Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт

Монгол улсад хөрөнгө оруулах боломжийг хөрөнгө оруулагчид болон санхүү банкны мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ? Тэд санаа бодол, хувийн дүгнэлтүүдээ сонирхолтой бөгөөд ний нуугүй илэрхийлж байна. Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” /Mongolia Investment Summit-2010/-ын индэр дээрээс танхимд хүрсэн тэдний санаа бодлыг MMJ уншигчдадаа товчлон хүргэж байна.    

 

 

УУЛ УУРХАЙН САЛБАРААС ХӨРӨНГИЙН МАШ ИДЭВХТЭЙ УРСГАЛ ГАРЧ ИРНЭ

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Randolph Koppa:
Монголын ДНБ таван жилийн дараа тав дахин нэмэгдэнэ. Оюутолгой үйлдвэрлэлээ эхэлсний дараа буюу таван жилийн дараа эдийн засаг жилдээ 20 хувиар өсөх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох ДНБ 9000 доллар болох төлөв ажиглагдаж байгаа. Энэ боломжийг ашиглаж чадвал зөвхөн уул уурхайн салбар ч биш, бусад салбарыг хөгжүүлэхэд дорвитой нэмэр үзүүлж чадна. 

Уул уурхайгаас гадна тээвэр зэрэг бусад салбарыг хөгжүүлснээр маш их боломж гарч ирнэ. Орон сууцны барилга байгууламж барих, шинэ суурин газруудыг байгуулах болон хөдөө аж ахуйн салбар ч гэсэн нөр их боломжийг агуулж байна. Боловсруулах үйлдвэрлэл, тээврийн асуудлаа зохицуулчихвал түгээлтийн асуудал шийдвэрлэгдэх болно. Үүнийг дагаад нийгмийн буюу эмнэлэг сургуулийн асуудлыг ч шийдвэрлэх ёстой.
ДНБ-ий өсөлтийг дараагийн таван жилд үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр гүйцэлдүүлэх боломжтой юм. Гэхдээ энэ эрэлт хэрэгцээг яаж хангах вэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгийн бирж зэрэг арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм.

Монголд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал маш их идэвхжиж байгаа. 2010 оны байдлаар жилдээ гучин хувиар өсч байна. Дэлхийн банкны судалгаагаар 2010 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 800 сая ам.доллараас давжээ. Энэ нь 1,5 тэрбум ам. долларын түвшинд хүрэх төлөв байгааг харуулж байна. Тэгэхээр 10-11 сая ам. долларыг ийм байдлаар босгох боломж байна. Монголын төр засгаас дэд бүтэцдээ хөрөнгө оруулах бодолтой байгаа ч хөрөнгийн дутмаг байдал ажиглагдаж байна. Гэхдээ төсвийн сахилга батыг хангах амлалт авсан учраас дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийх байх гэж бодож байна.
Банкны салбарын тухайд яривал үлэмж их анхаарлыг хандуулж байгаа. Бусад оронтой харьцуулахад зах зээлийн харилцаанд хорин жилийн өмнө шилжсэн Монгол орны ДНБ-тэй харьцах зээлийн хэмжээ 34 хувь байгаа. Энэ хувь хэмжээ өсөн нэмэгдэх чиг хандлагатай байна. 2009 оноос өмнөх эдийн засгийн өсөлтийн хэмжээгээ банкны салбарынхан бид хадгалах ёстой. Хэдийгээр банкны салбарын үзүүлэлт сайн байгаа ч бас хөрөнгийн хомсдол ажиглагдаж байна. Банкнуудад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын банкууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Жилийн эхэнтэй харьцуулбал зээл олголт 40 хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ бидэнд нэмэлт зээл олгох хөрөнгө шаардлагатай байна.

2010 онд ДНБ 10 хувь хүрэх хандлагатай байгаа. Тэгэхээр бидэнд нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Одоо бол ДНБ-ий таван хувьтай тэнцэх хөрөнгө оруулалттай байгаа. Энэ хувь хэмжээг өсгөх хэрэгтэй байна. 25 хувьд хүргэхийн тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дотоод, гадаадаас олох шаардлагатай болно. 600 сая ам.долларыг дотоодоос авна гэх юм бол банкны зээл олголтын түвшин дэндүү бага.

Монголын Хөрөнгийн биржийг өөрчилж шинэтгэн зүй зохистой зөв голдирлоор үйл ажиллагаа явуулбал хөрөнгө татах сайхан суваг болох юм.
Улсын өрийн хувьд Төв банкны үнэт цаас болон бонд гаргах замаар зохицуулж байгаа. Бидний хувьд энэ талаар бенчмарк явуулах бодолтой байна. Тэтгэврийн сангийн систем, амь даатгалын тогтолцоо зэргийг нэвтрүүлж, дотоодын улсын өрийг барагдуулах арга хэмжээ авна гэж бодож байгаа. Монгол улсын гадаад өрийн хувьд өнөөдөр ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэж байгаа. ДНБ өсвөл мэдээж хэрэг өр ДНБ-ий 30 хувьтай тэнцүү болох ёстой.

