын зарчим, дэс дараалал, арга аргачлалыг үл ойшоодгийг өгүүлэл зохиогч бараг хоёр зуун жилийн тэртээх АНУ-ын баруун хэсгийн байдалтай тодорхой харьцуулжээ. Уг ашигт малтмалын ордын хайгуул олборлолтын явцад хэрэгцээт химийн бодис, материалыг аль ч оронд хэрэглэдэг бөгөөд гагцхүү хууль, журмыг чанд мөрдөж, зохих технологийг баримталдаг юм. Аливаа хот суурин газрын дотор олноороо байдаг шатахуун түгээх газрууд технологио баримталдаггүй бол юу болохыг төсөөлөхөд л хангалттай.
Өнөөдөр манай орны ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын хөгжил ямарваа нэгэн уналтын байдалд орох үндсэн шалтгаанууд нь дээр дурдьсан зүйлс болон тэдгээртэй холбоотой эрх зүйн орчныг цэгцлэн тогтвортой байлгах, ялангуяа заавал зөвхөн том объектуудад гэлтгүй ашигтай байх боломжтой талбайд хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хүлээлгэж, түдгэлзүүлж байгаа явдал юм. Мөн төр, засгийн зүгээс ашигт малтмалтай холбоотой асуудалд хойрго, задгай, саланги байдлаар хандаж байгаагаа “Бид Монголынхоо баялгийг хамгаалж байна, бид уул уурхайн салбараас өндөр хувь хүртэх ёстой“ гэж тайлбарладаг, бас зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр зарим учрыг гүйцэд мэдэхгүй субъектүүдээс уул уурхай бол аюултай, хортой, аймшигтай, ашиггүй гэх мэтээр мэдээлэл цацаж байгаа нь энэ талаар бүрэн ойлголтгүй олон түмнийг төөрөгдөлд оруулах зэрэг явдлууд нь эрдсийн баялгийн салбарын хөгжлийн хурдцыг сааруулж байна.
Энд бас нэг зүйлийг дурдахад Засгийн газрын байгууллагууд, холбогдох сайд, дарга, өндөр тушаалын хариуцлагатай ажилтнууд ойр ойрхон солигдох ба тэр болгондоо санал бодлын зөрчилдөөн үүсгэж, урт хугацааны цэгцтэй бодлого байхгүй болдог нь хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ төрүүлдэг. Гэхдээ энд би шийдвэр гаргагчдыг хэн нэгний шахалтаар яарч сандран, гэрээ хэлэлцээр хийхийг санал болгоогүй ба зөвхөн тууштай бодлогыг баримтлаасай гэж хүсч байна. Ганц нэг жишээ хэлье. Ерээд онд Бороогийн алтны ордыг умард Америкийн Морриссон Кнүдсен, Заамарын Бумбатыг “Монголиан Гоулд Ресорсиз“ хэмээх компаниуд яаж орхисныг эргэн санах хэрэгтэй байна. Мөн Киргиз улсын хэдэн зуун тонн алтны нөөцтэй Кумтор хэмээх ордыг ашиглах гэрээг Канадын нэгэн томоохон компани 8-10 жил хүртэл тус улсын Засгийн газартай хэлэлцэн байгуулж, улмаар дэлхийн хэмжээний үлэмж том уурхайг байгуулсан, АНУ-ын Невада, Калифорни мужийн заагт орших Кастл Маунтэн хэмээх алтны ордыг ашиглах гэрээ зөвшөөрлийг авахын тулд муж улсын захиргаатай мөн дээр дурдсан хугацааг зарцуулж байсан зэрэг түүхийг судалж үзэхэд зүгээр болов уу.
Эцэст нь дурдахад дээрх өгүүллийн төгсгөлд бичсэн зөвлөмжийн чанартай зүйлсүүдтэй миний хувьд санал төстэй байна.
Тухайлбал: -Ашигт малтмалын ордын хайгуул, үнэлгээний нэгдсэн стандартуудыг дэлхийн хэмжээнд голчлон баримталж буй баримтуудтай ойртуулан цэгцэлж нэг мөр болгох буюу их, бага гэлтгүй ордын нөөцийн тооцоо, үнэлгээний нэгдсэн зарчимтай болсноор улсын мэдээллийн сан ойлгомжтой бөгөөд хэн ч хэрэглэхэд хялбар болно.
-Улсын нутаг дэвсгэрийн геологи, хайгуултай холбоотой бүх мэдээллийг нэгтгэн бүртгэх, эмхтгэн цэгцэлж мэдээлэх ажлыг нэг дор төвлөрүүлэх, улмаар Эрдэс баялгийн зөвлөл хэмээх ойлгомжгүй нэгж шаардлагагүй болж голдуу статистик, бүртгэл хариуцсан Мэдээллийн төв ажиллаж байх. Хөгжилтэй ба хөгжиж буй олон оронд засгийн төлөөлөх байгууллагууд нь хүний хайгуулын ажлын тайлангийн үг үсгийн алдааг ухаад суудаггүй, зөвхөн холбогдох нэгдсэн стандартыг мөрдөхийг л шаарддаг, бусад нь компаний өөрийн асуудал.
-Тусгай зөвшөөрөл авах, олгох ажлыг хариуцсан төвлөрсөн тогтолцоог сэргээх нь зөвшөөрөл авах олон дамжлагыг цөөлж, их бага хүнд суртал, ялангуяа авлигын асуудлыг цэгцлэхэд дөхөмтэй болох юм. Монгол улс нь АНУ, Мексик, Канад, Австрали тэр байтугай ОХУ, БНХАУ зэрэг улс шиг холбооны улс биш нэгдсэн нэг төртэй, хуультай нэгдмэл улс гэдэг утгаараа нэг дүрэм журамтай байх нь зүйтэй гэж бодно.
-Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг илүү чөлөөтэй болгох, гэхдээ энэ чиглэлийн мэргэжсэн бирж маягийн газар бий болбол зүйтэй байх.
-Хайгуулын талбайн тендерийн асуудал ойлгомж муутай байна. Энэ нь ялангуяа улсын төсвөөр гүйцэтгэж байгаа геологи хайгуулын талбайд нууцлал алдагдах зэрэг олон шалтгаанаас болж хөндөгдөж байна.
-Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг сунгах нь зөв боловч зарим тохиолдолд зөвшөөрөл авсан талбайдаа хайгуулын ажил гүйцэтгэх сонирхолгүй, чадваргүй зөвхөн эрхээ зарж борлуулан ашиг олох сонирхлыг хязгаарлах механизмыг эрж олох нь зүйд нийцнэ.
Төгсгөлд нь, энэхүү тэмдэглэлийг бичихдээ хэн нэгнийг дагалдан баясах, эсвэл бусдын санааг мушгин гуйвуулах зорилго агуулаагүй, зөвхөн цөөнгүй объект дээр багагүй хугацаанд геологи, хайгуулын ажил хийлцэж явсан геологчийн хувьд өөрийн санал бодлыг илэрхийлэв. Мөн мэргэжил нэгт нөхдүүдээс дээрх өгүүлэлтэй холбоотой санал бодлыг, ялангуяа геологи хайгуул, уул уурхайн эрх зүй, ашигт малтмалын эдийн засаг, хайгуул олборлолтын арга аргачлалтай холбоотой санал бодлоо илэрхийлж байвал хэн хүнд хэрэгтэй гэж бодож явдаг юм