Манай нийт хадгаламж чинь нэг аравны хэдэн их наяд гэдэг. Тэрэнтэй харьцуулах юм бол 187 тэрбум гэдэг 15, 16 хувь нь ч юмуу даа. Ер нь 20 хүрэхгүй хувийг нь Засгийн газар бонд гаргаад зарахад зүгээр байх. Ерөнхийдөө манай иргэд, хадгаламж эзэмшигчдийн бүтцийг харахаар их сонин юм. 800 гаруй тэрбум нь цөөхөн хадгаламж эзэмшигчийн мэдэлд байдаг. Хадгаламж эзэмшигч банкнаас хадгаламжаа татаад Засгийн газрын бондыг авах юм бол арилжааны банкуудад жаахан хүндрэл учирна. Харилцагчдийнх нь мөнгө энд тэнд ороод түгжигдчихсэн, гарч чадахгүй, зээлээ буцааж чадахгүйгээс арилжааны банкуудад хүндрэл учирч магадгүй. Гэхдээ Монгол Улсын Хөгжлийн сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол арилжааны банкуудын менежментийг сайжруулахад чухал алхам болох болов уу гэж бодоод байгаа. Хадгаламжаа татаад эхлэх юм бол арилжааны банкууд менежментээ сайжруулахаас өөр аргагүй болно. Хоёрдугаарт, жижиг арилжааны банкуудыг нийлүүлж магадгүй. Энэ нь их сайн. Менежментээ сайжруулах нэг чухал түлхэц болж өгнө. Олон жижигхэн банкууд байгаа. Эд нэгдэх юм бол их сайн. Ийм олон банк байгаад зардал маш их гарч байгаа шүү дээ.
Арилжааны банкуудын ашиг асар их байдаг. Хадгаламж, харилцагчийн төвлөрүүлсэн хөрөнгө, зээлийн хүүгийн хооронд асар их зөрүү гардаг. Арилжааны банкууд бол энэ бизнесийг дэмжих тал дээр тун муу ажилладаг. Урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл нь бизнесийг дэмжихэд чиглэсэн гэхээсээ илүү ихэвчлэн эрсдэлгүй байхын тулд барьцаа сайтайг нь хардаг. Барьцаа сайтай болохоор үл хөдлөх хөрөнгийг нь авчихаад зээл өгчихвөл сэтгэл нь амардаг. Энэ үүднээс нь авч үзэх юм бол арилжааны банкууд нэгдэж нийлэх, менежментээ сайжруулах зардлаа багасгахад өөрийн эрхгүй нөлөө үзүүлнэ.
Манай санхүүгийн сектор бол арилжааны банк дээр тогтсон сектор. Энэ үүднээс нь аваад үзэх юм бол бонд гаргах нь зөв алхам байж болох юм.
300 тэрбум бол зөвхөн хадгаламжтай харьцуулахад тийм том тоо биш. Хөрөнгийн зах зээлийг жаахан идэвхжүүлж болох юм. Энэ бондын зарим хэсгийг гадаад зах зээлд хандуулах нь мэдээж. Жаахан ахиу хэмжээтэй үнэт цаас гаргаад Солонгос, бас дотоодын хадгаламж нэлээд ихтэй улс Япон байна. Японоос их хэмжээний хөрөнгийг татаж болно. Японд Монголын Засгийн газрын нэр хүнд сайн байж магадгүй шүү. Сүмочдоор маань дамжуулаад нэр хүнд маань гайгүй болоод явчихна шүү дээ. Зуун хэдэн сая хүнтэй, эдийн засгийн чадамж сайтай, дэлхий дээр хамгийн их өндөр хадгаламж, хуримтлал хийдэг улс бол Япон. Тийм учраас Японоос мөнгө босгож болох байх. Гэхдээ богино хугацааны бонд гаргаад хэрэггүй байх. Засгийн газрын урт хугацааны бонд гаргах хэрэгтэй. Урт хугацааны бонд гаргаад өртэй явж л байна биз. Манай одоогийн гурван зуун хэдэн тэрбумын хөрөнгийн алдагдал нь баахан халамжийн тэтгэлэг, захиргааны зардал зэргээс их шалтгаалж байгаа.
Зах зээлээс, Японоос мөнгө босгож болно. Хамгийн гол нь энэ олсон хөрөнгөө яаж зарцуулах вэ гэдэг л чухал. Энэ мөнгөө хамгийн тэргүүний технологитой, дэлхийн зах зээл дээр өртөг шингэсэн нэмүү өртөг бүтээсэн тийм өрсөлдөгч бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж чадах үйлдвэрлэлийг дэмжихэд зарах ёстой. Хэрвээ бизнес эрхлэгчдээ бүгдийг нь ээжийн хайраар хайрлана гээд хямралаас гарахын тулд мөнгө зарах юм бол үүн шиг буруу бодлого байхгүй.
