Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Петер Морроу: Хямралын цаг үед хувийн хэвшлийнхэн хариуцлагатайгаар манлайлах өдрүүд ирлээ

Гэвч төрөөс банкууд дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаж, хадгаламж эзэмшигчдийн аюулгүй байдлыг хангасан тул энэхүү сөрөг үр дагавар нь банкуудын төлбөрийн чадвар, эсхүл мөнгөн хадгаламжийн найдвартай байдалд нөлөөлөх биш, харин банкуудын өсөлтийг хазаарлаж  зээлийн эрэлт хэрэгцээг хангах, цаашлан хувь нийлүүлэгчдэдээ боломжийн хэмжээний өгөөж хүртээх чадавхид хүндээр тусна гэдгийг ойлгох хэрэгтэй.    

Гадны зах зээлээс санхүүгийн эх үүсвэр татах боломж нь банк, санхүүгийн салбарын чадавхиас ихээхэн шалтгаалдаг. Moody’s-ээс Монголын арилжааны гурван банкинд өгсөн үнэлгээгээ саяхан бууруулсан. Энэ нь Монголын хувьд гаднаас санхүүжилт татах боломжид хэрхэн нөлөөлөх бол?  

Энэ нь тийм ч чухал биш юм. Тухайн улсад тогтоосон үнэлгээг бууруулснаас үүдэн бүх банкны үнэлгээ дагаж буурсан. Монголын хувьд гаднаас  эх үүсвэр зээлэх боломж улс орны эдийн засгийн байдлаас юуны түрүүнд шалтгаална. Одоогийн байдлаар экспортын бүтээгдэхүүний үнэ, үүнтэй уялдан төсвийн алдагдал, валютын нөөцийн бууралт зэргээс үүдэн эдийн засгийн байдал сайнгүй байна. Нөгөө талаар, бусад улстай харьцуулахад Монголын хувьд энэ байдлыг илүү хурдан, илүү хялбар дөт замаар засаж залруулах боломжтой юм. Монголын эдийн засаг цомхон, харин Оюутолгой, Тавантолгой зэрэг эдийн засагт үлэмж түлхэц болохуйц өргөн хүрээний том төслүүд хэрэгжихээр хүлээгдэж байна.

Санхүүгийн ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан Монголын арилжааны банкууд хямралыг бүрэн гэтлэн давах чадвартай гэж үзэж байна уу?  

Анод банкны үйл ажиллагаа доголдсон нь эдийн засгийн байдлаас шалтгаалаагүй. Монголбанкнаас  гаргасан мэдэгдэлд Анод банкны асуудал нийтлэг бус , онцгой тохиолдол байсан юм. Төв банкнаас тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, мөнгөн хадгаламжаа татах хүсэлтэй бүх хадгаламж эзэмшигчийн мөнгийг тавьж олгоход төрөөс баталгаа, санхүүжилт гаргаж дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр нэг ч хүн Анод банкинд мөнгөө алдаагүй. Төрөөс холбогдох зохистой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн дотор мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан бөгөөд Монголбанкнаас банкны системийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Ер нь ард иргэд банкуудын тухайд санаа зовних шаардлагагүй.

Харин банкуудын ашиг буурснаас үүдэн банкны хувь нийлүүлэгчдэд, нөгөөтэйгүүр зээл олгох эх үүсвэр хомсодсоноос зээлдэгчдэд хамгийн хүндээр тусах магадлалтай. Эдийн засгийн байдлаас шалтгаалан системийн хэмжээнд хадгаламжийн хэмжээ өсөхөө больж, улмаар зээлийн өсөлт зогсонги байдалд орсноор банкууд зээлийн эрэлтийг бүрэн хангах мөнгөгүй болоод байна.  Зарим хүмүүст энэ нь хэцүүхэн л байх болно, гэвч дахин хэлэхэд системийг хамарсан хямрал үүсгэхгүй.                   

Хаан банкны хувьд өсөлттэй ажилласаар, зээл олгосоор байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Манай татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ энэ сарын эхний 20 хоногийн байдлаар л гэхэд 30 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр зээлийн хэмжээгээ өсгөх боломжтой болж, Цагаан сартай холбоотойгоор зээл олголтоо эрчимжүүлээд байна.   

Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч тус банк малчдад нэмж зээл авах боломж олгож, багш нарт олгох зээлийн хүүгээ бууруулж байгаа талаар саяхан телевизээр мэдэгдсэн. Энэ арга хэмжээ нь төрийн албан хаагчид, малчдын амьдралд тусах эдийн засгийн хямралын үр дагаврыг сааруулахад дөхөмтэй гэж үзэж байна.    
Төрөөс банкуудад дэмжлэг үзүүлэх  арга хэмжээний талаар та ямар бодолтой байдаг вэ? Ийм зүйл болохгүй гэж найдаж байна, гэхдээ арилжааны томоохон банкууд уналаа гэхэд, төрөөс тэдгээрийг худалдаж авах эсхүл эрсдэлтэй активуудыг улсын мэдэлд авах замаар энэ асуудлыг шийдвэрлэх нь зөв үү?


Төр, засгаас хямралыг даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж хэдийнэ мэдэгдсэн. Энэ хүрээнд банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаснаар бүх харилцагчид, аж ахуйн нэгж байгууллагуудын банкинд байршуулсан мөнгөн хадгаламж найдвартай хамгаалагдсан. Банкны үйл ажиллагаа доройтсон тохиолдолд төрөөс мөнгөн хадгаламжийг хариуцна гэсэн үг. Энэ нь л хадгаламж эзэмшигчдийн итгэл найдварын баталгаа болох юм. Анод банкны жишээгээр, тухайлбал банк ихээхэн ноцтой байдалд  орсон тохиолдолд ч төрөөс хадгаламжинд баталгаа гаргасан.

Засгийн газрын зүгээс энэ баталгаанаас гадна ямар арга хэмжээ авах нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалах болно. Төрөөс нэг ч банкийг улсын мэдлийнх болгохгүй гэдэгт найдаж байна.  Урьд улсын өмч байсан бүх банк нэгэнт хувьчлагдсан . Намайг анх Монголд ирэхэд Худалдаа, хөгжлийн банк, ХААН , Хадгаламжийн банк гэсэн төрийн өмчийн гурван банк байсан. Эдгээр банкийг хувьчилсан нь зөв алхам байсан. Учир нь ихэнх орны туршлагаас үзэхэд банк төрийн мэдэлд байснаар дорвитой үр дүн гардаггүй гэдэг нь нэгэнт тодорхой. Гэсэн хэдий ч одоо байдал хүнд байна.

АНУ-ын Засгийн газраас банкны системийг тогтворжуулах үүднээс банкуудад хөрөнгө оруулж байна. Одоогоор эдгээр банкинд бүрэн хяналт тогтоогоогүй байна. Гэвч цаашид ингэх шаардлага гарч болзошгүй. Дэлхийн бусад улс орны төр,засгаас банкны системийг тогтворжуулахын тулд банкуудын удирдлагыг гартаа аваад байна. Монголын Засгийн газар шаардлагатай гэж үзвэл ийм алхам хийх л болно. Гэхдээ нөхцөл байдал ингэтлээ хурцдахгүй болов уу гэж найдаж байна.

Банкууд төрөөс үзүүлж буй дэмжлэгийг зүй бусаар ашиглахгүй байх үүрэгтэй. Ёс суртахууны эрсдэл нь анхаарал хандуулах нэг асуудал мөн үү?

Тиймээ, энэ нь үнэхээр анхаарвал зохих асуудал юм. Банкны үйл ажиллагаа нь олон нийтийн итгэлийг хүлээж, хөрөнгө мөнгийг нь хадгалж байдаг тул хэдийнээс л ихээхэн онцлогтой бизнес гэгдэж ирсэн. Иймдээ ч үргэлж хатуу чанд хяналт зохицуулалттай байдаг. Гэхдээ энд ёс суртахууны эрсдэлийн асуудал зүй ёсоор хөндөгдөнө. Учир нь хэрэв төрөөс мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан бол, олон нийтийн итгэлийг хүртэх чадавхгүй хэрнээ улс төрийн дэмжлэгтээ дөрөөлөн депозит татах банкууд гарч ирэх боломжтой болно. Ийм ч учраас банкууд төр, Төв банкны нарийн зохицуулалт, хяналт дор  байдаг юм. Банкны сектор болон ердийн бизнесийн салбар хоорондоо ялгаатай учраас банкны удирдлагын зүгээс олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагадаа онцгой анхаарал хандуулах үүрэгтэй.      

