УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай Тавантолгойн ордыг ашиглах асуудал болон хөрөнгийн зах зээлийн талаар С.Болд-Эрдэнэ ярилцлаа.
Тавантолгойг ашиглах зарчим шийдэгдлээ. Засгийн газрын оруулж ирсэн зарчим үндсэндээ өөрчлөгдсөн. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
УИХ Хаврын чуулганаараа Тавантолгойн орд газрыг ашиглах Засгийн газрын оруулж ирсэн саналыг хэлэлцээд зарчмын шийдвэр гаргалаа. Тавантолгойн ордоо ашиглаж эхэлье гэдэг дээр тохирлоо.
Яаж ашиглах, хэнтэй хамтрах, хэнийг томилох, ямар нөхцөлөөр ямар операторыг сонгох гээд олон зүйл тодорхойгүй байгаа ч ийм зарчмын шийдвэр гаргасан нь урагшаа их том алхам хийлээ гэсэн үг. Дэлхийн том хөрөнгө оруулагчдын чихэнд Монгол улс ашигт малтмалынхаа том ордуудыг ашиглах улс төрийн шийдвэр гаргаж байна гэсэн мэдээ очиж байгаа. Энэ нь бидэнд хэрэгтэй. Тэд биднийг сонирхож эхэлнэ шүү дээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар, мөн гадаадын компаниудтай хэрхэн ажиллах нь тодорхойгүй үлдлээ. Яаж санхүүжүүлэх вэ гэдгээс эхлээд судлах, шийдэх асуудал их байна?
Ийм том төслийг яаж санхүүжүүлэх вэ гэдэг том асуудал. Хоёр л арга байдаг. Нэг нь зээл, нөгөө нь хувьцаагаа борлуулж санхүүжүүлнэ. Алиныг нь сонгох талаар Засгийн газар саналаа оруулж ирэх байх. Миний хувьд, банкир хүний хувьд ийм сайн, ашигтай төсөл дээр хувьцаа борлуулж санхүүжилт хийхээсээ өмнө зээлээр санхүүжилт хийсэн нь бидэнд ашигтай гэж үзэж байгаа. Олборлолт эхлээд уурхай хэвийн ажиллаж эхэлсэн үед хувьцаа борлуулбал өндөр үнэд хүрч, бага хувьцаагаар том өрийг хаачих бололцоотой. Дэлхийн бусад том том төслүүдийг харахад энэ аргыг л хэрэглэж байна. Эхнээсээ шууд л хувьцаа зараад эхэлбэл төдийлөн амжилтад хүрэхгүй болов уу. Жишээ хэлэхэд, Оюутолгой дээр Фридланд их муу байр сууринаас хандсан. Эхлээд 10 хувь, дараа нь 20 хувь гээд хамаг хувиа зарсаар байгаад өөрөө их бага хувьтай үлдэж, өнөөдөр “Оюутолгой” төслийг энэ хэмжээнд хүргэсэн. Яагаад ингэж хувьцаагаа зарсан бэ, зээлээр эхэлж болоогүй юм уу гэвэл Фридландад зээл авах чадвар байхгүй. Харин Монгол улс бол зээл авах чадвартай. Тийм болохоор бид эхлээд зээл авлаа гэхэд хувьцаа үнэд хүрсний дараа 5, 10 хувийн хувьцаагаар л зээлээ хаачихаж чадна. Фридланд өнөөдөр 30 хувиа зарчихаад байгаа. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз.
Зээл авах боломжтой гэхэд бидэнд хэчнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ гээд Тавантолгойтой холбоотой тооцоо их бүдэг байна?
Энэ тоонууд тодорхойгүй байгаа. Гэхдээ тоо чухал биш. Нийт нөөц нь зургаан тэрбум тонн уу, 10 тэрбум тонн уу, коксждог нь хоёр тэрбум уу, дөрвөн тэрбум тонн уу гэдэг ч нэг их сонин биш. Нэг тэрбумаас илүү тонны коксжих нүүрсний нөөц гэдэг л хангалттай нөөц. Монгол улс, Хятад, Япон, Солонгос, Германтай нийлээд 20, 30 жил ашиглачих нөөц шүү дээ. Үүнийг ашиглах хэмжээний том санхүүжилтийг Засгийн газар босгох боломжтой юу гэвэл бүрэн боломжтой. Дэлхийн хамгийн их мөнгөтэй баян орнууд бүгд коксжих нүүрсний дутагдалтай байгаа. Хятад, Япон, Солонгос, Герман гээд. Бид хэнд нь ч хандсан, хамтарч ажиллая, танайд коксжих нүүрс нийлүүлье, урьдчилгаа хэдэн төгрөг өгөөч гэхэд боломжийн төсөл шүү дээ.