Хямрал гэдэг бол бизнес эрхлэгчдийг сорьдог шалгуур. Энэ сорилт шалгуурыг давж гарсан бизнес эрхлэгчид улс орныг чирж явах зүтгүүр компаниуд болж төлөвшдөг. Төсвийн хөрөнгөөр эднийг угжих юм бол сүүлдээ Монголын төрөөс хөрөнгийг нь саадаг паразитууд л болж хувирна. Эд төрөөс холдохгүй, тэр тендерт нь хутгалдаад нөгөө авлига хээл хахууль, шударга бус байдал нь замбараа алдана. Монголын эдийн засагт хямрал нүүрлэж байгааг би нэг их бараанаар айдас хүйдэстэйгээр харахгүй байна. Монголыг сайхан цэвэрлэх, жинхэнэ зүтгүүр болсон тэр шилдэг компаниудыг төрүүлж гаргах боломж олгож байна гэдэг үүднээс нь хямралыг харах хэрэгтэй. Богино хугацаанд улс орныг хөгжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний, урт хугацааны бонд гаргах юм бол хөгжил түргэснэ. Манайхан хямралаас айх хэрэггүй гэж бодож байна. Хагас жил, жилийн хугацаатай бонд гаргаад хэрэггүй. 300 тэрбумыг богино хугацаанд гаргах юм бол эргээд төлөхийн тулд улам л хэцүү болно. Жилээр биш, гурав дөрөв, тав арван жилийн хугацаатай бонд гаргачих. Гурван жилийн дараа бид хямралаас гарчихсан үедээ эргээд төлөхөөр төсөвт дарамт болохгүй.
Гаргах бондынхоо зарим хэсгийг гадаад зах зээлд санал болгох юм байна. БНСУ энэ бондоос нэлээд хэсгийг авах бололтой. БНХАУ-аас гурван тэрбум ам.долларын зээл авах гэж байгаа. Эдгээр зээл, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд манай ашигт малтмалын ордуудад оролцох ашиг сонирхол дагалдана гэж бодож байна уу?
Байж болох л юм. Хөнгөлөлт энэ тэр гээд болзол тавиад байж магадгүй. “Айвенхоу Майнз“ чинь бас манайд 50 сая ам.долларыг иймэрхүү болзолтойгоор зарж өр дарж байсан шүү дээ. Миний бодлоор бол ийм юмаар сонирхол татах гээд хэрэггүй. Зүгээр Монголын Засгийн газар урт хугацааны бонд гаргаад, сайн менежмент хийгээд, шууд Токиогийн хөрөнгийн биржээр дамжуулаад зарах юм бол хөрөнгө босгочихож чадна. Юм л бол уул уурхайгаа өмнөө бариад байх юм бол менежмент муутай, хамгийн түрүүнд амар хялбараар асуудлыг шийдэх гэдэг залхуугаа харуулсан хэрэг болно шүү дээ. Хэрвээ тийм аргаар асуудлаа шийдчихвэл дараа нь өртэй, нэг тиймэрхүү шахалтад л орно.
Засгийн газар нэгдүгээр сарын эхээр эдийн засгийн хямралтай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ. Үүнийг та оройтсон арга хэмжээ гэж бодож байна уу?
Оройтсон байх л даа. Ер нь тэгээд манай Засгийн газар эдийн засаг, санхүүгээ ямархуу байна гэдгийг зэс, алт, манай экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсчихсөн үед бялуураад үргэлж ийм сайхан байна гэж бодсоор байгаад мэдэхээ байчихсан шүү дээ. Тэгээд одоо бөөн сандралд орчихсон, тэвдчихсэн хүмүүс л байна. Аргагүй шүү дээ. Их бялуурч байсан хүмүүс төсөв нь алдагдалтай эвгүй болоод эхэллээ яана даа л гэж бодож байгаа. Тэгээд эдийн засагчид юм хэлэхээр тоодоггүй. Юм хэлэхээр шийдвэр нь дандаа улс төрийн шийдвэр болдог. Нэг л их ард түмэнд таалагдах гэсэн ярианууд. Тэгэж байгаад засгийн эрхэндээ нэг хэсэг хүмүүс дархлагдан суух гээд байгаа байхгүй юу. Тэд засгийн эрхнээс холдох л юм бол бульхай нь илрэх гээд байдаг. Ямар ч үнээр хамаагүй тэрийгээ нуун дарах гээд байдаг.
