Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Сангийн яамны Төсвийн газрын дарга Б.Батжаргал: Хямрал хагас жил Үргэлжилнэ гэдэг хэтэрхий өөдрөг төсөөлөл юм

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг эрчимтэй тэлсэн гэсэн дүгнэлт хийж болно. Эрчимтэй тэлэлтийн үед тохиолддог томоохон бэрхшээл бол үнэ тарифын өсөлт. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийн хэмжээ нэмэгддэг. Манай улсын хувьд ойролцоогоор 30 гаруй хувийн хэт өндөр инфляцитай байсан. Тодорхой хэмжээгээр эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж байна гэдгийг харуулж байгаа үзүүлэлт. Ингээд одоогоос гурав, дөрвөн сарын өмнө хэт өндөр инфляцын хүндрэл яригдаж, түүнийг хэрхэн хязгаарлах вэ гэсэн бодлогын зорилттой тулгарсан. Энэ зорилтыг ямар аргаар хэрэгжүүлдэг вэ гэхээр нэгдүгээрт мөнгөний бодлого талаасаа Монголбанк зах зээл дээрх мөнгийг хумина. Төсвийн бодлого талаас бол төсвийн зарлагыг хумих ийм хоёр хосолмол бодлого явуулж байж инфляцийг хязгаарладаг.

Энэ хүрээнд Сангийн яам 2008 оны эхнээс авахуулаад болох үйл явцыг урьдчилж харан инфляцийн түвшин 17 хувьтай байх үеэс эхэлж энэ бодлогыг зарлаж хэрэгжүүлэх гэж хичээж ирсэн. Монголбанк энэ хугацаанд хоёроос гурван удаа бодитой арга хэмжээ авч, мөнгөний хатуу  бодлого явуулсан.
Ингээд 3-4 сарын өмнө буюу 8-9 дүгээр сарын үед Америк дахь орон сууцны санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалаад санхүүгийн байдал нь хямраад, улмаар бусад бүс нутгийн зах зээл рүү нөлөөлөөд, тэр нөлөөлөл нь аажмаар эдийн засгийн хямрал руу шилжин, тэр эдийн засгийн хямрал нь дам утгаараа Монгол руу нөлөөлөх шинж тэмдэг илэрсэн.

Нэгэнт ийм шинж тэмдэг илрэнгүүт Сангийн яамны бодлого өөрчлөгдөх  шаард­лага­тай болсон. Өөрөөр хэлбэл энэ шинж тэмдэг яаж илрэх вэ гэхээр манай нийт эрэлтийг багасгана. Эдийн засгийн өсөлтийг удаашруулж эхэлж байгаа юм. Ялангуяа манай хоёр хөршийн эдийн засгийн өсөлт нь буураад ирсэн. Яагаад гэвэл хөрш хоёр том эдийн засаг маань Америкийн болон Европын эдийн засагтай шууд хамааралтай. Хоёр хөршийн эдийн засгийн өсөлт буураад ирэхээр манайх зайлшгүй анхааралдаа авч эдийн засгийн өсөлт буурах нь ээ гэсэн тэр дохиог аваад бодлогын өөрчлөлт хийсэн. Найм, есдүгээр сарын үед бидний эхний зорилт инфляцийг бууруулах байсан бол үүнээс хоёр сарын дараа аравдугаар сард бидний эхний ээлжийн зорилт эдийн засгийн өсөлтийг тэтгэх явдал болж ирсэн.