Гадаадын хөрөнгө оруулалт зах зээлийн хувьд маш их өөрчлөгдөж байна. Хэд хэдэн удаа амжилттай листинг явагдлаа. Зөвхөн Хонконг ч биш, Лондон, Австрали, Торонто зэрэг газрууд маш идэвхтэй цөм газар болох төлөвтэй байна. Тэгэхээр арван тэрбумыг давхар бүртгэлийн зарчмаар босгох боломж байна. 
Худалдаа хөгжлийн банк 2007 онд 75 сая ам.долларыг босгосон. Энэ бүх өрөө бид барагдуулчихсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор бие даасан бонд гаргах асуудал яригдах байх. Бенчмарк хийвэл 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломж бас гарч ирнэ.

Мөн Концессын хууль болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэд бүтцийн төслүүдийг  5 тэрбум ам.долларын хэмжээнд санхүүжүүлэх боломжтой байгаа.
Эцсийн бүлэгт өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэх боломжтой гэж бодож байна. Уул уурхайн салбараас хөрөнгийн маш идэвхтэй урсгал гарч ирнэ. Үүнийг зохицуулах ёстой. Мөн улс төрийн тогтвортой байдал шаардлагатай байна. Зүй зохистой хууль эрхзүйн орчин бас байх хэрэгтэй. Зүй зохистой компанийн засаглал хөгжиж, санхүүгийн тогтвортой байдал хангагдах ёстой. Инфляцийн дарамт байхгүй болох болов уу. Мөн эдийн засгийн уналт, өсөлтийн асуудал гарч ирнэ. Гэхдээ олон улсын санхүүгийн зах зээл Монголд нээлттэй байгаа шүү. Энэ боломжийг бид ашиглах ёстой. Хятад улс бүх л материалын гол бэлтгэн нийлүүлэгч нь. Шинэ эрин үе эхэлж байна. Монгол улс энэ замналаар аль хэдийн замнаад эхэлчихсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд өргөн боломж байна. Олон хөрөнгө оруулагчид энэ үйл явцад аль хэдийнэ оролцоод эхэлчихлээ. 

ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН
ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ


Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх С.Отгонбат:
Монгол улсыг уул уурхайн хувьд шинэ тутам улс гэдэг ойлголт бий. Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл эрдсийн баялаг Монгол улсад байсан. Бид ч ашигласаар ирсэн. Гучин жилийн турш бид Эрдэнэт үйлдвэрээ ашиглаж байна. Олон ч жил манай орны орлогын гол эх үүсвэр болж ирлээ.

Харин одоо бол Монгол улс уламжлалт хөдөө аж ахуйн орон байснаа уул уурхайн салбараасаа хэт их хамааралтай болж байна. Динамик нь өөрчлөгдөж байна. Хөрөнгийн гол урсгал, орлого маань уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортоос орж ирж байна. Мөн энэ салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа. Динамик өөрчлөгдөж байна гэдэг нь Хятад улс маш их хурдтайгаар хөгжиж байна. Түүнийг дагасан эрчим хүч, түүхий эдийн хомсдол үүсч байна. Энэ нь Монгол улсад боломжийг бий болгож байгаа нь гарцаагүй. Энэ талаар хүн бүхэн ярьж байна. Их ч өөдрөг бодолтой байгаа.

Гэхдээ би төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар хэдэн зүйл хэлэхийг хүсч байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлахын тулд Оюутолгойн гэрээтэй ижил урт удаан хугацаанд хэлэлцсэн. Тав зургаан жил ярилцсан. Цаг хугацаа нь болоогүй зүйл ч байсан. Маргаантай асуудал ч их байсан. Энэ жил Концессын хуулийг баталлаа. Ингэснээр эдийн засаг, нийгмийн амьдралд шууд нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдэд хувийн хэвшлийнхэн оролцох боломжийг хангаж өгсөн. Төмөр замын барилга байгууламж, цахилгаан станц, зам харгуй, усан хангамж зэрэг том төслүүдэд оролцох боломж нээгдлээ. Нийтдээ 121 төслийн жагсаалтыг баталсан. Жагсаалтыг ТӨХ болон Засгийн газрын ХЭГ-ын вэб хуудсанд байрлуулсан. Энэ төслүүд маш их боломжийг бий болгож байгаа. Зарим төслүүд дээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эхэлчихээд байна.  Энержи ресурс гэхэд зам бариад эхэлчихсэн. Оюутолгой ч гэсэн зам барьж байгаа. Төмөр замын асуудал яригдаж байна. Энэ чиглэлээр саналууд маш их ирж байгаа.

