Татвар хураах эрхийн илэрхийлэл болгож хааны биет төлөөлөгчид “Алт, Мөнгөн гэрэгэ“-г /пайз/ олгон хэрэглүүлж, энэ нь хүн төрөлхтөний түүхэнд Ази , Европыг холбосон анхны татварын сүлжээг үүсгэжээ хэмээн үзэж болохоор байна. “Мөнгөн Гэрэгэ“-ний эх хувь нь эдүгээ ОХУ-ын Улсын түүхийн музейд хадгалагдаж байна. Монгол улсын татварын алба энэхүү “Мөнгөн Гэрэгэ“-г өөрийн бэлгэдэл болгон залах бөгөөд загвар нь эх хувийнхаа хэв шинжийг бүрэн агуулсан байна.
Германы нэрт гүн ухаанч Ф.Гегель “Дэлхийн төрт ёсны тогтолцоог бий болгоход төв Азийн нүүдэлчин монголчуудынх шиг их хувь нэмэр оруулсан улс үндэстэн байхгүй“ гэж хэлсэн нь юуны өмнө төрийн бодлогын голлох чиглэлийн нэг болох татварын тогтолцоог бий болгосон ач холбогдлыг тодорхойлж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Монголын Юань гүрний хууль цааз болох 1338 оны “Дээрээс тогтоосон хууль цааз“ -ны бичмэл эх саяхан БНСУ-аас олдсон нь дэлхийн төрт ёсны түүхэнд үлэмж ач холбогдолтой. Энэ хуулийн ихэнх хэсэг нь Монголын эзэнт гүрний татварын зохицуулалтад чиглэсэн байна. Тухайлбал:
- Юань улсын хүн ардаар ямар алба гувчуур бариулах
- Татвар хэрхэн авах
- Мөнгө зоосыг хэрхэн гүйлгээнд оруулах
- Ямар хяналт доор гүйлгээнээс гарсан мөнгийг устгах
- Давс олборлогчдоос ямар хэмжээний татвар авах
- Лалын шашин шүтэгчдээс хэдий хэмжээний татвар авах
- Хятадын Өмнөд муж Юньнаньд суугчдаас хэдий хэмжээний татвар авах зэрэг багтсан нь татварын асуудалд ямар ач холбогдол өгч байсны гэрч юм.
Хожуу Манж Чин улсын ноёрхлын үеэс албан татварын асуудал өмнөхөөс хурц тод гарч иржээ. Манж Чин улсын колончлолын үеийн албан татвар нь Монгол орны шууд үйлдвэрлэгч ард олны хөдөлмөрийн нэмүү бүтээгдэхүүнийг аваад зогсохгүй, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгслийг хүртэл сорон мөлжих колонийн дарлалын нэг гол хэлбэр болж байжээ.
Ардын төрөөс анх бий болгосон татвар нь байгалийн баялгийг нээж ашиглаж байгаа гадаадын пүүсүүдээс түрээсийн татвар, гүйлгээний татвар, худалдаа үйлдвэрлэлийн, тэмдэгтийн татвар, хөрөнгө чинээтэй хүмүүсээс орлогын татвар ногдуулж авахаар тогтоожээ. Татварын анхны эрх зүйн акт 1922 онд Сангийн яамнаас боловсруулан, Ардын Засгийн газар, Улсын түр цагийн хурлаас зөвшөөрч баталсан 29 зүйлтэй “Татвар хураах түр дүрэм“ бөгөөд улмаар анги давхарга , хөрөнгө чинээ харгалзахгүйгээр 10-аас дээш бодтой иргэдэд татвар ногдуулах болжээ.
Ардын Засгийн газрын 1923 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар хурлаар баталсан “Нутгийн захиргааны дүрэм“-ийн аймгуудад санхүүгийн хэлтэс, хошуудад албан татварын хэлтэс анх байгуулж, санхүүгийн төвлөрсөн мөнгөн фондыг дан ганц ардын аж ахуйтнаас бус гаалийн хураамж, газрын татвар, энгийн худалдааны татвар, гүйлгээний татвар, байгалийн баялгийн татвар, албан хаагчдаас хураах ашиг орлогын татвар гэсэн олон нэр төрлөөр өөрчилсөн. Мөн 1927 оноос ард олны хөрөнгө малаас хураах албан татварыг нэгтгэн явуулах тухай дүрэм гаргаж , 71 бодоос дээш малтайд бод бүрт үнийн хувийг 1-10% өсгөж авахаар заасан. 1937 онд мал аж ахуйн албан татварын хууль батлагдаж үүний дараа татварын талаар хэд хэдэн төрөлжсөн хууль гарсан нь татварын талаарх төрийн бодлого хэрэгжих эрх зүйн үндсийг тавьсан
Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.