Эдийн засгийн өсөлт буурч байгаа нөхцөлд төсвийн санхүүжилтийг огцом хэмжээгээр бууруулах нь сөрөг талтай. Тийм учраас  бид  төсвийн зарлагыг хэт их хэмжээгээр бууруулахгүй байх, гэхдээ үрэлгэн үр ашиг муутай зардлуудыг бууруулах чиглэлээр бодлогынхоо өөрчлөлтийн арга хэмжээг авсан юм. Удаашрах хэмнэл гэдэг чинь эдийн засгийн бодит өсөлт буурч, нийт хэрэглээ багасахыг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг шилжилтийн үе гэж нэрлэх нь зөв үү буруу юу, ямар ч байсан энэхүү өсөлт саарах үйл явц хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь өөрөө эргээд нийт гадаад зах зээл, манай худалдааны том түншүүд, тэдгээрийн зах зээл хэрхэн хаашаа яаж явах вэ гэдгээс бас шууд хамаарна.
Ялангуяа манай улсад тохиолдоод байгаа долларын ханшийн асуудал бусад эдийн засгийн үндсэн тэнцвэртэй холбоотой индикаторууд нь манай хөрш орнууд, түүн дотроо манай зэсийг 100 хувь импортолдог Хятад улсын эдийн засгаас хамааралтай.

Даяарчлагдсан эдийн засгийн цогц бүтэц явж байгаа тохиолдолд манай саармагжих үйл явц тэр үйл явцаас тодорхой хэмжээгээр хамааралтай. Маш олон эдийн засагч, ялангуяа Сангийн яамнаас удаа дараа энэ талаар санал бодлоо илэрхийлж байсан. Олон улсын санхүүгийн зах зээл дээрх үйл явц Монголд нөлөөлөх нөлөөлөл бага гэж. Гэтэл одоо бас “Анод” банктай холбоотой асуудал үүсч байна. Арилжааны банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж эхэлж байна. Үүний учир шалтгааныг нь бид бас судалж үзсэн. Энэ бол бас л бодлогын буруу шийдвэртэй холбоотой. Яагаад гэхээр эргэн төлөгдөх нөхцөлөөр барилга байгууламж барих буюу өөрөөр хэлбэл би нэг компанитай байлаа гэхэд энэ замыг өөрийнхөө мөнгөөр барьчихна. Улс гурван жилийн дотор надад санхүүжилтийг нь буцаагаад өгчихөөрэй гэсэн  схемийг ашиглаж асар их хэмжээний төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр УИХ баталсан. Тэр тендерүүдийг авсан компаниуд банкнаас зээл авчихна. Банк нь өөрөө хяналтаа сайн тавьж чадахгүй нөхцөлд эргэн төлөгдөх хугацаа урт ийм зээлүүд их хэмжээгээр өгснөөс хадгаламж эзэмшигчдийн тодорхой хувь богино хугацаанд хадгаламжаа татъя гэхэд тэр банк  унаад ирж байна.

Удаашрах хэмнэлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.  Гадаад орчны нөхцөл төдийгүй дотоод дахь зөв бодлого бас их чухал. Тэгэхээр хямрал улирал үргэлжлэх үү, хагас жил үргэлжлэх үү гэдгийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Бид тодорхой хэмжээний судалгаа хийж үзсэн. Судалгаан дээрээ үндэслээд хэлэхэд ер нь хагас жил үргэлжилнэ гэдэг бас хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж бодож байна.

Долларын ханш өссөөр байвал шатахууны үнэ дорвитой бууж чадах уу?

