Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хямралын эхний давлагаанд Төв банкны Ерөнхийлөгч өртөв


Монголын арилжааны дөрөв дэх том банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдаж эхэлснийг цаг тухайд нь хянаж чадаагүй, түүнчлэн арилжааны банкууд дараалан зээл олголтоо зогсоож буй  нөхцөлд мөнгөний уян хатан бодлого явуулаагүй Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох яриа өнгөрсөн оны сүүлээс газар авсан юм.

Эдүгээ Эрсдэлийн сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад богино хугацаатай байршуулах ажил эхэлсэн. Ингэхдээ арилжааны банк болон Төв банкны хооронд ханшийн зөрүүнээс үүдсэн маргаан гарсныг болон гүйлгээтэй холбоотой бусад мэдээллийг олон нийтэд ил гаргахгүй байгаа билээ. Юутай ч эдийн засгийн хямралаас банк, санхүүгийн байгууллагуудаа авч гарах санаачлагыг Засгийн газар гартаа аваад байна. Харин Монгол улсын мөнгөний бодлогыг зангидах учиртай Төв банкны үйл ажиллагаа үр дүнгүй байгаад хадгаламж эзэмшигчид бухимдах болжээ. Төв банкны ерөнхийлөгч болон дэд захирлуудыг өөрчлөх нь зөв гэсэн байр суурь   УИХ дахь намын бүлгүүдийн хурал дээр байнга сонсогдож байлаа. Он солигдсоны дараахан А.Батсүх ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох тухай өргөдлөө бичжээ. Арилжааны банкууд зээл олголтоо хумьж байх үед мөнгөний  хатуу бодлогоо үргэлжлүүлсэн А.Батсүх ерөнхийлөгчийн байр суурийг эдүгээ олон хүн алдаатай шийдвэр хэмээн буруутгаж байна. Дэлхийн Төв банкууд бодлогын хүүгээ энэ оны турш аажмаар багасгасан бол Монголбанкны бодлогын хүү урт хугацаанд тогтвортой өндөр байв. Мөнгөний бодлогыг зохицуулах арга хэрэгслүүдийг цаг хугацаанд нь оновчтой хэрэгжүүлж чадаагүй А.Батсүх халагдах өргөдлөө өгсөн анхны ерөнхийлөгч болон Монголбанкны түүхэнд бичигджээ.