Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Я.Гомбосүрэн: Ашигт малтмалын хуулиа сайн мөрдөөгүй байж шинэ хууль гаргана гэх нь салан баавгайн үлгэр

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн технологийн багийн профессор, шинжлэх ухааны доктор  Я.Гомбосүрэнтэй MMJ-ийн сурвалжлагч Г.Идэрхангай ярилцлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар бизнесийнхэн ч, улс төрийнхөн ч хөндөн ярилцаж байна. Энэ  сэдвээс яриагаа эхлэх үү?

Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг эхлээд мөрдөх талаас нь анхаарах хэрэгтэй. Нэгэнт батлагдсан хуулийг мөрдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид бүгд л идэвхтэй хандаж, ажиллах ёстой. Сүүлийн үед нэг хууль гараад ирдэг, түүнийгээ мөрдөө ч үгүй байхад нь өөрчлөх тухай ярьдаг боллоо. Ер нь  хууль хэрэгжихгүйгээс болоод улс орон маань хөгжихгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийг нийтэд нь өөрчилнө гээд байгааг буруу гэж боддог. Хууль өөрөө төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол механизм шүү дээ.

Энэ хууль нь   лицензийн зохи­цуулалтыг өргөн оруулснаараа онцлогтой. Гэтэл энэ зохицуулалт нь шаардлага хангахгүй байгаагаас заалт өөрчилье гэсэн санал шүүмж гарч байна?


Лиценз олголтын тухайд үндсэндээ 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Үүнийг тодорхой дэг журмаар мөрдөх юм бол тийм ч хэрэгжүүлж болохооргүй заалт биш юм.

Хууль тодорхой  бус байснаас болж мөрдөх явцдаа  элдэв гаж буруу үйлдэл гараад байгаа юм. Лиценз олголтыг цэгцлэх бодит шаардлага үүссэн. Ашигт малтмалын ордод лиценз олголтыг Монгол Улсын бусад хуультай холбож өгөх хэрэгтэй. Тухайлбал, Газрын тухай хуультай. Нэгд, газрыг зөвхөн Монгол Улсын иргэд өмчлөх хэрэгтэй, гадаадынханд ийм эрх байхгүй гээд заачихсан. Гэтэл ашигт малтмалын орд гэдэг чинь газартаа байж таарна. Хоёрт, лицензийг шилжүүлдэг журмыг сайн нягталж үзэхгүй бол гадны компаниуд хоорондоо наймаалцдаг байдал газар авах нь. Жишээлэхэд, Оюутолгойн гэрээ, Техник, эдийн засгийн үндэслэл дээр гадаадын нэг охин компани толгойлох компанидаа хоёр хувийн роялти өгнө гэж байсан. Үүнийг анзаарч хараад холбогдох байгууллага хүчингүй болголоо. Ер нь лиценз эзэмшиж байгаа компани өөр хүнд тодорхой лиценз худалдчихаад хувьцаа эзэмших, нөхөн олговор авах  үзэгдэл их гарч байна. Энэ бол яаралтай цэгцлэх ёстой асуудал.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг богино настай, хэрэгжилт муутай гэсэн шүүмжлэл гарч байна. Та үүнд хэрхэн хандаж байна вэ?

Уул уурхайн нэгдсэн чуулганаас уг хуулийг эргэж харах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарлаа. Гэхдээ эргэж харна гэсэн шийдвэр гаргаж болохгүй л дээ. Одоо энэ урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх график гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 1200 лиценз байгаа гэсэн. Тэр лицензүүдийг нэг өдөр олгоогүй нь ойлгомжтой. Зарим ордынх нь нөөц дуусаад хаагдах цаг нь болсон. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн  нэг тодорхой заалт бол хаалтын төлөвлөлт, түүнд тавих шаардлагын тухай юм. Тийм учраас уурхай бүр хаалтын горимыг яг таг тодорхойлох ёстой. Ингэж тодорхойлохын тулд тухайн компани Техник, эдийн засгийн үндэслэлээ хийсэн эсэх, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд нь хаалтын талаар юу гэж дурьдсан байна, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ байгаа эсэх, Ашигт малтмалын тухай хуулиар бол энэ гурван баримт бичиг тухайн уурхай дээр  бэлэн байж байх ёстой. Зөрчилгүй, байгалиа хамгаалаад үйл ажиллагаа хэвийн явуулж  байгаа компанийн лицензийг хууль гарсан гэдгээрээ шууд хурааж авч болохгүй. Харин  хуулиа зөрчсөн бол өөгшүүлэх хэрэггүй. 1200 лицензийн цаана Монгол Улсын иргэдийн ажил эрхлэлт гэж бий.Тэднийг ажилгүй болоход төр, засаг  тодорхой ажлын байраар нөхөж хангах нь зүйтэй. Энэ чиглэлд хоёр их наяд төгрөгийг яаж зарцуулахаар тусгасан  бэ гэдгийг бас анхаармаар байна.Тэр олон уурхайд мэргэжлийн болон  мэргэжлийн бус  хүмүүс байгаа.  Тэднийг давтан сургахад зардал гарна.   Өмнийн говийн бүсэд хоёр том ордын асуудал яригдаж байна. Эдгээр ордод ажиллах хүмүүст мэргэжил шинээр олгоод, шаардлагатай газруудад нь явуулах ёстой. Тэднийг хэн сургах юм бэ. Хаалтын төлөвлөлтөөр тухайн компани ч сургах зарчим байгаа. Энэ бүхнийг ялгаж салгаж, дээр дурьдсан баримт бичгүүдэд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.