Гэхдээ бид зөвхөн уул уурхайн салбарт анхаарлаа төвлөрүүлчихээд байгаа юм биш шүү. Үүнд хэт их дулдуйдвал эдийн засгаа тогтворгүй байдалд оруулна. Эрдэс баялгийн  боловсруу­лал­тын асуудалд бид анхаарлаа төвлөрүүлж байна. Манай яамны анхаарлын төвд энэ асуудал байгаа. Боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хөхиүлэн дэмжих арга хэмжээг илүүтэй авч байна. Энэ утгаараа боловсруулах үйлдвэрүүдийг хаана, яаж байгуулах вэ гэдгийг ч сайтар судалж байгаа. УИХ удахгүй энэ асуудлыг хэлэлцэж батлах байх. Энэ утгаараа гурван чухал асуудлыг бид товлочихсон байгаа. Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл байна. Аж үйлдвэрийн төслийн тендерийг аль хэдийн зарлачихсан. Засгийн газар төслүүдийн саналыг хүлээж авч эхэлсэн. Аж үйлдвэрийн салбарын төслийн менежмент болон дэд бүтцийн төлөвлөлтийг Концессоор явуулах төлөвлөгөөтэй байгаа. Уул уурхай дан ганцаараа бидний анхаарлыг татаагүй гэдгийг дахин хэлье. Эрдэс баялаг дээр тулгуурласан үйлдвэрлэл болон секторуудыг хөгжүүлэх асуудлыг бид өргөн далайцтай хэлэлцэх ёстой. 


15 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОВ УУ

“Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн дэд захирал Г.Цогтсайхан
Мон-Атом нь жилийн өмнө байгуулагдсан шинэ тутам газар. 2007 оныг эргээд харвал ураны салбарт хоёр том үйл явдал болсон. Нэгдүгээрт, ураны зах зээлийн үнэ нэг паунд нь 150 ам долларт хүрсэн. Хоёрдугаарт, Атомын эрчим хүчний Олон улсын агентлаг жилийн тайландаа Монгол улс 1,2 сая тонн ураны нөөцтэй гэж бичсэн байдаг. Энэ бүхэн бидэнд маш том дохио өгсөн. Монголчууд мартагдсан нөөцөө эргэн санасан юм. Үүний дараа Засгийн газар ураны нөөцөө хэрхэн ашиглахаа бодож эхэлсэн. Уран бол маш нуугдмал баялаг. Нүүрс, алт, зэсийн талаар ярьсаар бид уранаа мартчихсан байсан. Засгийн газар ураны талаар хууль эрхзүйн орчин, бодлогоо боловсруулж эхэлсэн. Цөмийн энергийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Мөн ураны салбарын институцийн бүтцийг тодорхойлж өгсөн. Ингэснээр Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар байгуулагдсан юм. Улмаар ураны үйл ажиллагааг эрхлэн явуулах Мон-Атом гэдэг бизнесийн компанийг байгуулаад байна.

Тайланд 1,2 сая тонн ураны нөөцтэй гэж тусгагдсан. 62 мянган тонн батлагдсан нөөцтэй. Энэ нөөцөө арав дахин биш юм гэхэд үлэмж хэмжээгээр өсгөх бодолтой байгаа. Монголд өнөөдөр ураны томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Ураны олон улсын таван том компанийн гурав нь Монголд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь Канадын “Камеко”, Францын “Арево”, Оросын “АРМЗ” юм. Мөн  хэд хэдэн жижиг компани Монголд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид дараагийн жилээс ураны уурхайнуудыг ажилд оруулахаар төлөвлөж байгаа. Эхний алхам нь ОХУ-тай хамтарсан үйлдвэр байгуулах.  Манай компани АРМЗ-тай хамтран “Дорнод уран” гэдэг хамтарсан үйлдвэрийг байгуулна. Мөн Франц, Япон, Канад улсуудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газар бодлогын түвшинд харилцан ойлголцлын санамж бичгийг хэд хэдэн гадаад түншүүдтэйгээ байгуулсан. ОХУ, Америк, Япон, Энэтхэг, Хятад, Францтай байгуулсан. Бид ийм хэлэлцээрийг Канад, Өмнөд Солонгосын Засгийн газартай байгуулах бодолтой байгаа.

Ойрын зорилго гэвэл гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан ураны нөөцөө ашиглах явдал юм. Дунд хугацаанд бид “шар бялуу” гэгддэг эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Гурваас таван жилийн дараа 3-5 мянган тонныг боловсруулна гэж төлөвлөж байгаа. Засгийн газар энэ чиглэлээр бидэнд маш том дэмжлэг үзүүлж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс бид Монголын ураныг хамтран ашиглая гэсэн маш олон санал хүлээн авч байна. Урт хугацаанд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бид эрэлхийлж байна. АНУ болон Японы Засгийн газартай бид ийм хүчин чадавхийг Монголд бий болгох талаар яриа хэлэлцээр явуулж байна. 15 жилийн дараа Монгол улс дэлхийн ураны зах зээл дээр томоохон тоглогч болох болов уу гэж бодож байгаа.


МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЯГ
ОДОО ХАМГИЙН ЗӨВ ЦАГ ХУГАЦАА


ХААН банкны Гүйцэтгэх захирал Саймон Моррис:
Монгол улс Англи, Франц, Герман, Италийг нэгтгэсэн шиг асар өргөн уудам газар нутагтай. Энэ бол агуу том орон. Дэлхий дээрх 18 дахь том орон. Гэвч хүн ам нь Ямайк шиг цөөхөн. 2.7 сая хүн амтай. Дараагийн хэдэн жилд маш завгүй ажиллах улс байгаа юм.
Хаан банкны хувьд 500 салбартаа 4000 хүн ажиллуулдаг. 500 мянган үйлчлүүлэгчтэй. Энэ том газар нутгийн хүн амд бид хүрч ажиллах ёстой. 

Энэ улсын эдийн засгийн бенчмарк нэг хүнд ноогдох ДНБ-ээр ч хэмжигдэхгүй.  Улаанбаатарт нээгдсэн Louis Vuitton-ий дэлгүүрээр ч хэмжигдэхгүй. Louis Vuitton-ий дэлгүүр нээгдсэн гэхээр хүмүүс их гайхдаг юм. Монгол улс хөгжиж байна. Монголд амьдардаг хүмүүсийн хувьд энэ бол шинэ хуучны хослол юм. Нэг хүнд ногдох ДНБ 1600 доллар байгаа. 2020 он гэхэд 12000 болтол өсөх ёстой. 2020 оноос энэ өсөлт улам эрчимжих төлөвтэй байна.
Уул уурхайн зөвлөх үйлчилгээний нэгэн компанийн тавьсан маш сонирхолтой илтгэлээс энд дурдахыг хүсч байна. Уул уурхайн чиглэлээр дэлхийн 40 орныг харьцуулжээ. Монгол улс  долдугаар байранд орсон байна. Монгол улсын хөгжлийн талаар их өөдрөг дүгнэлт хийсэн байсан. Улс төр, эдийн засгийн горим болоод Гэнэтийн ашгийн татварыг халсан зэрэг нь итгэлцлийг бий болгож байна.  Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл агуу их байгаа. Монголын Засгийн газар ч эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр их зоримог алхмууд хийж байна. Үүний үр ашгийг нь хүртэх салбарууд ч гэсэн уул уурхайтайгаа нэгэн зэрэг хөгжин дэгжих ёстой.

Ямар ч тоо баримтаас дүгнэлт гаргаж болно. Дараагийн арван жилд эдийн засаг тийм  хэмжээгээр өснө гэсэн судалгаа хийж болно. Үүний зэрэгцээ хүн амын өсөлт ч гэсэн их байх болов уу. Тэгэхдээ 2.7 сая хүн ам хэд хүртэл өсөх бол? Дэлхий дээрх далайд гарцгүй хоёр дахь том орон шүү дээ. ДНБ-ий өсөлт одоо 7 хувь байгаа ч хорин хувь хүртэл өсөх төлөвтэй.
Монголын хувьд их олон зүйл өөрчлөгдөж, үйл явц хурдтайгаар өрнөж байна. Олон улсад Монголыг “Mining Mongolia” гэж нэрлэж байх шиг байна. Монголд өнөөдөр татварын хувь хэмжээ бага байгаа нь нааштай зүйл юм. Арван хувийн татвар гэдэг тааламжтай нөхцөл шүү. Хэрвээ төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэгдвэл төгрөгийн ханш чангарах байх. Тэгэхээр татварын бодит хувь хэмжээ өснө гэсэн үг.

Уул уурхайн энэ төлөв байдалтай холбогдуулаад хэлэхэд бусад салбарууд ч Монголд байгаа шүү гэдгийг мартаж болохгүй юм. Бид Монголын хөдөө аж ахуйн талаар огт ярихгүй байгаа. Олон сая толгой малтай орон.
Дэлхий дээрх хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг хаанаас гаралтай вэ гэж асуудаг шүү дээ. Арьс ширний сайн бүтээгдэхүүн гэхэд Италиас гаралтай байдаг. Гэтэл арьс шир нь Монголоос гаралтай. Ноолуурын хувьд мөн адил. Ноолуурын боломжийг энэ улсаас харж болно. Дэлхий дээр өнөөдөр ноолууран бүтээгдэхүүнийг нэг их үйлдвэрлэхгүй байгаа. Гэтэл эрэлт хэрэгцээ маш их байна.Ноолууран цамцны эрэлт хэрэгцээ дэлхийд 50 сая. Италид 10 сая нь байгаа. Тэгэхээр  ноолуурын фирмүүдийн зарим нь маш их баяжих төлөвтэй байгаа биз. “Mining Mongolia” гэсэн нэртэй ноолууран бүтээгдэхүүн гарах боломж байна шүү дээ. Уул уурхайн салбараас гадна бусад салбаруудад маш их боломж байгааг энэ нь харуулж байгаа юм. Хөрөнгө оруулагчид үүнийг анзаарахгүй байж болохгүй.

