Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

68 хувийн татвар шиг гэнэтийн шийдвэрүүд их гарах боллоо

НӨАТ- ын тухай  хуульд зааснаар экспортод гарч байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг экспортолдог компаниуд уг татвараас чөлөөлөгддөг. Тэгэхээр НӨАТ шингэсэн бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээний төлбөр нь буцааж олгогдох ёстой гэсэн зарчим бий. Хэрэв олгогдохооргүй болж байгаа бол энэ НӨАТ биш, тухайн татвар үндсэн утгаа алдаж байна. Тийм учраас энэ өөрчлөлтийг зориуд хийж байна уу, эсвэл мэдэхгүйн улмаас ийм юм хийгээд байна уу гэж гайхахад хүрч байна.

Хуульд ийм өөрчлөлт орох гэж байгаа талаар мэр сэр яриа гарч байсан боловч мэргэжлийн байгууллагуудаас ямар ч зөвлөгөө аваагүй. Зөвхөн татвар авч, улсын төсвийн орлого нэмэгдүүлэх гэдэг утгаар хийчихсэн.

Буцаан олголт байснаар Монголд хохирол учраад байна ч гэх шиг хачин сонин юм их ярьж байна. Угаасаа уул уурхайн компаниудын бүтээгдэхүүнүүд дотор дотоодын зах зээлд борлогддог бүтээгдэхүүн байхгүй.  НӨАТ бол зөвхөн дотоодод үйлчилдэг татвар. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг улс дэлхийд нэг ч байхгүй. Одоо харин Монгол шинээр гарч ирж байх шиг байна. Энэ утгаараа магадгүй олон улсын санкцад орж мэднэ. Яагаад гэхээр байж болшгүй зүйл хийгдсэн учраас.
Энэ хуулийг санаачилсан нь зөв гэж бодож байгаа хүмүүс хуулиа буцааж татаж авах эсэхийг мэдэхгүй байна.

Уул уурхайн компаниудад бол маш том дарамт учирна. Угаасаа уул уурхайн компаниудын хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд зардал талдаа НӨАТ төлчихсөн байдаг. Зардал маш өндөр гардгийг бүгд мэднэ . Тэр дотор шингэсэн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчээс авдаг ийм татвар шүү дээ. Гэтэл НӨАТ-ын үндсэн агуулгыг нь алдагдуулаад ийм өөрчлөлт хийчихлээ. Үүнийгээ тэр нөхдүүд ойлгож байгаа юм уу. Ойлгож байгаад санаатайгаар хийсэн бол нэг хэрэг. Мэдэхгүйн улмаас хийсэн бол бас нэг хэрэг.

МУУҮА -аас санал авсан уу?

Парламент маш бүдэг байр суурьтай байсан. Энэ хуулийг хэлэлцэх эсэх нь мэдэгдэхгүй байсан.  Ер нь сүүлийн үед  хуулиуд гэв гэнэтхэн гардаг болж.  Гэнэтийн ашгийн албан татварын хууль анх яаж  гарч ирлээ, түүн шиг гэнэтийн шийдвэрүүд их гарч байгаа. Энэ нь угтаа улс орныг хөгжүүлэх биш харин хорлох арга хэмжээнүүд болоод байх шиг байна.

Энэ хууль батлагдсанаар ямар сөрөг болон давуу тал гарна гэж Та бодож байна?

Ер нь бол уул уурхайн салбарт зардал нэмэгдэнэ. Зохиомол зардал гэсэн үг., хууль бус. Хуулиар тогтоогдсон НӨАТ-ын зарчмыг эвдэж оруулж ирж байгаа тийм үйл ажиллагаа л даа. Уул уурхайн компаниудад ямар ч байсан татварын маш том дарамт ирнэ. Тэр дарамт ирснээр үндсэндээ зарим салбарын бүтээгдэхүүнүүд үнэ нь маш их буурч байгаа учраас экспорт  зогсох магадлалтай. Экспортод гарахгүй байх магадлал өндөр. Нүүрс мэтийн бүтээгдэхүүн дээр маш өндөр ачаалал өгч байгаа.