Долларын ханш өссөөр байхад шатахууны үнэ дорвитой бууж чадах эсэхийг тайлбарлахын тулд хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэх ёстой. Манай дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ, хилийн үнэ, дэлхийн зах зээлийн үнэ гэсэн гурван хүчин зүйлийг харьцуулдаг. Хилийн үнэ бол дэлхийн зах зээлийн үнэтэй нэг шугаманд параллель явж байгаа. Буурсан үед буураад, өссөн үед дагаад яваа. Гэтэл энэ хоёр шугам параллель явж байхад тэдний хооронд зай   үүсээд ирвэл тэр нь Монгол дахь импортлогч компаниудын үйл ажиллагаатай холбоотой өсөлт болно. Долларын ханш шууд хамаатай нь хамаатай. Гэхдээ дотоодод жижиглэнгээр борлуулж байгаа компаниудын ашиг хэдий хэмжээнд байх вэ гэдгээс хамаарч шатахууны үнэ дорвитой буух уу, үгүй юү гэдэг  асуудал шийдэгдэнэ. 200 төгрөгийн бууралт гэдэг бол аль хэдийнэ хүрэх ёстой байсан бууралт. Удаашралтай байгаа. Өөрөөр хэлбэл хугацааны ийм зааг гарна гэдэг чинь дотоодын импортлогч компаниудын ашиг данхайж байна аа л гэсэн үг. Шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна, арванхоёрдугаар сарын эцсээр дахиад 200 төгрөгөөр буурна гэж яриад байсан. Гэсэн хэдий ч эсрэгээр доллар чангараад байгаа учраас арванхоёрдугаар сарын 15-нд 200 төгрөгөөр буурлаа, 30-нд дахин 200 төгрөгөөр буурах байсан бол долларын ханш улам чангарснаар 100 төгрөгөөр л буурах тал ажиглагдлаа.

Долларын ханш өсөх үйл явц аль хэдийнэ болж өнгөрөх ёстой байсан. Экспортлогч орнуудын хувьд экспорт нь хумигдаж байна. БНСУ-ын   экспортынх нь орлого буураад ирэхийн цагт шууд воннын ханшийг чөлөөтэй орхисон. Ингэснээр хэдхэн өдрийн дотор воннын ханш 30 гаруй хувиар суларсан. Төр буюу Төв банк нь зах зээлд интервенц хийхгүйгээр тэр ачааллыг шууд иргэд хэрэглэгч рүү шилжүүлчихэж байгаа юм. Энэ бол зөв алхам. Манайх арай эртхэн шиг ийм арга хэмжээ авах хэрэгтэй байсан юм болов уу.

Монголын эдийн засаг долларжсан эдийн засаг гэвэл Та зөвшөөрөх үү? Ийм тохиолдолд ирэх жил төгрөг, долларын ханшийг Монголбанк тогтвортой барьж чадах уу?

Долларжсан эдийн засаг уу гэвэл би зөвшөөрнө. Яагаад гэвэл нийт гадаад худалдааны дийлэнх хувь нь доллараар хийгдэж байна. Гэхдээ ханшийн бодлогыг Монголбанк хэрхэн тодорхойлсныг авч үзэх хэрэгтэй. Монголбанкны гол зорилго бол ханшийг тогтвортой байлгах. Өөрөөр хэлбэл ийм том савлагаа үүсгэхгүй байх гэсэн үг. Савлагаа мэдээж үүсч болно. Яагаад гэвэл маш олон хүчин зүйлээс хамаардаг учраас. Үүсч байгаа савлагааг хэтэрхий огцом, хэтэрхий томоор үүсгэхгүй байх нь л Монголбанкны гол зорилго.

Дараагийн хадгаламж зээлийн хоршооных шиг хэрэг явдал энд тохиолдохыг үгүйсгэх газар байхгүй


Хөрөнгийн биржээр хувьцаа гаргаж арилжиж байгаа компани, банкуудад Санхүүгийн зохицуулах хороо хангалттай хяналт тавьж чадаж байна уу? Тухайлбал, “Анод“ банк нийт хөрөнгийнхөө 49 хувьд хувьцаа гаргаж арилжсан. Одоо тэдгээр хувьцааг эзэмшигчид хохирч байна?