Гэхдээ хууль эрхзүйн орчинтой холбоотой хүндрэлүүдийг мартаж болохгүй юм. Авилгал, хууль эрхзүйн тогтолцоо, дэд бүтцийн сорилтууд байгаа. Асуудлыг бүхэлд нь харвал бусад хөгжиж байгаа зах зээлд ч ийм проблемууд байдаг. Индонезид ч гэсэн энэ бүх хүндрэл бий. Тэглээ гээд тэнд хөрөнгө оруулахаа болиогүй шүү дээ. Үүнийг сайтар ойлгох ёстой. Мөнгөө алдчихна гэж битгий эмээгээрэй. Өндөр эрсдэл хүлээвэл өндөр ашиг авна гэсэн зарчим байдаг. Тиймээс Монголыг Саудын Араб, Төв Азийн орнуудтай харьцуулаад үзэх юм бол маш их боломж байгаа гэж бодож байна. Хэрвээ Монголд хөрөнгө оруулахыг завдаж байгаа бол яг одоо хамгийн зөв цаг хугацаа шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэн сайтар бодож үзээрэй. Монголыг нүдээрээ очиж үзээд шийдвэрээ нэн яаралтай гаргаарай гэж хэлэхийг хүсч байна. 


ЧИНЭЭЛЭГ СУУРИН ГАЗРУУДЫГ МОНГОЛД БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ


Монголиа девелопмент Ресорсес” ХК-ийн ТУЗ-ийн дарга Алишер Али Джуманов:
Монголиа девелопмент ресорсес /MDR/ нь Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг бүртгэлтэй компани юм. Би энэ компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Монголд очих бүрдээ би Монгол дахь хөрөнгө оруулалттай холбоотой маш олон хурал зөвлөгөөнд оролцдог. Тиймээс Монголын дотоодын хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжийн талаар ярихыг хүсч байна. Казахстан улс өнөөдөр хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлж байгааг харах хэрэгтэй.

Зөвхөн сүүлийн дөрвөн сарын байдлаар аваад үзэхэд 100 гаруй гадаадын менежер Монголд иржээ. Монголд оролцоогоо яаж бий болгох вэ гэдгийг судлахын тулд шүү дээ. Тэд бол хэдэн зуун сая долларын менежмент хийдэг компаниудын төлөөлөгчид. Ийм компаниуд эрдэс баялгийн бус өөр салбаруудын боломжийг судалдаг юм. Тэдгээр компани ирээдүйд Монголын хөгжилд багагүй үүрэг гүйцэтгэх байх.

Одоогийн байдлаар Монгол улсын эрдэс баялгийн талаар л ярьж байна. Монголын хөрөнгийн биржийг ажиглахад хүртэл эрдэс баялгийнхаа бүтээгдэхүүн дээр хэт их тулгуурласан юм болов уу гэж харагддаг. Оросын зах зээл ч гэсэн эрдэс баялгаар баялаг шүү дээ. Гэтэл бусад салбаруудаа  ижил тэгш байдлаар хөгжүүлж байгаа нь харагддаг. Санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбараа нэгэн зэрэг хөгжүүлж ирсэн. Үүгээр би Монголд санхүүгийн үйлчилгээний салбар хөгжих ирээдүй маш их байгааг хэлэх гэсэн юм.

Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Өмнөд Солонгостой харьцуулбал 15 дахин их, Энэтхэгийн газар нутгийн тэн хагастай тэнцэхүйц. 2.7 сая хүн амтай. Энэ орны бас нэг давуу тал нь хүн амын ихэнх нь харьцангуй сайн боловсролтой. Бас ардчилсан орон. Энэ бүс нутагт ардчилсан орон байна гэдэг их ховор тохиолдол.

ДНБ таван тэрбум ам.доллар. Монгол улс энэ гарааны нөхцөлөөс яаж хөгжиж болох вэ. 15 жилийн хугацаанд Монголын ДНБ хорь дахин өсөхөөр байгаа. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 2000 доллараас бага байна. Арав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. 15 жилийн дараа Монгол улс Азийн хамгийн баян Малайз юм уу бусад томоохон орнуудтай эн зэрэгцэхээр чинээлэг орон болох юм. Солонгост нэг хүнд ногдох ДНБ 1900 доллар. Малайзад бол 1850 доллар байдаг шүү дээ.

