Ашигт малтмалын салбарын хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ММJ мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонирхож байна. Тэдний нэг, “Мо Эн Ко” ХХК-ийн Төр засаг, олон нийтийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Баттулгатай ярилцлаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хэр оновчтой вэ?
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн түрүүнд лицензтэй холбоотой асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Тэр тусмаа лиценз эзэмшиж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар ч хохирол учруулахгүй байх нөхцөлийг хатуу тусгасан заалтууд байх ёстой. Одоогийн лицензтэй холбоотой заалтууд үнэхээр учир дутагдалтай. Хэн дуртай нь лиценз эзэмшиж болохыг зөвшөөрчихсөн.1990-ээд онд маш олон хүн лиценз авчихаад түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй. Дөнгөж зах зээлд орж байсан болохоор лицензээ бүрэн дүүрэн ашиглах тэнхээтэй хүн байгаагүй юм. Тиймдээ ч өөрийн гэсэн хөрөнгө мөнгөгүй иргэд маань гадныханд хандах болсон. Ашигт малтмал олборлоод сурчихсан, олон жилийн туршлагатай гадны хүмүүс үүнийг маш овжноор ашиглаж эхэлсэн дээ. Тухайн үед лиценз эзэмшиж байгаа гадны байгууллагуудад байгаль орчныг хамгаалах тал дээр маш хатуу хязгаарлалт бүхий заалтуудыг мөрдүүлэх ёстой байж. Харамсалтай нь бидэд тийм туршлага байсангүй. Үнэхээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол үүнийг одоо л анхааралдаа авах хэрэгтэй. Эрүүгийн хуульд ч өөрчлөлт яаралтай оруулмаар байна. Компаниудын эздийг хэдхэн төгрөгөөр торгоoд орхичихдог болохоор тэд байгаль орчныг огтхон ч хайхрахгүй байгаа юм.
Өсөн нэмэгдэх роялти манай татварын системд нэвтрэх нь. Үүнийг эрдэс баялгийн салбарынхан хэрхэн хүлээж авах бол?
Одоо ямар ч хуулийг хатуу нөхцөлөөр гаргаж болохгүй ээ. Үнэт металлын ханш өсөөд, компаниуд жаахан ашиг олоод ирэнгүүт “За өнөөхөөс нь авдаг хэрэг” гээд гэв гэнэт хууль гаргаад ирдэг. Татвараа нэмчихнэ. Татварын ачаалал уул уурхайн компаниудыг өөд гаргахгүй байгаа энэ үед дахиж нэг татвар нэвтрүүлнэ гэдэг утгагүй. Ерөнхийдөө уул уурхайн салбар дахь зохицуулалт маш сул байж ирснээс л ийм хуулиуд гараад байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нэвтрүүлэх гэж байгаа шинэ татварыг уул уурхайн салбарынхан сайн ойлгоогүй яваа. Гадны хөрөнгө оруулагчид үүнд тийм ч хүндэтгэлтэй хандахгүй болов уу. Татварын системийг тогтвортой болгомоор байна. Эцсийн дүндээ иргэнээ ч хохироохгүй, байгаль орчноо хөнөөхгүй, ачаалал багатай татварыг уул уурхайнхан хүсдэг. Бидэнд ийм явуулын хууль хэрэггүй ээ.
Уул уурхайн хуультай болъё гэсэн саналыг дэмждэг үү?
Үнэхээр Уул уурхайн хууль бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Ийм хууль гарснаар байгалийн баялгаа зөв зохистой ашиглах эрх зүйн үндсийг тавьж өгнө. Үндсэн хуультай адил бидэнд ”эцэг хууль” гэж хүндлэгдэх хууль байгаасай. Ашигт малтмалын энэ олон хууль журмыг нэгтгэсэн цогц хууль болбол уул уурхайн салбарт нэг том дэвшил гарч ирнэ. Одоогийн байдлыг харахад төрийн бодлого хоцрогдоод, компаниудын хийж байгаа ажлууд түрүүлээд, хоорондоо нэг л уялдаж чаддаггүй. Социализмын үеийн дарга сэтгэлгээнээсээ салаагүй, хийж байгаа ажил нь улс төртэй уягдсан хүмүүс уул уурхайн салбарт асар их хүнд суртал гаргаж, урагш ахиулахгүй байна. Яамд л гэхэд хоорондоо ямар ч ажлын уялдаа холбоогүй. Баахан заавар тушаал гаргачихна,тэр бүгд нь хоорондоо зөрчилдөнө. Энэ бүхнийг Уул уурхайн хуулиар зохицуулж өгөөсэй.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.