Энэ асуулт их сонирхолтой юм. Юу гэхээр манайд хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжөөгүй. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн бирж бий болсноор хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа бий болсон гэж хэлэхэд учир дутагдалтай.
“Анод“ банкны хувьд хувьцаа эзэмшигчид хохирох нь уу, яах нь вэ гэдэг асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо л үгээ хэлэх ёстой. Яагаад гэхээр хувь хүмүүс нь Санхүүгийн зохицуулах хороонд итгэж байгаа шүү дээ. Тэнд шалгаад, хувьцааг нь арилжаанд оруулж байгаа юм чинь. Хэрвээ ямарваа нэг эрсдэл гарах юм бол Санхүүгийн зохицуулах хороо маш том хариуцлага хүлээх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа УИХ-д тайлагнадаг газар. Эдийн засагт гурван том салбар байна. Төсөв, банк, банк бус санхүүгийн бусад бүх байгууллага. Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн үг. Энэ гурвын бодлого нэгдэж байж Монголын нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн бодлогыг шууд тодорхойлж байгаа. Тийм учраас Санхүүгийн зохицуулах хороо хангалттай хяналт тавьж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үйл ажиллагааных нь үр дүнгээс харах байх. Бид бол өдөр тутам холбоотой байдаг биш учраас мэдэхгүй байна.

Миний хувийн бодол бол яагаад эрх зүйн хувьд ямар ч нөхцөл нь бүрдээгүй байхад компаниуд хувьцаа гаргах үйл явцыг нарийн хяналт шалгалтгүйгээр дэвэргэх болов? Манай жирийн иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол тийм өндөр биш байна. Яаж ийж байгаад мөнгө цуглуулдаг. Хувьцаа авчихвал ашигтай гэнгүүт мөнгөө аваачаад хийчихдэг. Тэр мөнгийг нь хэн яаж удирдаад, ямар үр ашиг гаргаад тэр хүнд буцааж өгөх юм бүү мэд. Бас бүү мэд ч биш л дээ. Цаасан дээр нэг юм бичээд өгчихөж байгаа байхгүй юу. Жишээлбэл Японд дотоод  мэдээлэл гэж байдаг. Тухайн компанид орчихоод тэр компанитай холбоотой нарийн ширийн мэдээллийг гадагш нь гаргахыг хуулиар хориглочихсон байдаг. Тийм мэдээлэл гаргасан нөхөр шууд л ерөөсөө тэр компанийг тэр чигээр нь дампууруулж байгаа юм.  Ийм асуудлуудыг хүртэл бүгдийг нь олж хараад хуульдаа тусгачихсан. Гэтэл манайд тайлан балансаа үнэн зөв гаргадаг эсэхийг нь мэдэхгүй байж,   нарийн шалгаж нягтлахгүй байж ийм үйл явдал цаашаа өргөжих юм бол дараагийн хадгаламж зээлийн хоршооных шиг хэрэг үүсэхийг үгүйсгэх газар байхгүй. Иймэрхүү асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо маш анхааралтай хяналттай л явахгүй бол их аюултай. “Анод“  банкны хувь заяа одоо яаж шийдэгдэх вэ? Монголбанк бол бидэнд хамаагүй гэчихсэн шүү дээ. Тэгхээр яаж шийдэгдэх юм бэ. Хэрвээ хуулийн гарц байгаад, зөв зохицуулалт хийгээд эрсдэлийн санг нь сайн байгуулаад өгчихсөн, мөнгө нь тэнд байж байдаг бол үйл ажиллагаа нь сайн явж л байх байсан.

Монгол улс Эрсдэлийн сан­даа хуримтлуулсан сүүл­чийн хөрөнгөө гаргаж Төрийн санд байршууллаа. Энэ зөв алхам байсан уу?


