-Хойд Америк болон баруун Европын банкны салбар дахь хямралд Британи хамгийн ихээр өртөөд байгаа тул Засгийн газраас нэн тэргүүнд банкны салбарыг дэмжих бодлогыг барьж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд их хэмжээний алдагдалд ороод байгаа Британийн томоохон банкуудад шууд хөрөнгө оруулах, зээлийн эргэн төлөлтөд баталгаа гаргах, Төв банкны бодлогын хүүг бууруулах зэрэг арга механизмыг авч нийтдээ 700 орчим тэрбум фунт стерлингийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний үр дүнд банкны салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө тогтворжиж, дампуурлын ирмэгт байсан зарим банк “аврагдаад“ байна. Төрийн сангаас гаргаж буй татвар төлөгчдийн мөнгийг буцаан авахын тулд банкуудын хувьцааг төр шилжүүлэн аваад байна. Жишээ нь Британийн хамгийн том банк болох Royal Bank of Scotland-ийн 62 хувь буюу шинээр хөрөнгө оруулсан хэмжээтэй тэнцэх хувийг төр эзэмших болов. Бусад томоохон банкны хувьд ч ижил нөхцөл байдал үүсээд байна.
Санхүүгийн хямралаас улбаалан Британийн эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан бол ирэх онд мөн өсөлт гарахгүй гэж эдийн засагчид үзэж байна. Иймд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн салбарт татварын хөнгөлөлт үзүүлэхийг Британийн Засгийн газар амлаад байгаа. Одоогийн байдлаар худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын хувийг хоёр пунктээр бууруулж 15 болгоод байна.
Түүнчлэн Британийн иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Манай улсын хувьд банкны салбарт хэрэгжүүлж буй арга механизмыг хэрэгжүүлэх боломж бий гэж бодож байна. Нэгдүгээрт, Төв банкны бодлогын хүүг бууруулах замаар арилжааны банкуудад нэмэлт хөрөнгийн эх үүсвэр бий болох боломжийг нээж, зээл олголтыг нэмэгдүүлэх. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг хангах болно. Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн арга хэмжээг эргэн харах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн хямралаас авсан бас нэг сургамж бол арилжааны банкуудад тавьж буй хяналтыг чангатгах явдал юм. Британийн хувьд өмнө нь баримталж байсан хяналтын журмыг бүрэн шинэчилж, зээл олголтод тавьж буй хяналтыг чангатгаад байна.
Их Британи улсын хувьд Монголтой хамтран ажиллах, ялангуяа уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол хэр байгаа вэ?
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол их хэвээр байна. Ашигт малтмалын түүхий эдийн үнэ зах зээл дээр огцом унаж буй ч 2010 оноос эхлэн дахин сэргэх нь тодорхой юм. Энэ талаар эдийн засагчид болон олон улсын байгууллагууд хийсэн судалгаандаа дурдсан байна. Лондонд төвтэй дэлхийн томоохон компаниуд хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. “Рио Тинто“ компаниас гадна “Арселор Миттал“ компани Тавантолгой болон Төмөртэй ордуудыг хамтран ашиглах төслийг боловсруулж Монголын Засгийн газарт танилцуулаад байна. Тус компанийн ажлын хэсэг 2008 оны эхээр Улаанбаатар хотноо ирж, төслөө Сангийн яам,Үйлдвэр худалдааны яаманд танилцуулсан байгаа.
Эдийн засгийн гуравдагч түншийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Манай улсын эдийн засгийн хараат бус байдал, ордуудын үр өгөөж, байгаль орчинд хоргүй технологи ашиглах зэрэг хүчин зүйлийг тэргүүн ээлжинд анхаарах нь зүйтэй. Иймд өндөр аж үйлдвэржсэн гуравдагч улсын дэлхийд тэргүүлэгч компани байхаас өөр аргагүй болов уу.
Тавантолгойн нүүрсний, Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах гэж байна. Ийм байгууллагыг ямар шалгуураар сонгох ёстой гэж үзэж байна вэ?
Зөвлөх компанийн үйлчилгээ үзүүлэх боломжтой компаниуд Лондонд олон байдаг. Зөвлөх үйлчилгээ аваагүйгээс Оюутолгойн ордыг хамтран ашиглах гэрээний өмнөх төсөл Монголын талд ашиггүй, хөрөнгө оруулагч талын сонирхлыг хэт илүүд тавьсан байдал ажиглагддаг. Иймд туршлагатай зөвлөх компанийн үйлчилгээг авахаас өөр арга замгүй болов уу. Үнэ хөлсийн хувьд мэдээж өндөр байдаг.