Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засаг төрийн оролцоо, төрийн хяналтгүйгээр хөгжинө гэдэг том онол асуудалд орж байна


Энэ намар л гэхэд АНУ-ын засаг захиргаа хэд хэдэн угсарсан арга хэмжээ авчихаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хүн ам, жижиг аж ахуй нэгжүүддээ 168 тэрбум ам.долларын санхүүжилт хийж тусалж байна. Конгресс нь баталчихсан. Энэ 168 тэрбум нь ямаршуу маягаар зарцуулагдах вэ гэхээр, хувь хүнд бараг 800, айл өрхөд 1200, жижиг аж ахуй нэгжид 1600 ам.доллар тэдний өөрсдийнх нь төлсөн татвараас эргэж очиж байгаа. Дотооддоо худалдан авах чадварыг, худалдаа борлуулалтыг сайжруулах зорилгоор дахиад иймэрхүү төлөвлөгөө гаргаж 2009 онд хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Тэр арга хэмжээнд зарцуулах 150 тэрбум ам.долларын санхүүжилтийн хуулийн төсөл  Конгресс дээр хэлэлцэгдээд  явж байна.

Эндээс үзэхэд Монгол улс, АНУ хоёрын масштаб, төрийн чадамж нь шал өөр. Манайд иймэрхүү хэмжээнийх биш гэхэд яг өөртөө таарсан санхүүжилт хийх чадвар нь аль зэрэг байгаа билээ. Тэр шаардлага нь байна уу, үгүй юү гэдгийг тухай бүрт нь сайн ажиглаж харах хэрэгтэй.  “Анод“ банкийг  Монголбанк хяналтдаа авч байна. Нөхцөл байдал үүслээ гэхэд манайх нэг иймэрхүү арга хэмжээ авах юм гэдгээ харууллаа. Түүнээс биш шууд АНУ ч юмуу аль нэг орноос туршлага авна гээд ярих юм бол хэцүү.

Авч болох туршлага нь юу гэхээр төр энэ банк, санхүүгийнхээ зах зээлд ямар ч гэсэн анхаарал тавьж нарийн хяналт тогтоох ёстой. Өргөн хүрээгээр нь ярих юм бол эдийн засаг төрийн оролцоо, төрийн хяналтгүйгээр хөгжинө гэдэг нөгөө том онол чинь асуудалд орж байгаа байхгүй юу. Эдийн засагт төрийн хяналт байхгүй бол бүр баларч гүйцнэ гэдэг нь тодорхой боллоо гэж мундаг эрдэмтэд, шинжээчид яриад эхэллээ. Асар том сургамж. Өөрөөр хэлбэл, бүх юмыг зах зээл өөрөө шийднэ, зохицуулна гэдэг эргэлзээтэй боллоо гэж ч ярьж байна. Төрийн оролцоо зохицуулалт хэрэгтэй гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу.
Одоо АНУ-ын авто машины үйлдвэрлэлийн салбарыг яаж аврах вэ гэдэг асуудал их хурцаар тавигдаж байна. “Женерал моторс“, “Форд“,“Крайслер“ зэрэг том, том үйлдвэрүүд бүгдээрээ хаалгаа барихад хүрээд ажилчдаа халж ажилгүйдэл бий болох гэж байна. Конгрессээр авто машины салбарт 14 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх асуудал яригдаж байна.
 
АНУ-д Монголтой хамтран ажиллах, ялангуяа уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол хэр байна?

АНУ-ын том компаниуд ялангуяа манай уул уурхай, ашигт малтмалын салбарыг их сонирхож байна. Америкт төвлөрдөг, олон улсын үндэстэн дамнасан группүүд ч манайхыг сонирхож байгаа. Гагцхүү манай дотоод байдал, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал одоо ямар хэмжээнд явагдаж байгаа билээ.  Манай хөрөнгө оруулах эрх зүй, улс төр,эдийн засгийн орчин хөдөлгөөнтэй, учир нь олдохгүй тодорхой шийдвэр гарч өгөхгүй байгаа энэ байдал чинь тэд нарыг азнах, магадгүй бүр сонирхол нь буурах байдалд хүргээд байна. Санхүүгийн хямралтай энэ нөхцөлд тэд нарын сонирхол улам л буурна уу гэхээс нэмэгдээд сүйд болох юм байхгүй.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад хамтрах улс орныг манайх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцэж байна. Таны бодлоор монголчууд тухайн улсыг ямар шалгуураар сонгох нь зүйтэй вэ? Эдийн засгийн гуравдагч түншийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