Ер нь УИХ-ын  шийдвэрүүд нь хоорондоо ямар ч авцалдаагүй гарч байна. Нэг харахаар уул уурхайг  хөгжүүлнэ   гээд байгаа юм шиг, тэгснээ ерөөсөө уул уурхайн үйлдвэрлэлийг зогсооно ч гээд байгаа юм шиг. Гол усны эхэнд ашигт малтмал олборлож байгааг зогсооно гээд бас нэг хууль сая гарлаа. Энэ хууль ирээдүйд олгогдох лицензэд хамаатай байхаар байсан бол нэг хэрэг.  Дахиж шинээр лиценз энэ бүс нутагт олгохгүй гээд. Хуучин хуулиар олгогдчихсон хууль ёсныхоо дагуу эзэмшиж байгаа компаниудад  маш их асуудал үүслээ. Энэ асуудлаа Засгийн газар, УИХ яаж шийдэх гэж байгаа юм. Цалингаа тавьж чадахгүй байж тийм их хэмжээний нөхөн төлбөрийг бизнесийн байгууллагуудад төлж чадах юм уу үгүй юү. Зүгээр луйвардаад авах гэж байгаа бол уучлаарай, хуулиар бол тийм юм байхгүй. 

Уул уурхайн салбарыг хөгжүүлнэ гэдэг нь Монгол улсыг хөгжүүлэх бас нэг хувь нэмэр гэдэг утгаараа бизнесийнхэн өөрсдийнхөө болон улс орны эрх ашгийн төлөө татвар төлөгч болж ажиллаж байгаа болохоос биш зөвхөн хувьдаа ажиллаагүй шүү дээ. Нэг хэсгийг нь ажлын байраа хадгалаач гээд , нөгөөг нь ерөөсөө та нар үйл ажиллагаагаа зогсоо гээд байдаг чинь ер нь ямар учиртай юм. Хавтгайд нь ингэж хууль гаргаж хориглох асуудал ерөөсөө байж болохгүй. Байж болохгүй хэрнээ өнөөдөр ийм улс төрийн шинж чанартай хуулиуд гаргаж байгаа нь хэдэн хүн ирээдүйн сонгуульд суудлаа  хялбархан хадгалж үлдэх гэсэн явуургүй арга харагдаж байгаа юм.

Тэр ажлын байргүй болсон хүмүүсийг ажлын байраар хангаж чадах   уу гэдэг асуултад тэд хариулж чадах болов уу. Энэ асуултад хариулж чаддаг байж ийм хууль, шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Ард түмний эрх ашгийг хамгаална гэдэг чинь нэг хэсгийнх нь эрх ашгийг хохироогоод , нөгөө хэсгийг нь аварч байгаа гэж хэлэхэд ч хэцүү байдалд аваачихыг хэлдэггүй байх. Тэгэхээр аливаа гаргаж байгаа шийдвэрээ жаахан ч гэсэн бодож,   үр дагаварыг нь харж, энэ шийдвэрийн дараа ер нь юу болох вэ гэдгийг төсөөлж, мэдлэг боловсролтойгоор асуудалд хандах хэрэгтэй. Зүгээр нэг хувьсгалчийн шинж чанар, дүр эсгэсэн улсууд  шийдвэр гаргадаг болж хувираад байна.

Тэгэхээр хуулийн энэ өөрчлөлтөөс ямар ч үр дүн гарахгүй гэж Та бодож байна уу?

Ямар ч үр дүн гарахгүй. Өнөөдөр байгаль орчин сүйдэж байгаа гэж ярьж байгаа. Хэчнээн га ой жилдээ шатаж байгааг эд нар мэдэж байгаа юу. Хэчнээн нь хорхойд идэгдээд устаж алга болж байгааг   мэдэж байгаа болов уу. Экологийн өөрчлөлтөөс болж гол ус хэр хэмжээгээр ширгэж байгааг   тооцож мэдсэн юм уу. Зүгээр л өнөөдөр харагдаж байгаа нэг хэсэг хүнд бүх лайг үүрүүлчихвэл амгалан тайван, байгаль нь сэргээд бүх юм нь сайхан болоод явчихна гэвэл дэндүү том эндүүрэл.

Нөгөөтэйгүүр уул уурхайн компаниудын албан секторыг уул уурхайн салбараас шахаж гаргах гэж байгаа бол нинжагийнхаа асуудлыг тэд шийдэж чадах болов уу. Нинжа энд нөөц байгаа гэдгийг мэдэж байгаа л бол тийшээ орно. Тэнд хууль байна уу,  хуульгүй юу пад байхгүй. Угаасаа нинжагийн хувь заяа тийм л байдаг. Тэрний дараа байгаль орчин сүйдсэн хариуцлагыг хэн хүлээх бол. Тэр хууль санаачилсан хүмүүс хүлээж чадах болов уу.

