Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ММС-ийн хувьцаа 13 хонконг доллар хүртэл өсөх боломжтой

Хонконгийн бирж дээр IPO хийснээс хойш хувьцаа нь 40 гаруй хувиар өсөөд байгаа ММС-ийн үнэт цаасыг монголчууд олноор авч, арилжаанд нь оролцдог болжээ. Тиймээс хувьцааны ирээдүй ямар байх бол, үнэ нь өсөх болов уу, буурах болов уу гэсэн хүлээлт хийгээд асуулт хувьцааг сонирхож буй хүн бүрт байгаа нь лавтай. Энэхүү эрэлт хүсэлтийг мэдэрсэн MIСС Хөрөнгө оруулалтын банкныхан хувьцааны судалгааг хийж, ирэх жилүүдийнх нь төлөвийг тодорхойлсон байна. Энэ талаар MIСС-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнээс тодруулсан юм.


MIСС ММС-ийн хувьцааны судалгааг хийжээ. Энэ компанийн хувьцааг сонгон судалгаа хийх болсны учир юу вэ? Компанийн өөрийнх нь захиалга байсан уу, эсвэл хувьцаа сонирхогчдын эрэлт хүсэлт байв уу? Өмнө нь иймэрхүү судалгаа Монголын компаниудын хувьцаанд хийгдэж байсан уу? Байсан бол ямар хувьцааг судалж байсан юм бол?  

Манай MIСС компани хувьцааны судалгааг гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн юм. Хамгийн сүүлийнх нь гэвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд АПУ, “Говь” компанийн хувьцаанд хийсэн судалгаа. Энэ удаад ММС-ийн хувьцааны судалгааг хийхээр шийдсэн. ММС-ийг сонгосны учир нь харилцагчдын маань эрэлт хүсэлттэй холбоотой. Манай маш олон харилцагч ММС-ийн хувьцааг анхдагч зах зээл дээрээс авсан. Хувьцаа гарсны дараа ч гэсэн олон харилцагч шинээр данс нээлгэн хувьцааг нь авсан л даа. Одоо ч авч байна. Эндээс ММС компани Монголд нэр хүндтэй, хувьцааг нь авах эрэлт их байгаа нь харагдсан. Харамсалтай нь хувьцаа авч байгаа хүмүүс нэг талаараа их хязгаарлагдмал байсан гэж хэлж болно. Тухайн компанид ажилладаг хүмүүсийг таньдаг, тэднээс мэдээлэл авсан хүмүүс л голчлон хувьцааг нь авдаг. Жирийн хүмүүст мэдээлэл их бага хүрч байна. ММС-ийн хувьцааны судалгааг IPO хийхийн өмнө нь JP Morgan, Citi Bank хоёр хийж байсан. Манайх Монголын хөрөнгө оруулалтын банкны хувьд монгол харилцагч нартаа монгол хэл дээр нь энэ судалгааг хийж хүргэе гэж бодсон юм.

Тэгвэл олон улсын бирж дээр гарсан Монгол компанийн хувьцааны хувьд анхны судалгаа гэж ойлгож болох уу?

Өмнө нь “МоЭнКо” компанийн хувьцаанд судалгаа хийж байсан. Хоёр дахь нь болж байна.              

Судалгааг хийхдээ ямар хүрээг хамруулж, ямархуу хугацаанд хийсэн бэ? Хэр хүч хөдөлмөр зарсан судалгаа байв?

Судалгааны ажлыг үндсэндээ нэг сар гаруйн хугацаанд хийсэн. Ингэхдээ компанийн үйл ажиллагааны бүх л хүрээг хамрахыг хичээлээ. Үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтээгдэхүүн, чанар, зах зээл, дэд бүтцийн хөгжил гээд хамаарах бүх л асуудлыг авч үзсэн. Компанийн удирдлагатай уулзаж, ярилцлага хийсэн. Мөн уурхай дээр нь очиж танилцлаа. Энэ нь судалгааны маань нэг чухал хэсэг байсан. Газар дээр нь очин, нүдээр үзэж, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж ярилцлаа.

Судалгаагаа нийтэд нээлттэй зарлах уу?

Манай судалгаа харилцагч нартаа зориулагддаг. Харилцагчид гэдэг нь манай дээр брокерийн данстай, хувьцаа авдаг үйлчлүүлэгч нар маань. Гэхдээ ММС нь олны анхаарал татсан компани учраас сонирхсон хүмүүст судалгаагаа нээлттэй байлгана. Хүсэлт тавьсан хүн бүхэнд өгч болно.

Судалгааны эцсийн дүгнэлт нь сонирхолтой байна. Энэ дүгнэлт юу гэж гарсан бэ?

Судалгаагаар ММС-ийн хувьцаа 13 хонконг доллар хүртэл өсөх боломжтой, үнэ нь ингэж тогтох юм байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ хувьцааг худалдаж аваарай гэсэн зөвлөгөөг харилцагч нартаа өгч байгаа. Анх 7.2 хонконг доллараар IPO хийснээс хойш 40 гаруй хувиар өсч, одоо 10 доллар гарчихсан байна. Цаашид ч өсөх боломжтой гэж бид үзэж байгаа. Хувьцааны өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Коксжсон нүүрсний үнэ энэ жил өсөх төлөвтэй. Зөвхөн энэ жил гэлтгүй дараагийн таван жилд ч гэсэн өсөх төлөв ажиглагдаж байна. Австралийн нүүрсний уурхайнууд төвлөрдөг Зүүн Австралийн муж нутаг тэр чигээрээ усанд автчихаад байна. Тэнд энэ улсын нүүрсний хамгийн том уурхайнууд байдаг. Тэр уурхайнуудаас Хятад руу олон сая тонн нүүрс тээвэрлэдэг байсан нь зогсчихоод байна. Энэ байдал оны эхний зургаан сар хүртэл үргэлжлэх бололтой. Үүнээс үүдээд Монголын нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс Монголд коксжсон нүүрс гаргаж байгаа ММС-ийн хувьцаа үнэд орно. Манай судалгааны нэг гол дүгнэлт нь энэ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.