Сүүлийн үеийн Дорнодын ураны орд газрын талаарх УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой мэдээллийн дагуу “Хан Ресорсез” компанийн талаар үнэн, худал янз бүрийн мэдээ гарч байгаатай холбогдуулан энэхүү тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд бичигдсэн тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад “Хан Ресорсез” ХХК-ийн эзэмшилд буй тусгай зөвшөөрөл зөрчилтэй гэж ороогүй байгаа. Мөн Ажлын хэсгийн дүгнэлтэд “Төв Азийн Уран” ХХК-ийн (ТАУК) үйл ажиллагаанд Канадын тал хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр эцсийн шийдвэрүүдийг гаргахыг дурдсан байгаа билээ.Энэ талаар манай компани бүхий л талаар хамтран ажиллаж, Төрийн өмчийн хороо (ТӨХ), Цөмийн энергийн газар (ЦЭГ), “Мон Атом” ХХК зэрэг байгууллагуудад холбогдох баримт бичгүүдийг гарган өгч, ТАУК-ийн ажлын хэсэг гарган ажиллаж, компанийн хуулийн дагуу ТАУК-ийн Удирдах зөвлөлд танилцуулж байсан. Мөн бид дахин зохих баримтуудыг ажлын хэсэгт гарган өгч хамтран ажиллахад бэлэн байна. “Хан Ресорсез” компани үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд харин яагаад ТАУК-ийн зөвхөн Канадын талын үүргийн биелэлтийг шалган тусгай зөвшөөрлийг татан авах тухай яригдаж, бусад хувь нийлүүлэгчдийн үүргээ хэрхэн биелүүлснийг огт дурдахгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн зарим байгууллагуудын мэдэгдэл, ярилцлагад зөвхөн “Хан Ресорсез” компани нь хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр албан болон албан бус мэдээлэл цацаж буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна.
“Хан Ресорсез Инк” компани (ХРИ) Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Монгол Улсын “Хан Ресорсез” (Хан Ресорсез Монгол)-г 100 хувь эзэмшдэг ба “Төв Азийн Уран” ХХК (ТАУК)-ийн 58 хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг. ТАУК нь 1995 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын зөвшөөрөл дэмжлэгтэй байгуулагдсан ба Монголын төр 21 хувийг эзэмшигч, ОХУ-ын төрийн мэдлийн Приаргуны УУХҮН компани (АРМЗ) 21 хувийн эзэмшигч болон ХРИ 58 хувийн эзэмшигч бүтэцтэй 15 жил үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль дүрмийн дагуу явуулж байгаа билээ. ТАУК-ийг үүсгэн байгуулахад Монголын талын хөрөнгө оруулалт нь 237А ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүхий л зөвшөөрлүүд байсан бөгөөд одоог хүртэл тус 237А тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Хан Ресорсез Монгол” компани 2004 онд байгуулагдан Дорнодод 9282Х хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 оноос эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ тухайн үед Монгол Улсад үйлчилж байсан бүхий л хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Дорнодын ураны орд газарт үйл ажиллагааны бүх санхүүжилтийг гаргаж ирсэн. 1995-2009 онуудад нийт Дорнодын ураны орд газрыг дахин сэргээх, судалгаа, эрэл хайгуул, өрөмдлөгийн ажлуудад 21 гаруй сая ам.долларын санхүүжилт дангаараа хийж өнөөдрийн байдлаар Дорнодын ураны орд газрыг ашиглалтад оруулах Техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын жишгийн дагуу гаргаж, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг бүх тайлан судалгааны ажлыг олон улсын жишгийн дагуу бэлэн болгоод Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу батлуулаад байна. ТЭЗҮ-д юуны өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн техник технологийн дагуу олборлолт, үйлдвэрлэл явуулахаар заагдсан ба үүний дагуу хуучин ашиглахаар бэлтгэсэн ОХУ-ын компанийн бий болгосон газар доорх сувгийг ихэнхдээ агааржуулах зорилгоор ашиглах ба бүхий л ажлыг шинээр гүйцэтгэхээр тооцоолсон. Үүний гол зорилго нь ХРИ компани ашиг орлогоо, аль болох хямд олборлолт явуулахаасаа өмнө ажилчдын болон оршин суугчдын аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, цацраг идэвхт бодисын хамгаалалт зэргийг чухалчлан үздэг Канадын технологи, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаад оршино. Өөр хуучнаар ашиглалт явуулж байсан дэд бүтэц, техник тоног төхөөрөмж байхгүй байгааг УИХ-ын Ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцсан байх ёстой. Мардайн төмөр замыг ТӨХ болон бусад төрийн байгууллагуудын шийдвэрээр хувьчилсан гэсэн мэдээлэлтэй.