Ер нь бид буцаан олголтыг ор байхгүй болгох ёстой байсан уу, эсвэл дэлхий нийтийн жишгээр тодорхой хувьд барих ёстой юу?

НӨАТ гэдэг бол дотоодод нэмэгдсэн өртөг бий болж байгаа бүтээгдэхүүн дээр л тогтоодог татвар. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд дээр ерөөсөө НӨАТ тогтоодоггүй. Компаниудын экспортод гаргаж  байгаа бүтээгдэхүүн  НӨАТ-аас чөлөөлөгдөж явах ёстой. Тэгэхээр энэ зарчмаа л барих ёстой. Хэрэв энэ зарчмыг алдагдуулж байгаа бол энэ чинь НӨАТ биш.

Буцаалт өгөөд байхаар төсөвт маш их  дарамт болдог шүү дээ?

Экспортод гаргаж  байгаа бүтээгдэхүүнүүдээс ямар гэрээ хийсэн байна тэр гэрээгээр бусад татваруудаа  авч байгаа. Гэрээ нь хэр үнэн бэ гэдэг асуудал татварын байгууллага, татвар төлж байгаа компани, гадаадад гэрээлж байгаа компани, тэнд байгаа татварын албад  хоорондын мэдээллийн сүлжээн дундаас үнэн мөнийг нь тогтоож авах боломжтой зүйл. Манайд компаниуд орлогоо татвараас нуух явдал  түгээмэл байдаг. Үүнээс болж татварын орлого алдах асуудал бий. Тэр аргаар нь л татварыг  нөхөж авна уу гэхээс өөр аргаар нөхөж авч болохгүй.  Өнөөдөр хийж чадаагүй ажлаа өөр аргаар нөхөж болохгүй. Тэгэх юм бол татварын утга агуулга алдагдчихна.

Оюутолгой, Тавантолгой яригдаж байгаа энэ үед хэрвээ энэ хуулийг өөрчлөөгүй байсан бол тэр том төслүүдэд буцаан олголт хийх мөнгө манайд байхгүй гэж татварын албаныхан тайлбарлаж  байгаа?

Энэ бол урд нь тухайн компани бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авахдаа  төлчихсөн татвараа л буцааж авч байгаа явдал юм. Түүнээс биш оргүй хоосноос зүгээр компанид өглөг өгөөд байгаа юм биш. Хэрэв үнэхээр татварын газар эрүүл ухаантай улсууд байгаа бол урд нь тэр компани чинь улсад төлчихсөн татвараа л буцааж авч байгаа шүү дээ.  Түүнээс биш зүв зүгээр байж байгаад улсаас мөнгө аваад байгаа юм шиг тайлбарлаад байна шүү дээ.

Танай Ассоциацийн гишүүн байгууллагуудаас энэ хуультай холбоотой санал гомдол хэр ирж байна?

Маш их ирж байгаа. Бүх компаниас гомдол ирсэн. Биднээс нэг ч санал асуугаагүй. Засгийн газар дээр  ярьсан юм уу , үгүй юү мэдэхгүй. Бид нарт ямар ч мэдээлэл байгаагүй. Уул уурхайн компаниудад татварын дарамт хангалттай байгаа. Хамгийн өндөр татвар төлөгчид бол уул уурхайн компаниуд. Ер нь эцсийн бүлэгт татварын зохистой харьцаа гэж байдаг. Хүмүүсийн амьдралыг дээшлүүлдэг арга зам бол татвар биш. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Татвараас үлдэж байгаа хэсэг чинь тэр хүний, улс орныг хөгжүүлэхэд зарцуулж байдаг хөрөнгө.

МУУҮА  гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах учиртай. Танай дараагийн алхам юу байх вэ?

Ассоциаци  энэ хуулийн асуудлаар наймдугаар сарын 12-нд уулзалт зохион байгуулна.  Тэндээс чухам ямар шийдвэр гарахыг урьдчилж хэлж чадахгүй л дээ. Ямар ч байсан бид тодорхой хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлнэ.  Ер нь энэ янзаараа дур зоргын шийдвэр гэнэт гараад байвал Монголд бизнес эрхлэх хэрэг байна уу үгүй юү. Ингээд байх юм бол бизнес өөрийн эрхгүй хумигдана шүү дээ. Тэгээд нөгөө татварын орлогоо юунаас олж авах билээ. Ер нь Засгийн газар, УИХ, төрийн байгууллага улс орныг хөгжүүлдэггүй юм. Жирийн иргэд , тэдний бүтээлч хөдөлмөр л улс орноо хөгжүүлдэг юм.