Зөв алхам. Яагаад гэвэл төсвийн мөнгийг нэгдсэн удирдлагаар хангана гэдэг хамгийн чухал зүйл. Манайх Улсын төсөв, Хөгжүүлэх сангийн төсөв, Нийгмийн даатгалын төсөв гэсэн гурван төсөвтэй боллоо гээд байгаа шүү дээ. Хэрвээ энэ сангууд гурвуулаа шууд заагтай, хоорондоо ерөөсөө шилждэггүй байх юм бол энд бэлэн мөнгөний удирдлага хийх боломж хомс гэсэн үг.   2008 оны эцсээрх төсвийн  гүйцэтгэлээр бол төсөв нэлээн хэмжээний алдагдалтай гарахаар байгаа. Дээр нь  ДНБ-тэй харьцуулснаар 6,1 хувийн алдагдалтай төсвийг УИХ баталчихсан. Санхүүжүүлэх эх үүсвэрийг нь зааж өгөөгүй. Тийм учраас ямар ч тохиолдолд Хөгжүүлэх сангийн эрсдэлийн хэсгийг Төрийн санд байршуулсан нь зөв алхам. Үүнийг хэрхэн зөв удирдах вэ гэдэг бол тусдаа асуудал. Энэ мөнгийг зориулах ёстой зүйлд нь зөв зориулж зарцуулж байна уу гэдэг дээр аль ч талууд сайн хяналт тавих ёстой.

Тэнцлийн алдагдал нэмэгдсэнээр төгрөгийн ханш сулрах хүндрэл харагдаж байна


2009 онд Монголын эдийн засагт ямар хүндрэлүүд гарч болзошгүй вэ? Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Ер нь төсөв, төсвийн алдагдал, мөнгөний бодлогод бусад дотоод эдийн засгийн бүх тэнцвэр шууд нөлөөлдөг. Ялангуяа төсвийн өндөр алдагдалтай тохиолдолд инфляци нэмэгдэнэ. Инфляци гэдэг нь манай дотоод зах зээл эрүүл эсэхийг харуулж байгаа үзүүлэлт. Тэгэхээр төсөв талаасаа  6.1 хувийн алдагдал   хэтэрхий өндөр үзүүлэлт юм. Тийм учраас үүнийг бууруулах шаардлагатай. Хоёрдугаар сард төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр үед төсвийн алдагдлыг хэвийн хэмжээнд тогтоох алхмууд хийх ёстой. Ингэхгүй бол хүндрэлүүд гарна.

Ямар хүндрэлүүд гарах вэ?

Одоо мөнгөний зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол бий болоод байгаа. Төсөв өндөр алдагдалтай байх юм бол түүнийгээ нөхөхийн тулд бонд гаргадаг. Бонд гэдэг чинь, Засгийн газар үнэт цаас өгөөд хүмүүсээс мөнгийг нь татчихна. Тодорхой хугацааны дараа мөнгийг нь хүүтэйгээр буцааж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэртэй тэргүй зах зээл дээр хомсдоод байгаа мөнгөний хомсдол дээр нь Засгийн газар мөнгө аваад хэрэгтэй хэрэггүй зардалд зарцуулах юм бол санхүүгийн зах зээл дээрх тогтворгүй байдлыг улам дэвэргэсэн хэрэг болно.

Манай экспортын эдийн засгийн өсөлтийн томоохон хувийг эзэлдэг алт, зэсийн үнэ бас их нөлөөтэй. Хэрвээ одоогийн янзаараа ингээд яваад байх юм бол байдал нэлээн хүндэрнэ. Өөрөөр хэлбэл, зэсийн үнийг бид нар 3200 ам.доллараар томьёолоод УИХ-д оруулахад 3400 ам.доллар болгоод баталчихсан. Гэтэл зэсийн үнэ 2800 ам.доллар дээр оччихсон явж байгаа. Ийм тохиолдолд манай гадаад худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдэнэ. Тэнцлийн алдагдал нэмэгдсэнээр төгрөгийн ханш дахиад сулрах хүндрэл юуны өмнө шууд харагдаж байна.

Гэхдээ   аз завшаанаар бидэнд хоёр том орд байна. Эдгээр нь манай улсын ирэх 15-20 жилийн аж амьдралын төлөвийг шууд тодорхойлно. Тийм учраас бусад оронтой харьцуулахад бидэнд ирээдүй байна. Өөрөөр хэлбэл, манай улсад ирээдүйн сайн төсөөлөл хийх боломж байна.