Монгол Улсад энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хууль 2007 онд шинэчлэн батлагдаж, Цөмийн энергийн тухай хууль 2009 оны долдугаар сард батлагдсан. Энэхүү шинэ зохицуулалтын дагуу “Хан Ресорсез” компани үйл ажиллагаагаа Монгол Улсын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөж хуулийн дагуу зохицуулах бүхий л хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ТАУК-ийн 237А, “Хан Ресорсез Монгол” компанийн 9282Х тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгүүлэх шаардлагуудын дагуу хуулийн хүрээнд 2009 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Цөмийн энергийн газар (ЦЭГ)-т хүргүүлсэн. ЦЭГ-аас бидэнд албан ёсны хариу өгөөгүй бөгөөд нэмэлт баримт бичиг тайлбар нэхээгүй байгаа. Мөн ураны салбарт Монгол Улсын төрийн төлөөлөл болох “МонАтом” ХХК-тай хууль хэрэгжүүлэх талаар бид хамтран ажиллаж байгаа. Тухайлбал “Хан Ресорсез” компани “МонАтом” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг 2010 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр байгуулан Монгол Улсын төрийн давуу эрхийг хүлээн зөвшөөрч, Дорнодын ураны орд газрыг ТАУК-ийн хувь нийлүүлэгчдийн хамт ойрын хугацаанд ашиглалтад оруулах зорилготой байсан. Мөн Санамж бичгийн дагуу ХРИ компани Монгол Улсын Цөмийн энергийн хуулийн дагуу Монголын төр ТАУК болон “Хан Ресорсез” ХХК-иудын 51 хувийг үнэ төлбөргүй эзэмшихийг хүлээн зөвшөөрч ХРИ ноогдох хэсгээс зохих хувийг “МонАтом” ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх байсан. Ингэснээр Монголын төрд Дорнодын орд газрын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч ТАУК болон “Хан Ресорсез Монгол” компаниудын 51 хувь Цөмийн энергийн хуулийн дагуу үнэ төлбөргүй шилжих нөхцөл бүрдэх байсан.
Харамсалтай нь ТАУК-ийн ОХУ-ын талын төлөөлөл болох “АтомРедМетЗолото” (АРМЗ) үүнийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж саналаа бидэнд албан ёсоор өгөөгүй. Энэ хугацаанд ОХУ-ын АРМЗ компани нь ХРИ Канадын Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компанийн хувьцааг нэг бүрийг нь $0.65 центээр худалдан авахыг 2009 оны арваннэгдүгээр сард зарласан. Ингэхдээ энэ талаараа ЦЭГ-аас албан ёсоор зөвшөөрөл авсан эсэхийг бид мэдээгүй ба ЦЭГ-аас энэ талаар ямар нэгэн Мэдэгдэл гаргаж байгаагүй. ХРИ компани ийнхүү Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх арга хэмжээ авч, Монголын төрийн төлөөлөл болох “МонАтом” ХХК-тай хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулан ажиллаж байхад АРМЗ компани ХРИ компанийг худалдан авах саналын хугацаа дуусахаас /2010 оны хоёрдугаар сарын 1 дуусах хугацаа/ өмнөх өдөр ЦЭГ-аас мэдэгдэл гарган тус Санамж бичгийг хууль зөрчсөн, хэрэгжих боломжгүй гэж олон нийтэд зарласан. Ингэснээр ХРИ компанийн хувьцааны ханш унаж, АРМЗ компани 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Хан Ресорсез” компанийг хямдхан худалдан авах боломж бүрдэх байсан. Энэ үед Хятадын CNNC Хан Ресорсез Канад компанийн хувьцаа нэг бүрийг $0.96 центээр худалдан авах санал өгсөн ба үүнийг “Хан Ресорсез” компани хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Мөн сүүлийн үед АРМЗ компанийн зүгээс ураны тусгай зөвшөөрлүүдийн талаар Монгол Улсад бий болж байгаа, болох гэж байгаа үйл явдлын талаар удаа дараа мэдэгдэл гаргаж болоогүй юмыг болсон мэт олон улсад мэдээлэл цацаж, Монгол Улсын Засгийн газар одоо тэгнэ ингэнэ,тэгэх ёстой гэх мэтээр мэдэгдэл гаргаж байгааг хараад гайхаж байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, Дорнод, Гурванбулаг, Мардай ураны орд газруудын тусгай зөвшөөрлүүдийн талаар Засгийн газрын Ажлын хэсэг томилон ажиллаж албан ёсоор дүгнэлтээ гаргаагүй байхад АРМЗ компанийн тэргүүн В.Живов /”Өнөөдөр” сонин 2010 оны гуравдугаар сарын 5-ны дугаарт, Интерфакс-т 2010 оны хоёрдугаар сарын 27-нд өгсөн ярилцлага/ ХРИ компанийн тусгай зөвшөөрлүүдийг Монголын Засгийн газар цуцалсан, хүчингүй болгосон, хууль зөрчсөн гэсэн мэдэгдлийг хийж байна. Гэтэл УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын шийдвэрт ХРИ компанийн талаар шууд ингэж заасан зүйл байхгүй ба тэр тусмаа ХРИ компанийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл “зөрчилтэй” гэх жагсаалтад ороогүй ба ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар дүгнэлт шалгалт хийсний үндсэн дээр шийдвэрлэхээр заасан байдаг.