Хаан банк улс орныг хамарсан өргөн сүлжээтэй. Үүгээрээ дамжуулан танай банк орон нутаг дахь малчид, төрийн албан хаагчдад хүрч үйлчилдгийн зэрэгцээ уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Банкны зүгээс уул уурхайд чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Бидний хувьд салбарын сүлжээгээ өргөтгөхөд чамгүй их хөрөнгө оруулсан. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд нийт 490 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сүлжээгээрээ дамжуулан малчид, хөдөө нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Хэдэн жилийн өмнөөс бид том аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэн ч Сүхбаатарын талбайгаас ашигт малтмал хайхгүй нь тодорхой. Уурхайн байгууллагууд хөдөө орон нутагт л ажилладаг. Манай банкны хувьд мах бэлтгэн нийлүүлэгчид, шатахуун түгээх станцууд, худалдаа наймаа эрхлэгчид, ноолуурын компаниуд зэрэг хөдөө нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкны үйлчилгээ шаардлагатай бүхий л аж ахуйн нэгж, компаниуд, тэр дундаа уурхайн ажилтнуудад банкны үйлчилгээг ойртуулах салбарын сүлжээтэй.

Манай шинээр хөл тавьсан зах зээлийн нэг сегмент болох уул уурхайн компаниудад үйлчлэх зорилгоор Уул уурхайн банкны газрыг байгуулсан. Тус газар нь дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдтэй харилцаа тогтоон хамтран ажиллаж, Улаанбаатар дахь үйл ажиллагааг нь дэмжих санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
Харин хөдөө нутагт нэн шаардлагатай үйлчилгээнүүд, тухайлбал орон нутаг дахь төсөв зарцуулалт, татвар, гааль, тэр дундаа хамгийн чухал нь ажиллагсдын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг. Манай банк ажиллагсдын цалин тавьж,  картаар үйлчилж, зээл олгодог. Зарим харилцагчид маань банкны салбар нэгжийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг жишээ нь, сумын тооцооны төвөөс холгүй байрлах жишээтэй.

Зарим тохиолдолд бид уурхайд ойр газар нутагт салбараа нээдэг. Жишээ нь, Төв аймгийн Заамар суманд хоёр дахь нэгжээ уурхайн ойролцоо нээж,  цогц үйлчилгээ үзүүлж байна. Мөн бүр уурхайн талбар дээр нь салбараа байгуулах тохиолдол ч байдаг. Тухайлбал, Ivanhoe Mines компаниас тавьсан хүсэлтийн дагуу манай банк Оюутолгойд салбар нэгжээ нээсэн бөгөөд тус уурхай дахь цорын ганц банкны хувьд уурхайн ажиллагсад болон гэрээт байгууллагуудад нь үйлчилгээ үзүүлж байна. Зарим байршилд салбар нэгж байгуулаагүй буюу ингэх шаардлагагүй байдаг. Жишээ нь, Даланзадгадаас 30 км-ийн зайд үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд тэнд ажиллаж буй ажиллагсдадаа банкны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бөгөөд бид хоёр долоо хоног тутам утасгүй POS машин, бэлэн мөнгө тээвэрлэн аваачиж явуулын үйлчилгээ үзүүлдэг. Иймд бид хаана ч, тэр дундаа хамгийн алслагдсан нутаг дахь уул уурхайн компаниудын хэрэгцээг хангаж, тэдэнд хүрч үйлчилдэг.

Танай банк хот, хөдөө, хилийн чанадад хүртэл үйлчилгээгээ хүргэж байна. Хаа сайгүй Хаан банкны нэр, лого харагдаж байх юм.  Ширүүн өрсөлдөөнийг хэрхэн даван туулж чадаж байна вэ? Танай банкны талаар сайн болон саар мэдээ дуулддаг. Жишээ нь , Хаан банк зээлээ хугацаанд нь төлж чадаагүй малчдын малыг нь хураан авч байна гэж дуулдаж байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ буурч, малчид орлого муутай байгаа үед танай банк  зээлийн бодлогоо хэрхэн зохицуулж байна вэ?  

Монгол улс чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засагтай. Энэ утгаараа аль ч банк олон салбар нэгж нээгээд бидэнтэй өрсөлдөх боломжтой бөгөөд зарим нэг нь салбар нэгжийнхээ тоог нэмэгдүүлж байна. Үүний тулд асар их хөрөнгө, VSAT сүлжээ, ур чадвар, сайн удирдлага, сайн боловсон хүчин, мөн бусад олон зүйл шаардах бөгөөд хэнд ч ийнхүү хүчээ сорих боломж нь нээлттэй байгаа. Бизнес үйл ажиллагаагаа хэрхэн авч явах нь тухайн банкны шийдвэрээс хамаарна. Манай банк амжилттай ажиллаж байгаа нь тохиолдлын хэрэг бус. Бид бүх хүчээ дайчлан ажиллаж иргэддээ үйлчилж байна.

