Эхлээд тендерийн тухай хэдэн зүйл хэлье. Хүн төрөлхтөн тендер буюу “уралдаант үнэ тогтоолт“-ыг лав одоогоос 2500 жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж ирсэн бололтой. Грекийн түүхч Херодотус номондоо эртний вавилончуудаас эрд гарах бүсгүйчүүдийг тендер зарлаж сүйт залуучуудад нь өгдөг байсныг дурьдсан байх юм. Түүний дараа ромчууд авч ирсэн дайны олз омгоо бас л тендер зарлаж худалддаг байсан сурагтай. За тэгээд ер нь бол газрын баялаг ашиглах эрх, урлагийн бүтээлүүд, үл хөдлөх хөрөнгө, Засгийн газрын бонд, дарс, хуучин ном гэх мэтийн зүйлүүд голдуу тендерээр эзнээ олдог жамтай. Ер нь бол тендерийг нэг төрлийн зах зээл гэж ойлгож болно. Тэнд чинь үнэ тогтоогдож бас солилцоо явагдаж байна шүү дээ. Гэхдээ бусад зэх зээлүүдээс ялгагдах гол ялгаа нь тухайн бараа нь эсвэл эрэлт багатай (харьцангуй цөөхөн хүн сонирхдог, жишээ нь урлагийн бүтээл) аль эсвэл нийлүүлэлт багатай (жишээ нь нефтийн ордууд, олон жил хадгалагдсан дарс гэх мэт) байдаг бөгөөд иймэрхүү барааны худалдаа төдийлөн элбэг байдаггүй учраас эднийг солилцох байнгын ажиллагаатай зах зээл байдаггүй. Өөрөөр хэлбэл, ховор хуучин машин тендерээр зарагдаж байхад шинэ машинууд бол шууд зах зээлд нийлүүлэгддэгийн учир нь энэ дээ.
Тэгэхээр тендер гэдэг нь зарим бараа бүтээгдэхүүний солилцоо явагдахад зайлшгүй хэрэгтэй эд байх нь.
Та анзаарсан бол тендер болон ердийн зах зээл хоёрын гол ялгаа нь үнэ тогтох зарчимд суурилдаг. Яг ийм учраас тендерийг онцгойлон судлах хэрэг гарч байгаа юм. Хэрэв зах зээлд үнэ эрэлт, нийлүүлэлтээр тогтоогдож байвал тэр нь эдийн засгийн онолын хувьд бол “өгсөн авсан өлзийтэй, шударга үнэ“ гэсэн үг. Харин тендер бол арай өөр хэрэг. Тэнд тогтоох үнэ тендерийн орчноос буюу тендерийг явуулах загвараас болон оролцогч талуудын тухайн барааг үнэлэх үнэлэмж, тус бүрийнх нь мэдээлэл, бас уралдаант тоглоом гэж зүйрэлбэл, үр дүн нь тоглоомын дүрэм болон тоглогчдийн төлөв байдлаар тодорхойлогдоно гэсэн үг.
Тендертэй холбоотой хэд хэдэн чухал асуудал гарч ирнэ. Жишээ нь, барааг эзэмшигч буюу тендер зарлагч тухайн хувьд ямар загвар хэрэглэвэл хамгийн зөв буюу барааг нь хамгийн их үнэд хүргэх бол гэсэн асуулт тулгарна. Оролцогч талуудын хувьд бол аль хэр үнэ амлахаа шийдэх хэрэгтэй болно. За тэгээд уг нь бол гарсан үр дүн нь оролцогч талуудын хувьд харамсахааргүй байвал зүгээр. Нөгөө тендерийн онол гэдэг маань ерөнхийдөө энэ бүгдийг судалдаг, загварчилдаг эд.
Энэ онолын ерөнхий санааг нь нэлээд энгийн байдлаар тайлбарлах гээд оролдъё. Ингэхийн тулд хоёр төрлийн тендерийг ялгах хэрэгтэй. Дээр дурьдсанчлан тендер зарлагч тал тоглоомын дүрмийг зохиох буюу тендер явуулах загварыг сонгох хэрэгтэй болно. Нэлээд өргөн хэрэглэгддэг дөрвөн өөр боломжийн загвар байдаг.
-Англи маягийн буюу ил нэмэгдэх тендер,
-Голланд маягийн буюу ил хасагдах тендер,
-Эхний үнийн нөөц тендер бас
-Хоёр дахь үнийн нөөц тендер.
Англи маягийн тендерт зарлагдсан эхний үнээс эхлээд талууд үнийг ил байдлаар ихэсгэдэг. Үнэ ихэсгэх явц оролцогчдоос сүүлийн нэг оролцогч үлдэх хүртэл үргэлжилдэг бөгөөд хамгийн сүүлд үлдсэн оролцогч бүтээгдэхүүний эзэн болно. Голланд маягийнх нь үүний эсрэг нь. Эхний үнэ нэлээд өндөр зарлагдана. Тэгээд үнэ алхам алхмаар буурна. Хамгийн түрүүнд авъя гэж хэлсэн оролцогч тал тухайн үнээ төлөөд барааны шинэ эзэн болно. Харин эхний үнийн нууц тендерт болохоор талууд амлах үнээ нууцаар мэдэгдэнэ. Хэн өндөр үнэ амласан байна, тэр тал нь амласан үнээ төлөөд эзэн болно. Хоёр дахь үнийн нууц тендер гэхээрээ талуудын амлах үнэ бас л нууц. Эхний үнийн нууц тендерийн нэгэн адил хамгийн өндөр үнэ амласан тал эзэн болох боловч энэ удаад өөрийн амласан үнийг биш, хоёр дахь өндөр үнийг төлнө.