Одоогоор 1,3 их наяд долларын эрдэс баялгийн нөөцтэй. Их том тоо шүү. Таван тэрбумтай харьцуулаад үзэхэд энэ тоо асар их нөөцийг агуулж байна. Монголын эдийн засгийг өнөөдөр авч явж байгаа салбар бол уул уурхай. Энэ салбарт орж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой.
Үнэт цаасны зах зээл ТОП 20-ийн индексээр 110 хувийн гүйцэтгэлтэй болчихоод байна. Шанхай болон бусад гадаадын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт 50 хувь л байдаг. Тэгэхээр боломж маш их байна. Казахстанаар жишээ авахад арван жилийн өмнө зах зээлийн хөрвөжилт 10 тэрбум ам.доллараас бага байсан. 17 жилийн дараа 2008 онд 100 сая доллараас давсан. Тэгэхээр Монголын үнэт цаасны зах зээл яг ийм чиг хандлагаар хурдацтай хөгжих байх. Гэхдээ хувьцаа гаргах ч юм уу, эсвэл Засгийн газар төрийн өмчийг хувьчилснаар ийм үр дүн гарахгүй.

Монголын хөрөнгийн биржийн Топ-20 компанийг энэ жил уул уурхайн дөрвөн компани тэргүүлж байгаа. Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн нүүрсний уурхайнууд толгой цохиж байна. Шарын гол Монголд 600 хувийн үзүүлэлттэй явж байгаа том компани. Эрдэс баялгийн салбарын үзүүлэлт ийм өндөр байна.
Евроазиа капитал нь компаниудын үнэлгээ, зэрэглэл, ангиллын талаар индекс боловсруулсан юм. Индекс дэх 24 компаниас гурав нь л эрдэс баялгийнх бус. Говь, АПУ, Монголын цахилгаан шуудан гэсэн гурван компани. Эдгээрийн 17 нь гадаадын биржид бүртгэлтэй Айвенхоу Майнз зэрэг компани байгаа. Энэ 24 компанийн нийт хөрөнгийн хэмжээ 20 тэрбум доллар. Урьд өмнө байгаагүй хөрөнгө шүү дээ. Энэ бол Монгол улс ямар амжилтад хүрчихээд байгааг харуулж байна. Миний бодлоор их том амжилт. ДНБ 5 тэрбум гэхээр 24 компанийн хөрөнгийн хэмжээ ДНБ-ээс дөрөв дахин илүү байна. Энэ харьцаа ДНБ зах зээлийн 400 хувь байгаа нь дэлхий дээрх хамгийн өндөр бололцоо юм. Нэг жишээ хэлье. Германд энэ харьцаа 60 хувь байдаг. Дэлхийн хамгийн том зах зээл болох Америкт 100 хувь байх жишээтэй.

Энэ нь юуг харуулж байна вэ. Монгол улс Саймоны хэлсэнчлэн, Рэндолфын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа ч сүүлийн тав зургаан жилд хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө дээр дөрөөлөөд 20 сая ам.долларыг аль хэдийнэ босгочихсон байна шүү дээ. Уул уурхайн компаниуд хайгуулаас олборлолт, үйлдвэрлэлдээ орчих юм бол энэ индекс яаж өөрчлөгдөх нь тодорхой. Монголын зөвхөн ММС-ийн үйл ажиллагааг харахад л маш өргөн боломж байна. Индекс жилийн эцэст 25 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа. Хонконгод гарч байгаа IPO зэргээс ийм таамаглал дэвшүүлж болно. IPO-д оролцогчид илүү өргөн боломжийг эрэлхийлмээр байна гэдэг л дээ. Орос, Казахстан болон бусад зах зээлийг харж байхад гадаадын биржид бүртгүүлэхийг урьтал болгодог. Бидний хувьд үйлчлүүлэгчдээ эхлээд дотооддоо хөрөнгө оруулахыг зөвлөдөг. Дотооддоо эхлээд хөрөнгө оруулах хэрэгтэй. Үүнийг Монголд ч бас зөвлөмөөр байна.

Зургаан компани оролцуулсан Хонконгийн индексийг харъя л даа. Монголын ММС-г энд оруулж байгаа. Хонконгод жилийн эцэс гэхэд 10 тэрбум долларын өртөг бүхий Монголын уул уурхайн үнэт цаасны арилжаа явагдах болов уу гэж бодож байна.  25 тэрбумын 88 хувь нь хүдрийн хайгуул, зэс , уран, алтны үйл ажиллагаа байгаа юм. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн компани, банкууд хаана байна вэ? Дотоодын хэрэгцээг нөхцөлдүүлдэг компаниуд хаана байна вэ? Тэд харагдахгүй байгаа биз. Энэ бүтэц өөрчлөгдөх ёстой. Манай групп ч гэсэн энэ өөрчлөлтөд оролцоно. Эрдэс баялгаас бусад салбарынхныг өрсөлдөх чадавхтай болгож, төлөөлөл, хувийн жинг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Тийм ч   учраас Монголиа девелопмент ресорсес компанид би ажиллаж байгаа.