Малчидтай холбоотойгоор манай банкны тухай өрөөсгөл ойлголт их байна. Үүний дийлэнх нь сонин хэвлэлээр гарсан үндэслэлгүй мэдээлэл байдаг. Эдгээрийн зарим нь хариуцлагагүй сэтгүүл зүй бол зарим нэг нь Хаан банкны нэр хүндэд халдах гэсэн этгээдүүдийн санаатайгаар түгээж буй худал мэдээлэл. Бодит баримт гэвэл манай банк малчны зээлийн бүтээгдэхүүнийг 2001 онд анх санаачлан нэвтрүүлсэн. Үүнээс өмнө хэн ч малчдад зээл олгож байгаагүй. Тэр цагаас хойш манай банк олон зуун мянган малчинд хэрэгцээт зээлийг олгоод байна. Хаан банкны ийм дэмжлэгийн тусламжтайгаар малчдын амьжиргаа дээшилж, малын тоо толгой өсөж, ашиг орлого нь ч нэмэгдсэн. Малчны зээлийн 97 хувь  нь хуваарийн давуу хугацаандаа төлөгддөг. 2008 онд бид Монголын хэдэн арван сая малаас ердөө 1500 толгой малыг зээлийн төлбөрт хураан авсан. Банк малчидтай ерөнхийдөө маш сайн харилцаатай ажилладаг.

Малчдын хувьд түүхий эдийн үнийн уналт, цаг агаарын нөхцөл, мал аж ахуйг хөгжүүлэхэд эдийн засгийн байдал таагүй байгаа зэрэг олон бэрхшээл тулгараад байгааг бид ойлгож байна.  Энэ хүнд хэцүү үед   дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн хоёр сарын хугацаанд бараг таван мянга гаруй малчны зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Банкны зүгээс малчдад зээл олгох боловч барьцаа хөрөнгийг нь бид хурааж авах сонирхолгүй байдаг. Энэ нь бидний хийдэг ажил ч биш. Бид цаашид олгох зээлээ нэмэгдүүлэх замаар малчдад тусалж, тэднийг дэмжих болно.   

Үйл ажиллагаа, үйлчилгээндээ сүүлийн үед ямар шинэ санаачилга, шинэлэг зүйлийг нэвтрүүлсэн бэ?

Бид банкны үйлчилгээг хөгжүүлэх тал дээр ямагт тэргүүлж ирсэн. Манай 450 салбар нэгж шилэн кабель, утасгүй , эсхүл VSAT холболт бүхий онлайн сүлжээнд холбогдсон бөгөөд ингэснээр харилцагчид бэлэн мөнгөө Монгол улсын өнцөг булаг бүрээс хэдийд ч шилжүүлэх боломжтой юм. Энэ оны сүүлч гэхэд манай бүх салбар нэгж онлайн сүлжээнд холбогдсон байх болно. Манай интернэт банк, мобайл банкны үйлчилгээ ч бүрэн жигдэрсэн. Саяхнаас АТМ шинээр 60 ширхгийг оруулж ирээд байна. Удахгүй улс даяар бүх аймагт суурилуулсан нийт 130 АТМ-тэй болно. Одоогийн байдлаар манай банкны виза карт эзэмшигч  400.000 гаруй байна.  Бид цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг виза картаар олгож байгаа бөгөөд ингэснээр харилцагчид  мөнгөө аль ч АТМ-ээс авах боломжтой юм. Бид үйлчилгээгээ байнга боловсронгуй болгож ирлээ.
2007 онд 16  тэрбум төгрөг, өнгөрсөн онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгөө шинэчлэхэд, тухайлбал цахим тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж худалдаж авах, салбар нэгжийг өргөтгөхөд тус тус зарцуулсан.         

Банкирууд ер нь стратеги боловсруулагчид, нарийн шинжээчид, асуудлыг соргогоор урьдчилан тааварладаг хүмүүс байдаг тул  эдийн засгийн хямралтай хэрхэн тэмцэх талаар та бүгдийн санаа онооноос сонсохыг эрмэлздэг. Улс оронд нэн шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлдэг гэдэг утгаараа хувийн хэвшил, үүний дотор банкууд эдийн засгийн гэнэтийн хямралын үр дагаврыг үүрч гарах болдог Ер нь хямралын үр дагаврыг зөөллөхийн тулд хувийн хэвшил юу хийх ёстой вэ?   