Зөвхөн нэг улсыг сонирхох тухай асуудал биш. Уул уурхайн хувьд дэлхийд тэргүүний технологитой, найдвартай компаниудыг авч үзэх хэрэгтэй. Тэр утгаараа АНУ ер нь их боломжтой гэж үзэж байгаа. Манайх АНУ-ын хөрөнгө оруулагчдыг ашигт малтмал, уул уурхайн салбар руугаа татах нь зүйтэй гэж би үздэг. АНУ-тай  бид 20 гаруй жил дипломат харилцаатай явж ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцаа их үсрэнгүй хөгжиж байна гэж яригдаж байгаа. Улс төр, батлан хамгаалах, ер нь худалдаа эдийн засгаас бусад салбарт манай хоёр орны харилцаа нэлээн ахицтай байгаа гэж дүгнэж болохоор байна. Одоо худалдаа, эдийн засгийн тал дээр илүү анхаарал тавьж,  улс төрийн сайн харилцааныхаа төвшинд хүргэх нь зүйтэй гэж ярьж байгаа. Энэ тал дээр АНУ-ын тал ч, манайх ч санал нэгтэй байгаа.  

Манай нүүрсийг их сонирхож байгаа “Пибоди энержи“ гээд АНУ-ын их нэртэй том компани бий. “Пибоди энержи“ нүүрс олборлох, ашиглах, эрдэм шинжилгээ, ер нь бүх чиглэлээрээ хол явчихсан   компани. Эд манайд нүүрсний чиглэлээр хамтарч ажиллая, нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх, ер нь аль ч талаар ажиллахад бэлэн байна гэдэг. Тэгээд манай дотоод улс төрийн байдал, уул уурхай ашигт малтмалын асуудлаар явагдаж байгаа яриа маргааны төгсгөлийг хараад сууж байна.
 
Эдийн засгийн гуравдагч хөршийн тухайд би АНУ-д сууж байгаа Элчин сайд учраас АНУ-ыг нэрлэж болно. Америк бол дэлхийн тэргүүлэх эдийн засаг. Техник технологи, эдийн засаг, шинжлэх ухаан тэр бүгдээрээ тэргүүлж байгаа хамгийн хүчирхэг орон. Тэр утгаар гуравдагч гэдэг дотор энэ улс заавал явах ёстой шүү дээ.

Эх орныхоо талаар, ялангуяа уул уурхайн чиглэлийн мэдээллийг та бүхэн ямар сувгаар авдаг вэ? MMJ сэтгүүлийн ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?

Яг уул уурхайн салбараар дагнасан ийм мэдээллийн хэрэгсэл буюу тусгайлсан сэтгүүл гарч байгаад би их олзуурхаж байна. Угаасаа манай эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болох учиртай салбар нь уул уурхай. Уул уурхайн асуудлаар сайн анхаарч байхын тулд бидэнд нэн тэргүүнд мэдээлэл хэрэгтэй. Гол нь үнэн зөв, сайн мэдээлэл хэрэгтэй. Mongolian Mining Journal сэтгүүл гарснаар энэ талын мэдээлэл авах боломж сайжирч байгаа гэж ойлгож байна. Цаашдаа MMJ сэтгүүл уул уурхайн салбарын мэдээллийн гол эх сурвалж ч болохыг үгүйсгэхгүй шүү дээ. MMJ уул уурхай, ашигт малтмалын асуудлаар бүрэн дүүрэн, цэгцтэй, бодлоготой, их уялдсан, чанартай мэдээлэл өгдөг тийм сэтгүүл болно гэж найдаж байна.