Оройтсон ч гэсэн Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй л дээ. Засгийн газарт ядаж хэлж өгдөг, ийм юм хийгээч гэж зөвлөх нь чухал. Ингэхгүй бол улам л хэцүүднэ. Уналт улам гүнзгийрнэ. Тэгээд ард түмэн л зовж зүдэрнэ. Оройтсон ч гэсэн одоо ажлаа хурдан хийх хэрэгтэй.
Хятадаас гурван тэрбум ам.долларын зээл авах зайлшгүй шаардлага байсан уу?
Ер нь бол хоёр хөршөөс их зээл авах юм бол түүнийг дагаад ашиг сонирхол ороод ирдэг. Ямар нэг болзол тавиад эхэлнэ. Хуучин Зөвлөлтийн арван тэрбум шилжих рублийн өрийг дагаж бодлого, сонирхол улс төрийн дарамт шахалт зөндөө орж ирж байсан. Тийм учраас аль болох энэ хоёр том хөршөөсөө биш, жаахан холоос зээлбэл. Ер нь Хятадын Засгийн газраас манайд зээл өгөх сонирхол маш их байгаа. Яагаад гэвэл Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд Монголд зээл өгөх асуудал стратегийн хувьд чухал. Оросын хувьд ч гэсэн Монголд энэ тал дээр тусалж, Хятадын нөлөөнд алдчихгүйн тулд барьж байх сонирхол байгаа. Энэ хоёроос ээлжлээд зээл аваад байлгүй, бас гуравдагч сонирхлыг хүчтэй оруулж ирнэ гэдэг чинь манай үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын чухал асуудал шүү дээ. Орлого өндөртэй, хөгжингүй гуравдагч улс орнуудаас л ийм зээл авч байвал их зүгээр. Яагаад гэвэл улс орнуудын Монгол дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлж өгнө.
Монголбанк гурван сарын валютын нөөцтэй гэж мэдэгдэж байна. Монголбанк валютын ханшийг цаашид тогтвортой барьж чадна гэдэгт итгэлтэй байна уу?
Монголбанк барихгүй бол валютын ханшийг өөр хэн барих юм бэ?
Монголбанкны үүрэг нь угаасаа тэр. Хэрвээ энэ түр зуурын үнийн савлагаа, ченжүүдийн ашиг олох гэсэн үйлдэл, зохиомол хүлээлт, зохиомол эрэлт, янз бүрийн цуу ярианаас үүдээд валютын ханшийг жаахан л алдаад эхлэх юм бол улам жолоогүй болчихдог байхгүй юу. Жолоодох хэрэгтэй. Жолоодохгүй бол манайд инфляци, валютын ханшаар дамжаад бүх юмны үнэ өсч байна шүү дээ. Энэ хугацаанд бүх бизнесийн байгууллагын импортоор орж ирж байгаа түүхий эд материалаар дамжаад зардал нь өсч байна. Нөгөө талд хүмүүсийн орлого унаад байдаг. Баахан хөрөнгөө аваачаад хөлдүү газар хийгээд хөдөлгөөнгүй болгоод царцаагаад хаячихсан. Тэгэхээр эндээс яаж гарах юм. Жолоодлогогүй инфляци руу орох аюултай. Тийм учраас үүнийг барьж зохицуулах ёстой. Тэмцэх өөр арга байна шүү дээ. Заавал нөөцөөрөө биш. Энэ валютын зах зээл дээр тоглоод байгаа тоглолтуудыг болиулах хэрэгтэй. Тэр тоглолтууд нь цуу яриа болоод тэгээд хүмүүс итгээд. Иймэрхүү юманд итгэхдээ манайхан их амархан учраас хадгаламжаа татаад, доллар болгох гээд уралдчихвал юу болох юм. Дийлэхгүй шүү дээ. Зөвхөн валютын нөөцөө гаргаж зараад байхдаа гол нь биш. Зохицуулалтыг хянах ёстой. Арилжааны банкууд валютын харилцаагаа ямар нэг хүндрэл бэрхшээлгүйгээр хийдэг болгох хэрэгтэй байна. Монгол дотроо валютын эрэлт ихтэй, доллараар арилжаа хийдгийг болиулах хэрэгтэй.
