Гадаад эдийн засгийн орчин нэлээн сайжирч байна. Манай худалдааны гол түнш орнуудын эдийн засаг сайжирч байгааг сүүлийн үеийн олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. Ялангуяа өмнөд хөршийн эдийн засагт эрэлт нэлээд өсч эхэллээ. Тус улсын төр, засгаас хямралын эсрэг авсан арга хэмжээ үр дүнд хүрч байна гэж хэлж болно. Япон, БНХАУ-ын худалдаа маш өндөр хувьтай өссөн дүн мэдээ харагдаж байна. АНУ-тай хийдэг худалдааны хэмжээнээс давж гарсан гэх мэт нааштай үзүүлэлт харагдаж байгаа юм. Энэ мэт өөрчлөлтүүд нь манай улсын эдийн засагт нааштай нөлөө үзүүлж эхэллээ.
Хоёрдугаарт, гадаад зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлт сайн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад манай улсын экспортод гаргадаг түүхий эдийн үнэ нэлээн хурдтай өсч байна. Тэгэхээр манай гадаад худалдааны нөхцөл илүү сайн байгаа. Дээр нь хөдөө аж ахуйн салбарт “Атрын III аян“-ы хүрээнд ургац хураалтын ажил сайн явж байна. Харин боловсруулах үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын хувьд бэрхшээлтэй байгаа. Гэхдээ энэ асуудал нь өөрөө харьцангуй юм. Яагаад гэвэл өнгөрсөн хоёр жилд манай эдийн засагт огцом, хиймэл өсөлт бий болсон. Үнэн хэрэгтээ одоо барилга, аж үйлдвэрийн салбарын бууралт нь тооныхоо хувьд буурч буй үзүүлэлт боловч мөн чанартаа бодит түвшиндээ, хөрсөн дээрээ бууж буй үзүүлэлт мөн. Тэгэхээр энэ нь тийм ч муу зүйл биш. Өнгөрсөн жилүүдэд манай эдийн засагт бий болсон түүхий эдийн үнийн өсөлт нь зохиомол эрэлтээс үүдсэн болохоор дараагийн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлтүүд бодит түвшиндээ хүрэх нь сайн. Хиймэл өсөлтөөр манай барилгын материалын үйлдвэрлэл ч, барилгын салбар ч цаашид явахгүй.
2010 онд манай эдийн засгийн өсөлт сайжрах уу?
Энэ хавар хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байх үед ОУВС, Дэлхийн банкны судалгаагаар манай эдийн засаг 2009 онд 7.9 хувийн өсөлттэй байна гэж тооцсон. Саяхан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэргэжлийн хүмүүс тооцоо хийгээд оны түвшиндээ 2-3 хувийн өсөлт гарах магадлалтай гэсэн тооцоо хийжээ. 2010 оны хувьд эдийн засагт илүү хурдтай өсөлт гарах бүрэн боломжтой.
Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн нөхцөлийг харахад хамгийн гол нь хууль эрх зүйн орчин их чухал. Хөрөнгө оруулагчид манай хууль эрх зүйн орчныг анхааралтай ажиглан харж байгаа. Хоёрдугаарт, манай банкны салбар эрүүл байх ёстой. Бизнесийн орчинд мэдээж тодорхой хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. Түүнийг дэмжсэн банкны зээлдүүлэх чадвар, тогтвортой хүү чухал юм. Түүнээс биш бага хүүний тухай хэлж байгаа юм биш. Заавал зээлийн хүү бага байснаар эдийн засаг урагшилна гэсэн зүйлгүй. Гагцхүү зээлийн хүү өөрөө цочмог өөрчлөлттэй бус , тогтвортой байх ёстой. Ийм тогтвортой нөхцөлд эдийн засгийн өсөлт бий болох бүрэн боломжтой.