ХРИ компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээрээс худалдан авах ОХУ-ын, БНХАУ-ын буюу аливаа гуравдагч этгээдийн санал зах зээлийн хуулийн дагуу, хөрөнгийн бирж дээр тогтмол тохиолдох зүйл ба хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авах асуудалд ХРИ хаалт, хориглолт тавих боломжгүй ба эрхгүй. Зах зээл, хөрөнгийн биржид зохицуулалт тийм хэлбэрээр явдаг. ХРИ-ийн удирдлага энэ талаар эцсийн шийдвэр гаргахгүй ба зөвхөн хувьцаа эзэмшигчид л эцсийн шийдвэрээ гаргадаг. ХРИ-ий удирдлага зөвхөн тэр саналыг дэмжиж байгаа эсэхээ илэрхийлэх эрхтэй мөн энэ асуудалд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн зөвлөмж гаргах эрхтэй ба ОХУ-ын АРМЗ санал 0.65 цент буюу хэт доогуур үнэтэй учир дэмжихгүй байхыг зөвлөсөн ба БНХАУ-ын CNNC санал 0.96 цент буюу даруй АРМЗ саналаас 50 хувь илүү учир дэмжиж байгаагаа илэрхийлсэн. ХРИ удирдлага гагцхүү зах зээлийн зарчмын дагуу асуудалд хандах үүрэгтэй бөгөөд худалдан авагч хаанахын хэн гэдгийг ялгаж салгах боломжгүй. Энэхүү санал амжилттай болох эсэхийг ХРИ удирдлага шийдэхгүй хувьцаа эзэмшигчид л шийднэ. Хувьцаа эзэмшигчид ямар шийдвэр гаргахыг одоогоор таамаглах аргагүй ба хэлцэл хийгдээгүй байхад ЦЭГ-аас ямар зөвшөөрөл авахаа ойлгохгүй байгаа ба хуульд энэ талаар заалт байхгүй.
Мөн ХРИ компанийн хувьцааг гуравдагч этгээд худалдан авах санал болгох нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 237А тусгай зөвшөөрлийг эзэмшигч ТАУК болон 9282Х тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Хан Ресорсез Монгол” компаниудын эзэмшилд өөрчлөлт ороогүй ба орохоор зарласан баримт биш юм. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх бол ЦЭГ-аас зохих зөвшөөрөл авна гэж заасан ба ХРИ компанийг гуравдагч этгээд худалдан авах үйл ажиллагаа амжилтанд хүрсэн ч /одоогоор үр дүн гараагүй байгаа/ Монгол Улсад тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Хан Ресорсез” ХХК болон ТАУК-ийн эзэмшилд өөрчлөлт орохгүй ба орох бол хуулийн дагуу зөвшөөрөл авахаа уламжилж байна.
