НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орлоо. НӨАТ-ын буцаан олголтын талаар өмнө нь яригдаж байсан уу?
НӨАТ-ын тухай хуульд хэрвээ экспортод бүтээгдэхүүнээ борлуулах худалдах зориулалтаар гаргасан бол нэмэгдсэн өртгийн албан татвар 0-тэй тэнцүү байна гэсэн заалт байгаа. Энэ нь экспортод гаргасан бүх бүтээгдэхүүнд хамааралтай заалт. НӨАТ-ын 0 хувь гэдэг нь экспортод бүтээгдэхүүнээ гаргасан л бол дотоодын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа төсвөөс буцааж авдаг ийм зохицуулалтыг хэлж байгаа юм. Уул уурхайн компаниудын тухайд олборлох, бүтээгдэхүүнээ боловсруулах явцдаа дотоодоос худалдан авсан бүх хэрэглээ -уур ус, цахилгаан дулаан, холбоо, хоол хүнс гээд нэмэгдсэн өртгийн албан татварын хувьтайгаар худалдан авсан худалдан авалт бүрийнхээ 10 хувийг төсвөөс буцааж авна гэсэн үг. Энэ зохицуулалт нь төсөвт томоохон эрсдэлийг бий болгож байгаа юм.
Манай улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар дээр тогтож байна. Тухайлбал, “Айвенхоу Майнз Монголиа Инк“ ХХК сүүлийн 4 жилд НӨАТ-аар нэг ч төгрөг төлөөгүй атлаа төсвөөс 39.4 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байх юм.
Тавантолгой, Оюутолгойн орд газраа ашиглаад эхлэх юм бол бүр том хэмжээтэй эрсдэл бий болно. Төсвийн бүрдүүлэлтийн эрсдэлийг ингээд орхичихъё гэж бодъё. Олон улсын хэмжээнд ч, Монголынхоо хэмжээнд ч судалгаанууд хийгээд үзэхээр жишээ нь Азийн улсуудад НӨАТ-ын 6-7 хувийг нь л буцааж олгодог юм байна. Гэтэл манайд 48 хувийг нь буцааж олгоод сууж байдаг. Хэрвээ Оюутолгой ордыг яг ийм өөрчлөлт ороогүй татварын нөхцөлтэй ашиглаж эхлэх юм бол бид бараг жилийнхээ төсвийг бүгдийг нь буцааж олгоод ч цаана нь өртэй байхаар нөхцөл байдал бий болно. Энэ талаар Татварын алба гурван жил хэртэй хэлж ярьсан. Янз бүрийн судалгаа тооцоонууд хийж Сангийн яаманд өргөн барьж байсан. Гэтэл яагаад ч юм өнөөдрийг хүртэл НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт болж оролгүй , их хэмжээний буцаалт яваад л байсан.
Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний мөнгө буцаан олгогдсон бэ?
2005-2008 оны хооронд нийтдээ 242.4 тэрбум төгрөг буцааж олгосон байгаа. Үүний 83.9 хувь буюу 203.4 тэрбум төгрөг нь зөвхөн уул уурхайн салбарт олгогдсон. 2009 онд гэхэд 17.9 тэрбум төгрөгийг энэ салбарт буцааж олгосон байгаа.
Энэ буцаан олголтоос болж бизнесийн орчинд ямар нэг өөрчлөлт нөлөөлөл үүссэн үү?
Хуульд нэг татварын илүү төлөлтөөр нөгөө татварын дутууг суутган тооцож болно гээд заачихсан байгаа. Гэтэл одоо ийм их буцаан олголттой, хууль цоорхойтой байгаа тохиолдолд зүгээр бизнес хийгээд явж байсан хүмүүс бүгд уул уурхай руу ороод эхэллээ. Яагаад гэвэл тэд дотоодын худалдан авалтаа буцаагаад авчих бололцоотой. Хамгийн энгийн жишээгээр, нэг аж ахуйн нэгж нүүрс экспортолдог гэж бодъё. Мөн архи спирт үйлдвэрлэж байна. Янз бүрийн үйлчилгээнүүд үзүүлдэг. Магадгүй санхүүгийн бизнес ч эрхэлдэг байж болно. Хуульд л хориглоогүй бол хэдэн ч төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно. Гэтэл нүүрс экспортод гаргасны буцаан олголтыг архи, спирт үйлдвэрлэж борлуулснаас төсөвд төлөх ёстой НӨАТ-аар суутган тооцуулж байх жишээтэй. Ийм байх юм бол Монгол улс төсвөө татвараар яаж бүрдүүлэх юм.