Монголиа девелопмент ресорсес Монголын хөрөнгийн зах зээлээс 13 тэрбум төгрөгийг 2007 оны нэгдүгээр сард босгож чадсан. Бид усны төсөл хэрэгжүүлсэн. Японы жижиглэнгийн хөрөнгө оруулагчидтай ч бид хамтран ажиллаж байгаа. 60 сая долларын хөрөнгийг бид үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаагаар босгож чадсан. Бас нийгмийн дэд бүтцийг ч гэсэн хамруулан хөрөнгө босгож байсан түүх бий. Улаанбаатарын цахилгаан станц болон ундны усны төхөөрөмж гэх зэрэг дэд бүтцийн төслүүд байсан. Хэрэв энэ компаниуд цаг хугацаа хожсон бол бид төслүүдийг  бүрэн хэрэгжүүлж болох байсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн дагуу Парламентаас баталсан 121 төслийн жагсаалтад эдгээр төслөөс орсон байгаа.

Бид Олон улсын санхүүгийн байгууллага болох Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкуудад энэ төслүүдийг хамтран хэрэгжүүлээч гэсэн саналыг тавьж байгаа. Дэлхийн банкнаас саяхан нэг судалгаа хийсэн байсан. Өмнөговийн дэд бүтцийн эрэлт хэрэгцээний талаарх судалгаа. Зөвхөн Өмнөговийн бүс нутаг дан ганцаараа үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардаж байгаа. Эрчим хүч, усан хангамжийн эрэлт хэрэгцээ, төмөр замын тогтолцоонд шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Одоогоор Өмнөговьд дэд бүтцийн ямар ч томоохон төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа. Миний бодлоор Өмнөговийн дэд бүтэц хамгийн том боломжит талбар. Тээвэр болоод логистикийн хувьд маргаантай асуудал бий. Энэ баялгаа, бараа бүтээгдэхүүнээ яаж Монголоос гадагш экспортлох вэ, яаж тээвэрлэх вэ гэдэг асуудал хамгаас чухлаар тавигдаж байна. Монголын төр засгаас томьёолсон зорилтуудыг биелүүлэхэд нийгмийн дэд бүтцийн асуудал нэн чухал. Эрүүл мэнд, боловсролын асуудал ч чухлаар тавигдана. Ерөнхий сайд С.Батболд, мэдлэг дээр суурилсан эдийн засгийг бий болгоно, хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, ялангуяа нанотехнологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжинэ, хүний хүчин зүйлийг хөгжүүлнэ гэж олон удаа хэлж байсан.

MDR энэ салбаруудад хөрөнгө оруулна. Үл хөдлөх хөрөнгийн салбар ч бас чухал. Улаанбаатарт орон сууцны асуудал хүндрэлтэй.  Үнэ өндөртэй. Оффисын түрээсийн үнэ ч хэт өндөр. Орон сууц болоод оффисын түрээсийн үйлчилгээ хөрөнгө оруулагчдад маш их боломжтой талбар. Энэ бизнес рүү хөрөнгө оруулах юм бол их ашигтай байх болно.

Улаанбаатар хот арван жилийн дотор л томоохон метрополитан хотын дүр төрхтэй болсон. Цар хүрээгээ тэлсэн. Хүн ам нь хоёр дахин нэмэгдлээ. Нэг хүнд ногдох ДНБ Улаанбаатарт нийт улсын түвшинтэй харьцуулбал үлэмж хурдтайгаар өсч байгаа. Улаанбаатарт маш их боломж байна. Дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбар Улаанбаатарын хувьд томоохон хөрөнгө оруулалтыг татахуйц салбар болж байгаа. Казахстаны жишээг би дээр хэлсэн. Казахстан газрын тосны баялаг түүхтэй орон. Гэхдээ хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгөөс мөнгө олж байх жишээтэй. 2002 онд бид Казахстаны үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулж байсан. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш их цэцэглэж байсан. Таван жилийн дараа оруулсан хөрөнгө арав дахин өсч байсан. Газар эзэмшиж байсан нөхцөлд ашгийн түвшин бараг 50 хувьтай тэнцэж байсан.