Дорнодын ураны нөөцийг ОХУ-ын геологчид тогтоож, 1988 онд ОХУ-ын Нөөцийн мэргэжлийн комиссоор батлуулсан ба Монгол Улсын Нөөцийн нэгдмэл бүртгэлд 0881 дугаартайгаар бүртгэн авсан. Энэ үндсэн дээр Дорнодын ураны орд газарт Монголын төр ТАУК-д 237А ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ба улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газар үндэслэлээр 2007 онд Дорнодын орд газрыг Стратегийн орд газрын жагсаалтад оруулсан ба Цөмийн энергийн хуулийн дагуу Монголын төр 51 хувийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэсэн шаардлага тавьж байгаа гэж ойлгож байна. Үүнийг ХРИ хүндэтгэн үзэж хүлээн зөвшөөрч “МонАтом” ХХК-тай байгуулсан Санамж бичигт тусгасан боловч ЦЭГ-аас үүнийг хүчингүй, хэрэгжих боломжгүй гэж зарласан. Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам /хуучнаар/, Ашигт малтмалын газраас ХРИ компанийг Дорнодын ураны нөөцийг Монгол Улсын стандартын дагуу дахин тооцоолж батлуулах шаардлагатайг 2007 онд мэдэгдэж, ХРИ нэмэлт хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, Дорнодын ураны нөөцийг Монгол Улсын стандарт шаардлагын дагуу илүү нарийвчлан тооцоолж, ураны нөөцийг ихэсгэн 2008 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд батлуулахаар хүлээлгэн өгсөн. Үүний зэрэгцээ ХРИ олон улсын 43-101 стандартын дагуу Дорнодын ураны нөөцийг батлуулан олон улсад зарласан. Монгол Улсын холбогдох байгууллагууд “Ураны талаар төрөөс баримтлах бодлого гартал түр хүлээнэ үү” гэсэн тайлбартай тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцээгүй. 2009 онд Цөмийн энергийн хууль батлагдаж, төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлагдсаны дагуу 2009 оны аравдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн экспертүүд томилогдон ажилдаа орж дүгнэлтээ гарган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар бэлэн болсон боловч тус зөвлөл одоог хүртэл хуралдаагүй байна. Бодит байдал ийм байхад Дорнодын ураны нөөцийг батлуулаагүй учир ХРИ компани хууль зөрчиж байна, тиймд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах бүрэн үндэстэй гэсэн мэдэгдлүүд нь бодит байдалд нийцэхгүй байна.
ХРИ компани нь Ашигт малтмалын тухай 2007 оны хуулийн шинэ шаардлагуудын дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдэг мэдэгдэл ч мөн үнэнд нийцэхгүй билээ. ХРИ компани ТАУК-иар дамжуулан ашиглалтын өмнөх гэрээ байгуулах талаар АМГ-аас удаа дараа хүсэлт тавьсан боловч мөн төрөөс уран, стратегийн орд газруудын талаар баримтлах бодлого тодорхой болтол хүлээнэ үү гэсэн тайлбартай ашиглалтын өмнөх гэрээ байгуулаагүй. ХРИ дээр хэлснээр Дорнодын орд газарт 1995-2009 онуудад олон арван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба Дорнодын орд газрыг ашиглалтад оруулах бүхий л бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Хайгуул, өрөмдлөг судалгаа тооцооны ажлаас гадна цөөн тооны ажлуудыг дурдвал цахилгааны дэд станц, өндөр хүчдэлийн шугам тавих /ингэснээр ойр хавийн сумд цахилгаанаар хангагдах нөхцөл бүрдэж байгаа/, усны тунгаагуур барих, орчин үеийн ажилчдын кэмп барих, орон нутгийн удирдлагууд ард иргэдтэй хамтран ажиллах, сурлага сайтай амьдралын боломж муутай оюутнуудын сургалтын зардлыг хариуцах, ган зудад нэрвэгдсэн малчдад малын тэжээл нийлүүлэх, ядуу амьдралтай иргэдэд гэр бэлэглэх, туслалцаа үзүүлэх, аймаг орон нутгийн арга хэмжээнүүдэд тогтмол идэвхтэй оролцох зэрэг ажлыг гүйцэтгэж ирсэн. Энэ мэт ХРИ компанийн хийж байгаа болон хийх гэж буй ажлууд их боловч гол ажил болох Дорнодын ураны орд газрыг ашиглаж эхлэх ажлууд хойшлогдож, зохих албан тушаалтан, бусад байгууллагуудын буруугаар асуудал шийдвэрлэгдэхгүй байхад ХРИ –г буруутай, хууль зөрчиж байна гэсэн ойлголтыг санаатай, санаагүй олон нийтэд цацаж буруу ойлголт төрүүлж байгааг болохгүй гэж бид үзэж байна.
Иймд асуудлыг зөвхөн хууль журмын дагуу бодит баримтуудад түшиглэн олон нийтэд хүргэж, шийдвэр гаргаж байхыг уриалж байна.
Эцэст нь тэмдэглэхэд “Хан Ресорсез Инк” болон “Хан Ресорсез” ХХК, ТАУК-иуд Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хуулийг хүндэтгэн ирсэн бөгөөд цаашид өөрийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар Монгол Улсын болон Олон улсын хууль дүрмийн дагуу бүхий л арга хэмжээ авч ажиллахыг уламжилж байна.
Хан Ресорсез ИнК