Долларын үнийн огцом өсөлтийн цаана хөрөнгийн хуримтлалтай хүмүүс, магадгүй ченжүүдээр дамжуулаад өдөрт хэдэн тэрбумаар нь ашиг олдог тийм бизнес явж байгаа. Үүнийг хорихгүй бол болохгүй шүү дээ. Үүний цаана улс орны эдийн засгийн аюулгүй байдал ямар айхтар алдагдаж байна гэж бодож байна. 200, 300 төгрөгөөр ханшийг цөм цөм өсгөөд, эргэж унагаагаад. Зүгээр хэдэн бизнесмэний хийж байгаа ажил байхгүй юу. Тэгээд энэ нь цаашаа инфляци, валютын ханшийг хөөрөгдөөд жолоодлогогүй болговол яана.
Тэгэхээр одоо өөрт байгаа нөөцөө олж харах хэрэгтэй. Үргүй зардал гаргадаг юмнуудыг олж хараач. Компанийг удирдаж байгаа менежментээ боловсронгуй болго. Манай бизнесийн байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүс хаана үргүй зардал гарч байна гэдгийг компанийнхаа бүртгэлээс олж мэдэж чадах уу? Хийгдэж байгаа тэр санхүүгийн бүртгэл, зардлын бүртгэл чинь зөв хөтлөгдөж байгаа юмуу? Тэнд үргүй зардал гарч байгаа гэдгийг мэдэж чадаж байна уу? Бүтээгдэхүүнийхээ өртгийг яг зөв тооцож чадаж байна уу?
Тэрэндээ суурилсан үнийн бодлого явуулж чадаж байна уу? Би бол ихэнх нь чадахгүй байгаа гэж хэлнэ. Яагаад гэвэл Монгол олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад шилжсэн гэдэг боловч хуучин бүртгэл рүүгээ дандаа хөрвүүлдэг. Тэрийг нь хараад хажуунаас нь хэлээд засаад өгдөг тийм аудитын байгууллагууд алга. Тэгэж мэргэшсэн нягтлан бодогч ч алга. Монголын гурван мянган мэргэшсэн нягтлан бодогч гэдэг олон улсын бүртгэлийн мэдлэггүй, бие биендээ бараг шагначихсан тийм цол болж хувирчихаад байна.
Тэгэхлээр үүнийгээ эхлээд цэгцлэх юм бодооч.
Манай сургуульд одоо 200 оюутан сурч байна. Яг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэгдсэн. 2010 он гэхэд эхний 40, 50 хүн төгсч гарах байх. Тэр хүмүүс шалгалтаа энд хичээл зааж байгаа багшдаа өгдөггүй. Лондонд байгаа төв оффис руу интернэтээр шууд өгнө. Эсхүл бичгээр өгч байгаа шалгалтын материалыг Монгол дахь Их Британийн Элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгч ирж задлаад бичүүлчихээд буцаагаад аваад явдаг. Энд ирж хичээл зааж байгаа гадны багш нарын үнэлгээ тэр шалгалтад хэчнээн хүн тэнцэх вэ гэдгээр хэмжигддэг. Бүх хичээл англи хэл дээр орж байгаа. Энэ хөтөлбөр нь зүгээр нягтлан бодох бүртгэлийн бакалавр авах гэсэн тийм боловсролын академик хөтөлбөрөөс тэс өөр. Жинхэнэ мэргэшсэн хүмүүсийг бэлддэг. Энэ хөтөлбөрөөр та нар хүнээ сургаж бэлдэж авч чадах юм бол ирээдүйд олон улсын зах зээлд гарахад маш чухал нөлөө үзүүлнэ шүү.
Ийм хэргэм зэрэгтэй хүний гарын үсэг зурсан санхүүгийн баримт бичиг, тайлангууд үнэн зөв гэдэг баталгаа болж өгдөг. Тэгээд ийм нягтлантай байна гэдэг нь дэлхийн хэмжээнд бизнес хийх нэг баталгаа. Ийм нягтлангүй бол танай компанид хэн ч итгэхгүй. Ямар ч гоё тайлан гаргасан итгэхгүй. Тэртэй тэргүй Монголын компаниуд дөрөв таван янзын тайлан хийдэг учраас итгэхгүй. Ирээдүйд бизнесээ өсгөе, хөгжүүлье дэлхийн хэмжээнд ажиллая гэж бодож байгаа бол ийм асуудлыг одооноос бод гэж хэлмээр байна. Ядаж л стратегийнхаа удирдлагыг хараач. Яахаараа Монголын бизнесийн байгууллагууд бүгд толгой дараалан байшин барьдаг болчихдог юм. Энэ чинь та нарын юу бодож, ямархан хэмжээнд харж байгаагийн илрэл. Одоо энэ тогтсон арга барилаасаа татгалзах цаг болсон.