Танд сонин санагдаж мэднэ. Гэхдээ яг үнэн хэрэг дээрээ бол тендерт оролцогч талуудын хувьд голланд тендер болон эхний үнийн нууц тендер хоёр ер нь бол бүх талаараа адилхан. Өөрөөр хэлбэл оролцогч талуудын мөрдвөл зохих стратегууд энэ хоёр загварт адилхан байдаг гэсэн үг. Харин Англи тендер болон хоёр дахь үнийн тендер ихэнх тохиолдолд адилхан байдаг боловч зарим үед өрсөлдөгч талууд энэ хоёр тендэрт оролцохдоо өөр өөр стратеги мөрдөх хэрэгтэй болдог.
Тийм болохоор, тендер зохиогчийн хувьд ер нь бол Англи тендер, Голланд тендер, аль эсвэл хоёр дахь үнийн нууц тендер гэсэн загваруудын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж байна. Англи тендер болон хоёр дахь үнийн нууц тендер хоёрын гол давуу тал нь тендерт оролцогч талууд зөв стратеги мөрдсөн нөхцөлд, тухайн барааг хамгийн ихээр үнэлж байгаа тэр тал нь ялагч болох магадлал хамгийн өндөртэй тал байдагт оршдог. Харин энэ хоёр загварын гол дутгадалтай тал нь зарим тохиолдолд тендерт тогтсон үнэ нэлээд бага байх боломжийг бий болгодогт байгаа юм. Жишээ нь тендэрт оролцогч талууд бараа бүтээгдэхүүнийг үнэлэх хувийн үнэлэмжийн хувьд болон бэл бэнчингийн хувьд том ялгаатай байх үед, тендерт тогтсон үнэ талуудын үнэлгээнүүдийн хамгийн багатай нь, аль эсвэл төлөх чадваруудын аль доодтой нь ойролцоо байдлаар тогтох магадлал тун өндөр байдаг. Түүнээс гадна иймэрхүү тохиолдолд, хүчтэй оролцогчтой гэдгээ мэдсэн харьцангуй хүч султай оролцогчид нэгэнт ялах боломж муутай гэж бодсоны үүднээс тендерт оролцохоос татгалзах явдал бас гарч мэднэ. Мэдээж цөөхөн оролцогчидтой байна гэдэг мэдээж тендер зарлагчдын хувьд тийм сайхан мэдээ биш.
Голланд маягийн тендер болон нэг дэх үнийн хаалттай тендер англи тендерээс нэлээд хэдэн давуу талтай. Жишээ нь судалгаанаас үзэхэд энэ тендер ихэнх тохиолдолд илүү олон оролцогчтой байдаг бололтой. Гэхдээ энэ загварт дутагдалтай тал бас бий. Гол нь энэ загварын тендерт оролцогч талууд бүгд стратеги хэрэглэсэн ч гэсэн ялагч нь тухайн барааг хамгийн их үнэлж байгаа тал байх болно гэсэн баталгаа тун бага байдаг учир гарсан үр дүн нь зарим талын хувьд харамсалтай байх боломж өндөр.
Дээрх дүгнэлтүүд нэлээд ерөнхий чанартай бөгөөд хамгийн сайн загварыг олно гэдэг нь тухайн тендерийн онцлогоос тун их шалтгаалдаг учраас үүнээс илүү тодорхой зүйл хэлэх боломжгүй юм.
Эцэст нь Их Британийн Засгийн газрын 2000 онд тун амжилттай явуулсан тендерийн тухай хэдэн зүйл хэлье. Дээр дурьдсанчлан, тендерийн загваруудын аль аль нь сайн бас муу талтай байдаг. Энэ тохиолдолд, Их Британийн Засгийн газарт зөвлөхөөр ажилласан багийнхан санал болгосон загвартаа, аль аль загваруудын давуу талуудыг нь ашиглахын хажуугаар муу нөлөөг нь бууруулахыг хичээж “Их Британи-Голланд“ буюу холимог загвар гаргажээ.
Хүйтэн дайны үед Засгийн газрын мэдэлд байсан радио спектрум ашиглах эрх энэ холимог загварын дагуу явуулсан тендерт зарагдсан бөгөөд, тухайн тендерт оролцогч талуудын дунд эхний шатанд англи маягийн буюу ил үнэ өсгөх тендер явагдаж, үнэ хоёр оролцогчоос бусад бүх оролцогч хасагдах хэмжээний өндөр болсны дараа хоёр дахь шат эхэлсэн байна. Хоёр дахь шатанд, эхний шатнаас үлдсэн хоёр оролцогч талуудын санал болгох үнэ нь эхний шатанд тогтсон үнээс доош байж болохгүй гэсэн дүрэм бас мөрдөгдсөн байна.
Английн жишээнээс харахад, туршлагатай оролцогчдоос бүрдсэн багийн зохиосон холимог тендерийн загвар нэлээд амжилтад хүрсэн гэдэг нь илт байгаа боловч холимог загварыг Их Британийн дараа хэд хэдэн Европын орнуудад бас хэрэглэсэн бөгөөд энэ загвар тэр бүр онцгой амжилттай байдаггүй гэдгийг бас дурдах нь зүйтэй болов уу. Английн Засгийн газарт зөвлөх багийн гишүүн, Оксфордын Их сургуулийн профессор Паул Клэмпепер “Бүх төрлийн тендерт тохирсон тийм ганцхан сайн загвар гэж байдаггүй. Тийм болохоор тодорхой орчинд амжилтад хүрсэн загвар өөр орчинд бас адилхан амжилт үзүүлнэ гэж итгэх нь буруу хэрэг болно“ гэж дүгнэжээ.
Стокголмийн Эдийн засгийн сургуулийн докторант Нинжбатын Ууганбаатар