Төсөв буцаад юунд зарцуулагддаг билээ. Эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, тэгээд төрийг өөрийг нь санхүүжүүлээд, тэтгэвэр тэтгэмжийг олгодог. Нүүрс экспортод гаргаж байгаа нь энэ гээд хамгийн үнэтэй баялгаа бид өдөр болгон ачаад явуулж байгаа. Тэгээд архи юм уу, спирт үйлдвэрлээд төлөх ёстой татвараас нь нөгөө экспортод гаргасныг нь суутгаад явж байна. Тэгэхээр энэ бол нэг ёсны асар том гажуудал.
Нөгөө талаар, “Бороо гоулд“ компанийн талаар урт хугацаанд янз бүрээр ярьж байгаа. Тэр Тогтвортой байдлын гэрээг 1998 онд хийж эхэлсэн. 2009-2010 онд ийм асуудал гарах юм гэдгийг тэр үед олж харж чадсан уу , үгүй юү. Гэтэл өнөөдөр нэгэнт олон улсын хэмжээнд гэрээ үзэглэчихсэн учраас бид Тогтвортой байдлын гэрээ гэдэг юмыг яаж ч өөрчилж чадахгүй байна. Одоо газар доор байгаа хамгийн чухал үүцээ задлах гээд гадны байгууллагатай гэрээ хийх гээд сууж байдаг. Энэ хуулийг өөрчлөлгүйгээр том ордын асуудал руу орчих юм бол төсөв ямар хүнд байдалд орохыг дээр дурьдсан.
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэдийнээс судалсан юм бэ?
Миний хувьд насаараа л Сангийн яам,Татварын албанд ажилласан. Татвараар эрдмийн зэрэг хамгаалсан цөөхөн эрдэмтний нэг. Бид төсвийн орлого бүрдүүлэх явцад гарч байгаа хүндрэл, энэ хуулийн цоорхойны талаар олон судалгаа тооцоог хийсэн. НӨАТ-ын буцаан олголтын журам гэж байна.Уг журамтай холбогдуулан манай газар хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлгээр , цаашдаа энэ хэвийн бус үйл ажиллагааг зогсоохгүйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын ил , шударга, тэгш байх нөхцөлийг хангах боломжгүй юм гэсэн судалгаа тооцоонуудыг гаргасан.
Ингээд байж байтал “Бороо гоулд“-тай холбоотой асуудлаар манай дээр УИХ-ын гишүүд ажилласан. Гишүүдэд бид олон жилийн судалгаа тооцоо, Сангийн яаманд өргөн барьж байсан төслөө танилцуулсан.
Манай судалгааг их зөвөөр харж, УИХ-ын нэр бүхий 10 гишүүн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Тэр хуулийн төслийг өргөн барих үйл ажиллагаанд би Ажлын хэсэгт нь орж ажилласан юм. Тэгээд бид маш бодитой тооцоонуудыг хийж өгсөн. УИХ-ын хаврын чуулганы шувтаргаар анхны хэлэлцүүлгээр нь НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Ингэснээр манай төсөвт хэдий хэмжээний зарлага хэмнэгдэх вэ?
Уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргах юм бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгийг нь урамшуулах үүднээс 0 хувьтай байлгая гэж Засгийн газар санал болгосон. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад тохиолдолд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ бол Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, татварын хууль эрх зүйн орчныг зөв болгох маш чухал алхам.
Хуулийн өөрчлөлт гарсантай холбогдоод жилд 40 орчим тэрбум төгрөг төсвийн зарлага талаас хасагдана. Бид энэ хямралтай үед төсвийн орлого бүрдүүлэх гэж маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Ихэнх салбар зогсонги байдалд орчихсон. Биднийг ганц тэжээдэг зэсийн үнэ өндөр хэлбэлзэлтэй байгаа. Нийтдээ улсын төсвийн орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг 250-260 орчим тэрбум төгрөгөөр багасчихсан. Гэтэл бидний хэрэгцээ зардал хэвээрээ байгаа ийм нөхцөлд 40 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэж байгааг үнэлэх ёстой юм.
Үүнээс ч илүүтэйгээр , Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэлцэл хийж байгаа энэ үед хуулийг хэрвээ өөрчлөөгүй байсан бол улс орон маань ямар эрсдэлтэй байдалд хүрэх вэ гэдгийг олж харж, өөрчлөлт хийсэнд талархаж байна.
Улсын төсвийн зарлага хэмнэгдэхээс гадна өөр үр дагаврууд гарч болох уу?
