Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг: Мөнгөөр тарчиг орчин үргэлжлэх өнгө аяс байна

Хямралын бас нэг шууд хэлбэр гэж хэлж болох үр нөлөө нь томоохон арилжааны банкуудын гаднаас татахаар үзэглэсэн төслүүд, худалдаж авахаар тохирсон бараа бүтээгдэхүүний хэлцлүүд хойшилсон байдалд ороод байгаа. Үүнийг дэлхийн санхүүгийн хямралаас манай дотоодод арилжааны банк руу үзүүлж байгаа шууд нөлөө гэж хэлж болно. Энд 350-400 сая ам.долларын хэлцэл, тийм хэмжээний эх үүсвэр Монгол улс руу орох ёстой байсан.

Үүний хажуугаар зэсийн үнийн уналтаас шалтгаалаад 2008 онд төсөвт суулгах байсан мөнгөний төлөвлөгөө багасаж дундарсан. Ингээд өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас банкны салбарын тогтвортой байдал ойрын үеийн хамгийн санаа зовоосон асуудал болж хувирсан. Ингэж асуудлууд түргэн хугацаанд хурцадсан учраас Монголбанк мөнгөний бодлогыг зөөллөх арга хэмжээ авч, бодлогын хүүг бууруулсан. Банкуудын Төв банкинд байлгах ёстой нөөцийг 5.6-5 хувьд байлгасан. Банкуудын зээлийн багцад 2008 оны аравдугаар сард судалгаа шинжилгээ хийх үед  хамгийн санаа зовоож байгаа асуудал бол барилгын салбарт тархсан дуусаагүй барилгуудын зээл банкууд дээр хуримтлагдах хэмжээгээр зээлийн түгшүүртэй хандлага байна гэсэн зүйл ажиглагдсан. Тийм учраас хэсэг арилжааны банкинд Монголбанк 80 хувийн гүйцэтгэлтэй, дотоод засалдаа орчихсон яваа барилгуудаа нэгмөсөн дуусгачихъя гэсэн бодлогоор 63 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ер нь Төв банкны хувьд тодорхой салбарыг барьж ярьдаггүй л дээ. Нөхцөл байдал огцом, тэр дундаа банкны зээлүүд барилгын салбарт уягдсан байсан учраас 63 тэрбумын зээлийг Төв банкнаас арилжааны банкуудад олгоод, банкууд нь цаашаа зээлийг баталгаатай гаргах ажлыг жагсаалтын дагуу хийж эхэлсэн байгаа.

Арваннэг, арванхоёрдугаар сард иргэд хадгаламжаа татаж эхэлсэн. Энэ үед мөн барьцаат зээл гэж Төв банкнаас арилжааны банкуудаар зээл олгох ажил хийгдсэн. Барьцаат зээлийн цонхоор арилжааны банкаар дамжуулан эдийн засаг руугаа нийт 223 тэрбум төгрөгийг гурван сарын дотор Төв банкнаас нийлүүлсэн. Манай томоохон арилжааны банкны жилдээ олгодог зээлийн хэмжээ нь 223 тэрбум төгрөг байдаг. Өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээнээс дурдахад ийм байна.

2009 оны төлөв байдлыг хэрхэн харж байна вэ гэдгийг хэлье. Инфляци буурахын хэрээр мөнгөний бодлогыг цаашид зөөллөх хэмжээнд Монголбанк чиглүүлнэ. Мөнгөний бодлогыг зөөллөх   хувилбарууд дээр ажиллаж байна. Мөнгөний нийлүүлэлт хийх хэлбэр байж болно. 2008 оны дөрөвдүгээр улиралд байсан шиг банкуудад мөнгө тарчиг ийм орчин   хавар үргэлжлэх өнгө аяс байна. Ийм тохиолдолд Төв банкнаас мөнгө нийлүүлэх суваг байдаг. Энэ чиглэлээр арга хэмжээ авах бололцоо бий.
Хямралыг гарз хохирол багатай түргэн хугацаанд давах хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулахаар бэлдсэн байгаа. Санхүүгийн хувьд хөрөнгөөр дэмжиж туслах салбарыг Засгийн газраас сонгоод тодорхойлчих юм бол мөнгийг яаж нийлүүлэх вэ гэдэг асуудал дээр  ажиллаж болох байх.

Нэлээн олон хуулийг Монголбанкнаас УИХ-д өргөн барина. Заримыг нь барьчихсан байгаа. Хуулиудад орох зарчмын гол өөрчлөлтүүдээс дурдвал нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоонд орох тухай асуудал бий. Жишээ нь Монголбанк арилжааны банкийг шалгаад учирч болох эрсдэлийг нь 100 хувь мэдэхийн тулд банкны цаана байгаа санхүүг авч үзэх ёстой. Тэгэхээр Монголбанкны шалгалтын хажуугаар Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих ч юмуу, ингэж байж групп нэгдлээр нь нийт эрсдэлийг гаргаж ирэх шаардлагыг зах зээл бидэнд тавьж байна. Нэгдсэн хяналт шалгалтыг 2009 оноос хэрэгжүүлнэ. Хууль эрхзүйн орчныг бид Банкны тухай холбогдох хуулиудад нэмэлт заалтууд оруулснаар бүрдүүлэх юм.
Банкны хяналт шалгалтыг чангатгах тал дээр олон арга хэмжээ авна.  

Эдийн засгийн удаашрал өргөжих ийм мөчид банкны зээлийн багц ерөнхийдөө буурдаг. Ийм үед муудсан зээлийн багцынхаа эрсдэлийг аваад гарах тийм чадавх чадварт хөрөнгө мөнгөний хувьд хүргэх чиглэлийн  арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байгаа. Мөн 2009 онд хийгдэх нэг шинэ ажил бол 16 банкны үйл ажиллагааны зохистой харьцаа ном журмаараа яваа үгүйг нь хянах явдал. Энэ зохистой харьцааг Монголбанк нийтэд сар сараар мэдээлэх юм. Энэ хэмжээгээр зах зээлийн сахилга батыг өндөржүүлэх арга хэмжээг банкуудын хувьд хэрэгжүүлэх юм.
Валютын нөөцийг яаралтай нэмэгдүүлэх шаардлага байгаа.  600 сая орчим ам.долларын нөөцийг богино хугацаанд арвижуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа. Цэвэр Төв банкныхаа шугамаар эхний ажлуудыг хийж байна.

2009.01.22