Хувийн хэвшил тухайн эдийн засгаас хамааралтай байдаг бөгөөд хувийн хэвшил эдийн засгийг дэмжих нэн чухал экспортын гол бүтээгдэхүүн зэс, алт эсхүл ноолуурын үнийг хянаж чадахгүй. Монголын хувьд эдийн засгийн өсөлт экспорт, импортын бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай тул Монголын эдийн засаг тэлэхийн хэрээр хувийн секторт ч мөн дагаад өсөлт гарна.  
Гэхдээ миний хувьд хүнд бэрхийг давахын тулд хувийн хэвшил өөрөө чадах бүхнээ хийх үүрэгтэй гэж боддог.  Тухайлбал, боломжтой бол ажиллах хүчээ бүгдийг нь авч үлдэх. Бидний хувьд цомхтгол хийхгүй гэж найдаж байгаа. Ажиллагсдын цалин хөлсний хэмжээг бууруулаагүйн дээр, оны эцэст харин ч нэмэх санаатай байгаа. Мөн ажилтнууддаа шагнал урамшуулал ч олгохоор төлөвлөж байна. Ийнхүү хэвийн үйл ажиллагаагаа хадгалж үлдэхийг бүх талаар хичээх болно. Гэвч эдийн засгийн байдал улам дордвол хэрхэхийг мэдэхгүй.  Засгийн газраас цалин хөлсний хэмжээг 20-30 хувиар бууруулах санал дэвшүүлсэн. Энэ нь иргэдэд хүндхэн байх хэдий ч орон тооны цомхотгол хийснээс дээр.

Цагаан сарын дараагаас Монголын аж ахуйн нэгж компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд орон тоогоо багасгахад хүрч болзошгүй болов уу. Хувийн секторт үйл ажиллагаа явуулж буй бид бүгд энэ цаг үед ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангахад бүхий л нөөц бололцоогоо дайчлах үүрэгтэй. Ажиллагсад маань эрэлт бий болгодог хэрэглэгчид гэдгийг санах ёстой. Хэрэв цалин хөлс нь багасвал, худалдан авах чадвар нь буурч, улмаар эдийн засагт хүндээр тусах болно. Хувийн хэвшлийн зүгээс эдийн засгийн байдлыг өөрчилчихөж чадахгүй ч, чадах чинээгээрээ ажиллах ёстой.       

Тэгэхээр танай банкны хувьд цомхотгол хийж, орон тоогоо багасгахгүй гэж үзэж байна уу?

Одоогийн байдлаар ийм төлөвлөгөөгүй байгаа ч эдийн засаг цаашид хэр дордох нь тодорхойгүй байна. Байдал улам хүндэрвэл  цаашид яах вэ гэдгээ  жич шийдэх болов уу. Бидний эн тэргүүний үүрэг бол Хаан банкны чадавхийг хадгалж, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх явдал юм. Бид одоогийн ажлын байрны орон тоо, ажил эрхлэлтийн нөхцөлийг  хэвээр хадгалахыг хичээх болно гэдгээ ажиллагсдадаа мэдэгдсэн. Банк урьдын адил өсөлттэй, ашиг орлоготой хэвийн ажиллаж байна.

Банкны системд түшиглэсэн өсөлт (multiplier effect) асар өргөн цар хүрээтэй тул банкуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байх нь чухал юм. Зарим хүмүүс Монголын эдийн засагт “Голланд өвчин“-ний (цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн   тухайн орны эдийн засаг, экспортод голлох жин эзэлж, улсын төсвийн өсөлт, бууралт үүнээс хамаарах болсны улмаас санхүүгийн эрсдэл дагуулах үзэгдэл) шинж тэмдэг хэдийнэ илрээд эхэлсэн гэж ярьдаг. Эдгээр нь “Голланд өвчин“-ний тухай тогтсон ойлголтоос өөр байдлаар илэрсэн байж болох ч бид ашигт малтмалын экспорт гэсэн цорын ганц салбараас хэт их хараат байгаа нь илэрхий юм. Өөрөөр амьжиргаагаа залгуулах эх үүсвэр алга. Сохорсон биш завшив гэгчээр энэ хямрал нь бидний хувьд үнэхээр эдийн засгийн шинэчлэл, өөрчлөн байгуулалт хийх нэг ёсны боломж олгож байгаа юм болов уу ?