Хууль “Төрийн мэдээлэл“ сэтгүүлд нийтлэгдсэнээсээ хойш 10 хоногийн дотор хэрэгжээд явах ёстой. Юуг уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүн гэх юм, ямар ангилал кодтой байхыг тогтоох эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон. Хэрвээ уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүнийг л экспортлоогүй бол экспортод бүтээгдэхүүнээ гаргасных нь төлөө татвар буцаан олгодог байсан нь одоо зогсоно гэсэн үг. Талх үйлдвэрлэхэд тариагаа тарина, хураана, боловсруулна гээд өчнөөн нэмүү өртөг, зардал гарна. Энэ бол өөр асуудал. Харин уул уурхайн бүтээгдэхүүн баялаг маань газар доор байж байдаг. Үүнийг ганцхан экспортлоод л алга болно. Харин талх хийх буудайг бол хэдэн ч удаа тарьж, хурааж болно. Тиймээс стратегийн чухал бүтээгдэхүүндээ ийм татварын хөнгөлөлт өгсөн хуулийн цоорхойг байлгаад байх нь утгагүй. НӨАТ гэж юуг хэлээд байгаа юм гэхээр нэмүү өртөг бий болсон тухай бүрд авч байдаг, хэрэглээнд нь ногдуулж байдаг татвар. Сүүлдээ одоо бизнесмэнүүд хүртэл хүн арддаа хэрэгтэй их зардал, боловсруулалт хийж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хойноос биш, арай өөр юмны хойноос бүгдээрээ хошуураад байна. Харж байхад , олон зөв чиглэлээр үйлдвэрлэл явуулж байсан компаниуд шууд уул уурхай руу ороод эхэлж байна. Тэгэхээр цааш нь ийм байдлаар үргэлжүүлэх үү гэдэг дээр бүгд санаа зовох учиртай.
Манай татварын орчин уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад хэр таатай вэ?
Татварын нэг л хууль байгаа. Бүх салбарт адилхан үйлчилдэг. 2007 оноос эхэлж Татварын багц хуульд том шинэчлэл хийгдсэн. Энэхүү шинэчлэлээр “Гурван аравт“-ын системд шилжлээ. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь, НӨАТ ч 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч 10 хувь болсон. Өмнө нь бол өөр өөр хувиудтай байсан. Энэ утгаараа манайх Азидаа хамгийн бага татвартай улс болсон.
Одоо Монгол улсад бизнес эрхэлж байгаа хүмүүс татварын дарамттай байна гэх юм бол өөр хаана очиж илүү сайн нөхцөлд ажиллах вэ гэдгийг олоход төвөгтэй. 1993 оноос хойш Монголд татварын тогтолцоо бий болсон цагаас хойшх бүх судалгааг үзсэн. Бусад улс оронтой харьцуулаад судлахад манайд татварын ачааллыг байнга бууруулж ирсэн юм байна. Тэгээд татварынхаа орчныг эрүүл болгосны дараа Татварын өршөөлийн хууль гаргалаа. Энэ бол Монголд ганц удаа л гарах хууль. Үүнийг хэрэгжүүлэхэд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Яагаад гэвэл шударгаар татвараа төлж байсан мянга мянган татвар төлөгч нартаа маш эвгүй ойлголт өгсөн. Хэрвээ татвар төлөхгүй байвал өршөөж болдог гэсэн. Хууль тогтоогч байгууллагаас Өршөөлийн хуулийг батлан гаргаж зургаан сар хэрэгжүүлсэн юм. ·Үлэмж хэмжээний нуугдмал орлого өршөөгдөж ил тод болсон.
Нөгөө талаар, манай уул уурхайн салбарт дотоодын гэхээсээ гадаадын хөрөнгө оруулагчид дийлэнх хувийг эзэлж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдад арай хатуу нөхцөл тавьж байгаа юм биш биз гэсэн яриа хуулийн хэлэлцүүлгийн үед гарч байсан. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагч нарын өөрийнх нь улс оронд болон бусад улс оронд үйлчилж байгаа татварын хууль, эрх зүйн орчин манайхаас хамаагүй хатуу байгаа шүү дээ. Нөгөө талаар, олон улсын хэм хэмжээнд ажиллаад сурчихсан хөрөнгө оруулагчид бизнесийнхээ үр дүн эрсдэлийг аль хэдийнэ тооцоод харчихсан нь мэдээж. Харин бид л алдаагаа засахгүй мунгинаж байсан байх.
НӨАТ-ын тухай хуулийн дэлхийн жишиг ямар байдаг вэ?
1998 оноос манайх НӨАТ-ын хуультай болсон. Монгол улс НӨАТ-ын тухай хуультай дэлхийн 110 дахь орон. Ер нь дэлхийн бүх оронд ижил зарчимтай, хэрэглээнд нь татвар ногдуулдаг хууль л даа. НӨАТ-ын хууль гэдэг бол ерөөсөө тухайн улс орон дотооддоо хэрэглээгээ зохицуулж байдаг хууль юм. Өөр ямар ч улс орноос хараат бус зохицуулдаг ганц хууль.