Монголын хувьд өнөөдөр хөрөнгийн үнэ нэмэгдэж байгаа учраас Казахстантай адилхан чиг хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ утгаараа Монголын дотоод валютын ханш маш хурдан чангарах төлөвтэй байгаа. Улаанбаатар хот нийт хүн амын 45 хувь нь оршин суудаг газар. Гэхдээ зөвхөн Улаанбаатар бус Эрдэнэт, Даланзадгад, Ханбогд зэрэг бусад суурин газарт ч өргөжих өргөн боломж бий. Чинээлэг суурин газруудыг Монголд байгуулах боломжтой. Ханбогдод одоо 3000 хүн амьдарч байна. Оюутолгойн уурхай дээр ажиллах хүмүүс энд аж төрнө шүү дээ. Энэ суурингийн хүн ам 5 жилийн дотор 10 дахин нэмэгдэнэ. Монголын хувьд нэг хүнд ногдох орлогоор хамгийн өндөр, анхаарал татахуйц газар болох болов уу. Оюутолгойд орон сууцны асуудлыг шийдчихвэл маш их боломж байна. Тэгээд тэр туршлагаа Ханбогд, Даланзадгад зэрэг суурингуудад нэвтрүүлж болно шүү дээ. Даланзадгадад одоо 50 мянган хүн аж төрдөг. Гэтэл Өмнөговь аймаг Английн газар нутгаас тав дахин том газар шүү дээ. Богино хугацаанд амжилттай хөгжсөн Азийн томоохон хотууд байна. Доха, Алма-Ата, Стана зэрэг. 35 жилийн өмнө загасчдын суурин байсан газар одоо  Австралийн баруун бүсийн томоохон хотуудын нэг болчихоод байна. Нэг хүнд ногдох ДНБ нь Австралийн дундажаас хоёр дахин их байх жишээтэй. Ийм загварыг бид нэвтрүүлэх шаардлагатай. Энэ бол эрдэс баялаг нь хот, улсынхаа хөгжилд нөлөөлж байгааг харуулсан жишээ. Дэд бүтцийн төслүүдийг Улаанбаатар болоод Улаанбаатараас гадна Өмнөговь, Эрдэнэт зэрэг газруудад хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. MDR дараагийн хэдэн жилд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, томоохон компаниудын нэг болно гэж бодож байна.

Арилжааны банк төрийн өрийг худалдаж авах талаар
ямар бодолтой байна вэ?


Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон:
Монголд долларын урсгал их байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт их байгаагаас төгрөгийн ханш чангарч байгааг бид харж байна. Манай улсын эдийн засаг жил бүр 20 хувиар 5-7 жилийн турш өсвөл манай төгрөгийн ханш улам чангарна гэсэн үг. Тэгэхээр төгрөгийн хадгаламж нээлгэхийг бид дэмжиж байгаа. Концесс, тендер, Засгийн газрын бонд зэрэг томоохон ухагдахуунууд   гарч ирж байна. Монголын зэрэглэлийн хувьд нэг их санаа зовохгүй байгаа. Одоо бонд гаргахад их зохимжтой цаг гэж бодож байна. Филиппин, Индонези зэрэг орнууд гурав дөрвөн хувиар арилжаа хийж байгаа. Монгол улс зургаан хувийн анхны бондоо гаргах боломж байгаа. Хэрэв зэрэглэл асуудал болоод байгаа юм бол өндөр зэрэглэлийн орнуудыг хараад үз л дээ. Гэхдээ Монгол улсын эрдэс баялаг бидний баталгаа юм чинь бид бонд гаргаж болно. Тогтвортой Засгийн газартай орны хувьд зэрэглэлтэй байх нь ойлгомжтой.

 

УИХ-ын гишүүн О.Чулуунбат
Ноён О.Орхоны хэлсэн дээр нэмж хэлье. Монголын эдийн засаг дажгүй сайн хөгжиж байгаа. Манай хүлээлт юү вэ гэхээр ирээдүйд Монгол улсын тухайд бусад байгууллагын зэрэглэл нэмэгдэнэ гэж бодож байна. Хэдхэн хоногийн өмнө олон улсын томоохон банкны хүмүүстэй уулзалдахад Монголд зөвлөх үйлчилгээ үзүүлье гэсэн санал дэвшүүлж байна лээ.
Та бүхэнд хэдхэн тоон баримт хэлье. Бид энэ жил экспортоо хоёр дахин нэмэгдүүлсэн. Анх удаа нүүрсний экспорт зэсийн экспортыг давлаа. Газрын тосны экспорт далан хувиар нэмэгдсэн байгаа. Эдгээр тоо баримтыг хараад хөрөнгө оруулагчид өөрсдийн тооцоо таамаглалыг хийж болно гэж бодож байна. Монгол улсын эдийн засаг ирээдүйд хөгжлийн сайн чиг хандлагатай болсныг харж болно.

  • Morris Leo (197.210.25.229)
    Сайн уу өрийн нэгтгэх зээл барьцаагүй зээл бизнесийн зээл гэрийн зээл машины зээл оюутны зээл хувийн зээл хамтарсан хөрөнгө гэх мэт хайж байна Би хувийн зээлдүүлэгч байна Би бага хувь 2 -ийн боломжийн хүүтэй аж ахуйн нэгж хувь хүмүүст зээл олгох и-мэйл morrisloanfromgmailcom
    2017 оны 05 сарын 24 | Хариулах