Энэ хямрал нь хүндрэл бэрхшээл дагуулахаас биш, гол шалтгааныг ул үндсээр нь өөрчилж чадахгүй. Монгол улс газар доорх нөөц баялаг, алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр, уран гээд бүхий л төрлийн эрдэс, ашигт малтмал ихтэй. Үүнээс Монголын эдийн засгийн ирээдүй хамаарна Монгол улс хэзээ ч Хятадтай үйлдвэрлэлээр өрсөлдөхгүй бөгөөд далайд гарцгүй, тээвэр хөгжөөгүй зэрэг томоохон сул тал бий. Иймд газрын нөөц баялгаа экспортлох нь Монголын эдийн засгийн  тулгуур болно.“Голланд өвчин”-ий хувьд үнэндээ эсрэг процесс явагдаж байгаа буюу төгрөгийн ханш унаж байна. Мэдээж Монголын эдийн засаг хэтэрхий жижиг байхад ам.долларын гүйлгээ их байсаар байгаа нь валютын ханшийн дахин үнэлгээ хийгдэхэд хүргэж болзошгүй ч би хувьдаа ийм зүйл болно гэж бодохгүй байна.
 
Монгол улсын хөгжлийн түлхүүр нь зөвхөн уурхайгаа олборлоод, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгаас орлого олоод явна гэсэн үг биш. Хэрэв Хятадаас ажиллах хүч, машин техник оруулж ирээд, хүдрээ олборлож гадагш гаргаад байна гэвэл үр дүн бага. Хамгийн гол нь уул уурхайд түшиглэсэн дэд бүтэц бий болгох,  орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бүрдүүлэх,  эдгээр уурхайд чиглэсэн үйлчилгээг дотоодын ажиллах хүч, нөөц бололцоогоор хүргэх нь чухал юм. Өнөөдрийн байдлаар  Монголд төдийлөн олон уурхай байхгүй. 30 жилийн түүхтэй “Эрдэнэт“ үйлдвэр 6 мянган ажиллагсадтай бөгөөд Эрдэнэт хот нийт 90 мянган хүн амтай. Эндээс бид уул уурхайн салбараас эхтэй эдийн засгийн өсөлт хэр ач холбогдолтойг харж болно. Үүнээс харвал шинээр ажиллаж эхлэх томоохон уурхайнуудыг түшиглэн хэр их баялаг бүтээж болох нь тодорхой байна.

  • MR. MASON HARRIS (101.56.211.125)
    Хүндэт Ноён Хатагтай Би ноён Мэйсон Харрис ГЗ MH Gannett Зээлийн хөрөнгө оруулалт билээ Бид бүх дэлхий даяар аливаа байгууллагын орон нутгийн болон олон улсын зээл өгөх нь зөвхөн 2 нь хүү rateWe бизнес эрхлэгчид хувь хүмүүст зээл өгч байна Бид та нарыг ямар ч улс орон руу шилжүүлэх дансны дамжуулан зээл өгч байна Бид банк биш юм бид олон бичиг баримт шаарддаггүй Та манай компанид зээл авах сонирхолтой байгаа бол дараах дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд хандана уу ===================================== Эхний нэр Өнгөрсөн нэр Хүйс Гэрлэлтийн байдал Холбоо барих хаяг Хот Zip код Улс Төрсөн он сар өдөр Зээлийн талаар Шаардлагатай тоо хэмжээ Зээлийн зорилго Зээлийн хугацаа Сарын орлого жилд орлого Мэргэжил Гар тоо Утасны дугаар И-мэйлээр холбоо барих gannettloaninvestmentgmailcom ==================================== Эдгээр дэлгэрэнгүй мэдээллийг нь хүлээн зөвшөөрдөггүй би та нарт гэрээ орно хувьд сайн тооцож Нэр томьёо ба Нөхцөл илгээх болно Оффис нь зөвхөн ашиглана
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
  • Малчдыг дэмжиж өвлийн улиралд зээлийг хөнгөлөх (103.9.90.98)
    хугацааг сунгаж 2-3 жилээр зээл олгож баймаар байна тэгж туслаач Сэлэнгэ аймагаас
    2013 оны 01 сарын 08 | Хариулах