Бизнесийн үйл ажиллагаа зах зээлийн хуулиар л зохицуулагддаг байх ёстой. Үүн дээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд тухайн олборлогч байгууллагуудыг түлхүү оролцуулсан, түүндээ зохицсон хяналт шалгалтын дүрэм журмыг сайн оруулж өгөөсэй. Ашигт малтмалын хуульд нөхөн сэргээх ёстой, ингэж тэгж хяналт тавих ёстой гэсэн заалтууд бий л дээ. Гэхдээ тэр заалтууд хэрэгжээгүй. Тухайлбал төрийн зарим байгууллага хяналтаа шаардлагатай хэмжээнд тавиагүйгээс байгаль орчны нөхөн сэргээлт үндсэндээ алдагдсан. Үүнээс болж л тэр “Урт нэртэй хууль” гарч ирсэн юм.
Монгол Улсад уул уурхайн салбар хөгжөөд 85 жилийн нүүр үзэж байгаа ч Уул уурхайн хуульгүй явж ирлээ. Ийм хуульгүй байсан нь олон сөрөг үр дагаварт хүргэсэн тухай цөөнгүй хүн ярих болжээ.
Төрийн ордонд болсон чуулга уулзалтаар олон асуудлыг хөндөж ярилцлаа. Тэдгээрээс олны саналыг хамгийн их авч байгаа, анхаарал тавих ёстой нэг асуудал нь эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал юм. Ийм үзэл баримтлалгүй явж ирсэн нь үнэн. Төрөөс уул уурхайн чиглэлд ямар нэгэн үзэл баримтлал байх ёстой, түүний дагуу бусад хууль тогтоомж нь гардаг байх ёстой гэж олон уурхайчин ярилаа. Уг нь төрөөс баримтлах бодлогын чиглэл гэсэн нэртэй, Уул уурхайн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг 2007, 2008 онд боловсруулсан. Тэгээд үүнийгээ өмнөх УИХ-д өргөн барьсан боловч батлагдаагүй. Дараагийн Парламент шийдэг гээд орхичихсон. Бид тухайн үед “үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэгчлэн тарах гэж байгаа УИХ-аар уг баримт бичгийг батлуулах нь үр дун муутай гэж бодож байлаа.
Гэвч шинээр УИХ байгуулагдсан ч өнөө хэр уг чухал асуудал шийдэгдээгүй л явна. Үүнээс болж сүүлийн үед уул уурхайн салбарын эрх ашгийг ихээхэн хөндсөн хууль тогтоомжууд төрөөс гаргаж байна. Тухайлбал, 2009 онд хоёр гурван хууль батлагдсан. Бүгд уурхайчдын эрх ашгийг хөндсөн, тэдний эсрэг зохицуулалттай хуулиуд. Уурхайчид үүнд маш бухимдалтай явдаг. Жишээ нь, Цөмийн энергийн тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль байна. Түүнээс гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ гурван хууль нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа. Лиценз эзэмшигчид болон уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашгийг үндсэндээ хөсөрдүүлсэн заалттай хуулиуд юм. Энэ бүхэн нь төрөөс баримтлах тодорхой бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Тиймээс ойрын хугацаанд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг яаралтай боловсруулж, дахин хянаж олон түмний санал бодлыг, тэр дундаа манай гишүүн байгууллагуудын саналыг оруулбал амьдралд илүү ойрхон баримт бичиг гарна.
Түүнээс гадна дээр дурдсан гурван хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа. Эдгээрт яаралтай өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх тал дээр гарцууд олмоор байна.
Ямар гарц байж болох вэ?
Хуулийг анх боловсруулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоогүй хийсэнтэй холбоотой олон сөрөг үр дагавар гарч байна. УИХ-ын хэсэг гишүүн санаачлаад л шинэ хууль баталчихдаг болсон. “Урт нэртэй хууль” гэхэд л ердөө зургаахан заалттай. Тэгсэн мөртлөө энэ хуулийн хор уршиг нь асар их. Хэрэгжүүлэх ямар ч аргагүй. Тиймдээ л таг зогсчихож байгаа юм. Засгийн газраа хүнд байдалд оруулсан хууль гээд бод доо. Цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд зохих шалгууруудыг давж байж л хууль илүү үр дүнтэй болно. Үүнээс өөр олон янзын арга байна шүү дээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний танхим гэж байна. Уг танхимд ч гэсэн хуулийн төслийг хэлэлцүүлэхэд буруудахгүй. Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон холбогдох олон нийтийн байгууллагууд санаа бодлоо нэгтгээд, урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах талаар одоо ярьж байгаа.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.