Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Түрүүлж буусан шувуу илүү ихийг хүртдэг

“Монгол улс бол хөрөнгө оруулахад таатай орон. Түрүүлж буусан шувуу илүү ихийг хүртдэг гэдгийг биеэрээ мэдэрсний хувьд та бүхнийг Монголд хөрөнгө оруулахыг уриалж байна.” Энэ үгийг Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлээд 12 жил болж байгаа “Монголиан Стар Мелшерс” компанийн захирал Лоренц Мелшерс “Дисковери Монголиа 2010” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын индрээс хэлсэн юм.

Тэрбээр хөрөнгө оруулагчдыг төлөөлөн тавьсан илтгэлдээ “Өнөөдөр Монголын уул уурхайн хангамжийн бүхий л салбарт хөрөнгө оруулах орон зай эзнээ хүлээсээр байна. Ханган нийлүүлэгчгүйгээр, хангамжийн албагүйгээр уул уурхайг төсөөлшгүй” гэв. Энэ үгийг нэгэн компанийн захирлын үг гэлгүйгээр Монголд хөрөнгө оруулалт хийж, үр шимийг нь хүртсэн олон зуун хөрөнгө оруулагчдын үг гэж ойлгож болох юм.

Монгол улсын эдийн засаг ойрын жилүүдэд огцом өснө гэдгийг дотоод гадаадын олон байгууллага, судлаачид хэлж байгаа. 2020 он хүртэлх хугацаанд манай улсын эдийн засаг 14-15 хувиар өсч, ДНБ-ий хэмжээ Малайз, Индонез, Тайванийн түвшинд очих боломжтой гэсэн таамгийг мэргэжлийн байгууллагууд дэвшүүлсэн байна. 2020 онд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар болж, 2021 он гэхэд улсын ДНБ-ий хэмжээ 41 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөллийг Засгийн газраас гаргаад байгаа. Ийм нөөц бололцоо бий гэдгийг гадаадын мэргэжилтнүүдийн таамаг ч баталж буй. Тухайлбал “Голомт” банкны Гүйцэтгэх захирал Жон Финиган хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр “2016 он гэхэд Монгол улсын уул уурхайн салбарт эргэлт гарна. Хэдий хаяанд мэт бодогдовч боломжоо зөв ашиглаж чадвал Монголын эдийн засагт эргэлт хийж болох цаг хугацаа. 2016 он гэхэд зэс олборлолтын хэмжээ жилд 36 мянган тоннд хүрэх бөгөөд үүнийг 2005 онтой харьцуулахад үлэмж хэмжээний өсөлт” гэсэн юм. Байгалийн баялаг, газрын тосоор баялаг Арабын Нэгдсэн Эмират улсын ДНБ 2.8 тэрбум ам.доллараас 230 тэрбум ам.доллар буюу 82 дахин өссөн, Катар улс ДНБ-ийхээ хэмжээг 15 жилийн дотор 12 дахин нэмсэн амжилтаараа дэлхий нийтийг гайхуулж байна. Монгол улсын эдийн засаг ч үүнтэй адил үсрэнгүй өсөлттэй байж болно. “Голдмен Сакс”-ын хийсэн судалгаанд 2050 он гэхэд АНУ зэрэг хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн эдийн засгийн 2/3-ыг одоогийн хөгжиж байгаа орнууд эзлэх болно хэмээн дурдсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр байгалийн баялгаа ашиглаж эхэлж байгаа, эдийн засгаа хөгжүүлэхээр чармайн ажиллаж буй орнууд 40 жилийн дараа дэлхийн эдийн засгийн талаас илүүг эзлэх нь байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.