Тавантолгойн орд газарт “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшиж буй талбайн тал хувь болох Цанхийн зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах оператор компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах тодруулгыг авлаа.
Тавантолгойн орд газартай холбоотой хоёр ч тендерийг Төрийн өмчийн хорооноос олон улсад нээлттэйгээр зарлаад байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагын багийг 100 хувь гадны менежерээр бүрдүүлэх бодлого барьж байгаа юу?
“Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагын багийг сонгон шалгаруулах тендер зарлах тухай бид наймдугаар сарын 24-ний мягмар гаригт хэлэлцэж баталсан. Улмаар 26-ны пүрэв гаригаас эхэлж, Монголын болон дэлхийн томоохон сонин, вэб сайтуудаар зарласан байгаа. Ийнхүү ил тод зарлаж, томоохон компанийг шалгаруулж байгаа нь учиртай. Дараа нь хувьцаа гаргаж, олон улсын биржид гаргахад тухайн компанид тавих шалгуур өндөр байдаг юм. Хамгийн чухал нь, танай компани засаглалын хувьд ил тод юм уу гэж асууна. Хувьцааг нь худалдаад авчихвал хулгайлаад зугтчихгүй байх баталгаа хэрэгтэй биз дээ. Тийм ч учраас бид засаглалыг нь ил тод, цэвэр байлгахын тулд зориуд гадны удирдлага сонгон шалгаруулах гэж байгаа юм.
Сонгон шалгаруулалт хэдий хугацаанд үргэлжлэх бол?
Есдүгээр сарын 20-27-ны хооронд шалгаруулна. Түүнээс хойш гадаадын менежер “Эрдэнэс Тавантолгой” компанийг авч явна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагын сонгон шалгаруулалттай зэрэгцээд Тавантолгойд олборлолт явуулах гадны операторын тендер олон улсад зарлагдчихлаа?
“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө операторын үйл ажиллагаа явуулахгүй. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн зах зээлд ажиллаж чадах, тэр дундаа үнэт цаас арилжаалах арвин туршлагатай компанийг сонгон шалгаруулж, олборлох ажлаа бид хийлгэх ёстой юм. Ийм компанийг сонгон шалгаруулах тендерийг наймдугаар сарын 30-ны даваа гаригаас эхлэн сонин хэвлэлээр цацаж, дэлхий нийтэд тодорхой болгоод байна. Олон улсын түвшинд компанийн засаглалын ил тод байдлыг чухалд үздэг гэж дээр хэлсэн. Үүний дараагийн том шалгуур бол олборлолтын хүчин чадал. Хувьцааг нь худалдан авсан нөхцөлд бүтээгдэхүүн гаргаж чадах эсэх нь чухал баталгаа юм. Тэгэхээр оператор компани олон улсын хэмжээнд нэр хүндтэй байж гэмээнэ хувьцаа худалдаж авна. Түүний дараагаар үйл ажиллагаа явуулж буй улс орны хууль, эрх зүйн орчин нь тухайн компанид тогтвортой үйлчилж чадах уу гэдэг чухал. Хамгийн том хоёр шалгуур бол засаглал, олборлолт юм. Энэ хоёр баталгаажиж байж хувьцаа үнэд хүрнэ шүү дээ.
Оператор компанид ямар шалгуурууд тавьж байгаа вэ?
Нэгдүгээрт, уул уурхайн салбарт орчин үеийн арга мэдлэгийг эзэмшсэн, Монгол Улсад олборлолт явуулах хүсэл зорилготой байх, хоёрдугаарт, жилдээ явуулдаг үйл ажиллагааны объем нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой, мөн урьд өмнө гүйцэтгэж байсан ажиллагаа нь ямарваа нэгэн асуудалд орж, шүүхийн шатанд шилжээгүй байх, санхүүгийн үйл ажиллагааг нь олон улсын аудит баталгаажуулсан, байгаль орчны холбогдолтой хууль эрх зүйн актуудыг зөрчиж байгаагүй гэх мэтчилэн шалгуур бий.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн үндсэн ажил ойрын хугацаанд эхлэх нь. Олборлолтыг яг хэдийнээс эхлүүлэх боломжтой вэ?
Сонгон шалгаруулах ажиллагаа аравдугаар сарын 4, 5-ны үед дуусгавар болно. Улмаар дүнг танилцуулснаар Тавантолгойд жинхэнэ хэмжээгээр томоохон бүтээн байгуулалт, уул уурхайн олборлолт эхэлнэ гэсэн үг. Тендерээ амжилттай зохион байгуулчих юм бол хийх ажил өнөө маргаашгүй эхлэхээр хүлээж байна.
Тавантолгойн орд газар дахь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдлийн талбайн зүүн хэсэгт олборлолт явуулах компанийн сонгон шалгаруулалт ийнхүү эхэллээ. Харин Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын явц ямар байгаа вэ?
Энэ хэсэгт бид стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж, нөгөөх урьдчилгаа төлбөр, транзит тээвэр, угтуулан тавих нөхцөл гэх зэрэгтэй уялдуулаад явна. Сонгон шалгаруулалт энэ намартаа мөн үргэлжлэх болно.