“Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Болдтой “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.
Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл ямар түвшинд байна вэ? Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ямар саад тотгор байна гэж Та харж байна вэ? Ямар гол асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ?
Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн цаана олон хүчин зүйл байгаа. Үүнийг ганц биржийн менежмент ч юм уу, эсвэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай холбож тайлбарлавал өрөөсгөл хэрэг болно. Ер нь хөрөнгийн зах зээлээ олон зуун жилийн туршид үр дүнтэй хөгжүүлж ирсэн, өнөөдөр үйл ажиллагаа нь тогтворжсон улс оронд бүрэлдээд байгаа жишгийг харахад хөрөнгийн зэх зээл дээр голлон оролцогчдыг ерөнхийд нь таван бүлэгт хувааж болдог. Тэгээд энэ бүлэг тус бүр дээр бидэнд ямар саад тотгор байгааг бага ч болов тайлбарлахыг хичээе.
Нэгдүгээрт хөрөнгийн зах зээл дээр хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч хөрөнгө оруулагч байна. Хөрөнгө оруулагч дотор institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэж бий. Энэ дотроо тэтгэврийн сан, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан, банк, гадаадын сангууд, хедже сан, бие даасан хөрөнгө оруулагч буюу хувь хүн зэрэг багтана. Харин Монголын хөрөнгийн зах зээл дээрээс харахад өнөөдөр хувь хүн буюу бие даасан хөрөнгө оруулагч дийлэнх хувийг эзэлж байна. Гэвч бие даасан хөрөнгө оруулагчдын оруулж буй хөрөнгө их хэмжээний байж чаддаггүй болохоор хөрөнгийн хөрвөлт сайн үүсч чадахгүй. Гадаадад эдгээр бие даасан хөрөнгө оруулагчдын эзлэх хувь тун бага байдаг. Учир нь эдгээр хүмүүсийн ихэнх нь богино хугацаанд үнэт цаасны үнийн зөрүүн дээрээс орлого олох зорилготой байдгаас “institutional investors” буюу байгуулагын хөрөнгө оруулагчтай адил урт хугацаанд хөрөнгө оруулдаггүй байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монголд байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгож, тэр дундаа тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан болон хедже сан зэргийг үүсгэн, эдгээрийг хөрөнгийн зах зээл дээр оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Хоёрдугаарт үнэт цаас гаргагч орно. Үнэт цаас гаргагчгүйгээр хөрөнгийн зах зээлийг төсөөлөх боломжгүй. Энэ бүлэгт багтах оролцогчдыг дурдваас Засгийн газар, орон сууцны корпорациуд, томоохон компаниуд зэрэг оролцогчид байдаг. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ дээр гарсан үнэт цаасны 50 гаруй хувь нь огт арилжаа хийгддэггүй, гадны сангууд Монголд орж ирээд үнэт цаас худалдаж авъя гэхэд тэдний шаардлагад нийцэх үнэт цаас тун ховор байна. Тиймээс ирэх 5 жилийн дотор бид дотоодын компаниуд, тэр дундаа олон нийтэд сайн танигдсан компаниудыг, гадаадын бирж дээр хүлээн зөвшөөрөгдөж, арилжаа нь явагдаж буй Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Southgobi Sands гэх мэт гадаадын компаниудыг, бас стратегийн ач холбогдолтой орд газруудын үнэт цаасны цөөн ч болтугай хэдэн хувийг нь МХБ дээр гаргах замаар энэхүү нийлүүлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Гуравдугаарт хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч хоёрыг хөрөнгийн бирж дээр холбож өгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд орно. Үүнд брокер дилерийн компаниуд, underwriter буюу үнэт цаасыг анхдагч зах зээл дээр гаргах мэргэжлийн байгууллагууд, үнэт цаасыг үнэлж, ангилал тогтоодог, хувьцааны үнэлгээ хийдэг байгууллагууд буюу хөрөнгө оруулалтын банкууд, хуулийн зөвлөгөө өгөх компаниуд зэрэг оролцогчдыг нэрлэж болох юм. Гэтэл өнөөдөр Монголын брокер дилерийн компаниуд маань дүрэм журмаа баримтлахгүй, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийдэг гээд хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавигдах ёс суртахууны шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь итгэлцэл дээр тогтдог хөрөнгийн зах зээлд муугаар нөлөөлж байгаа юм. Энэ байдлыг даруй өөрчилж, хууль эрх зүйн хүрээнд болоод байгууллагын үйл ажиллагааны бүхэл түвшинд code of conduct буюу үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөгдсөн зарчим баримтлах явцыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Дөрөвдүгээрт эдгээрийн голд буюу цөмд Хөрөнгийн бирж өөрөө оршиж байгаа. Аливаа хөрөнгийн биржид итгэх итгэлгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжсөн түүх хаана ч байхгүй. Тиймээс ч МХБ-ийн засаглал, менежмент, бүтэц, дүрэм журам, төлбөр тооцооны арга зам бүгдийг сайжруулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд шууд нөлөөлөх хүчин зүйлүүд болж өгөх билээ.
Тавдугаарт хөрөнгийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг хянаж, хуулийн эрх зүйн хэрэгжилтийг баталгаажуулж байдаг зохицуулах байгууллага орно. Монголын хувьд СЗХ, МХБ-ийн Хяналтын алба энэ бүлэгт багтаж байгаа юм. Зохих мэдээллийг олон нийтэд ил байлгах, эдгээр мэдээллийг олон нийтэд хүртээлтэй болгохыг үнэт цаас гаргагч болон бусад байгууллагуудаас шаардах, зах зээл дээрх хяналтыг хангалттай тавих замаар зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, зах зээлд итгэх итгэлийг өндөрт барих гээд олон үүрэг хариуцлага эдгээр байгууллагад оногдож байгаа юм. Гэвч дотоодын хүчин чадал, нөөц бололцоо болон хууль эрх зүйн тодорхойгүй орчин зэргээс хамаарч энэхүү үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн гүйцэтгэх орчин хангалттай бүрдээгүй байна.
Мэдээж эдгээр олон асуудлыг шийдэх, бэрхшээлийг давахад төрийн зүгээс бүрэн дүүрэн дэмжлэг шаардлагатай нь ойлгомжтой. 2010 онд Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, идэвхтэй ажиллаж эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд Хөрөнгийн Зах Зээлийг Хөгжүүлэх Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, улмаар олон ажил хийгээд байна. Юуны түрүүнд МХБ-ийн засаглал, менежментийг сайжруулах зорилгоор МХБ-ийн ТУЗ-ийг өөрчилж, мэргэжлийн болоод бие даасан төлөөллийг оруулсан. Басхүү Засгийн газраас МХБ-ийн менежментийн хувьчлалын тендерийг зохион байгуулж байгаа. Хэд хэдэн улсын хөрөнгийн бирж уг тендерт оролцохоор саналаа ирүүлсэн. Энэ талаар надад одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Миний хувийн бодлоор бол тендерт ялсан баг нь гадаадын шилдэг, туршлагатай баг байж, магадгүй тэр нь дотоодын мэргэжилтнүүдтэй хамтарсан байвал Монгол улсад үлдэх юм их байх болов уу. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд менежментийн хувьчлал гэж ярьж байгаа болохоос биш МХБ-ийн хувьчлал биш шүү. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.