Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Газрын ховор элементийн дэлхийн хэрэгцээний 70-80 хувийг Хятад улс нийлүүлж байна

Та 30 гаруй жил зэсээр дагнан ажиллажээ. “Зэсийн“ гэж олонд танигдсан геологич хүн. Яагаад газрын ховор элементтэй холбогдох болов?

1982 оны арванхоёрдугаар сард Жамсран багш, Чагнаадорж гэдэг хоёр хүнтэй сансрын зургийн ажиглалт хийж байтал салхины циклон шиг юм өмнөд Монголд ажиглагдлаа. Ж.Гүррагчаа сансарт 1982 оны гуравдугаар сард ниссэн. Тэгээд бүх Монголын хэмжээгээр саятын масштабын сансрын хар цагаан зураг авч, манай институтид өгсөн юм.

Энэ газрын зураг дээр манай Ханбогдын массив дээр хуйларсан дүрс гарсан байна л даа. Бараг л галактикийн хуйлрал шиг. Гэхдээ салхины циклон шиг харагддаг. Ийм зүйлийг бид олж харлаа. Үүнийг геологийн шинжлэх ухаанд хуйлралтын бүтэц гэж нэрлэдэг.
Анх геологийн нэр томъёонд оруулсан хүн бол Хятадын геологич, академич Ли Сы Гуан гэж хүн. Тэрбээр өөд болсны дараа охин нь эцгээ монгол гаралтай хүн гэж зарласан юмдаг. Монгол гаралтай хүн анх удаа тэр бүтцийг олж харж, дэлхийн геологийн нэр томъёонд оруулсан байна л даа. Баруун хойд Хятадын нутаг дэвсгэр дээр ийм бүтэц судалсан. Гэхдээ судлахдаа глобал судалгаа хийгээд, бүтцийн хувьд ийм юм байна гэдгийг энэ хүн илрүүлээд, тэр тухайгаа бичиж үлдээжээ.

Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар ялгаа байна гэхээр ер нь боржин чулуу гэдэг нь газрын их гүнд, магадгүй 20, 30 километрийн гүнд тарчихсан байдаг. Талсттай чулууг л боржин гээд байгаа. Тэрнээс гадна энэ гүнд үүсч байгаагийн зэрэгцээгээр хэрвээ резервуар царцаагүй байхад нь зад тавиад газар дээр гараад ирвэл энэ нь галт уул болчихдог юм. Гүнд царцахаараа боржин, гадаргуу дээр гараад ирэхээр хайлмал галт уул болчихдог гэсэн үг.  Миний яриад байдаг салхины циклон шиг юм чинь ийм гүнд царцсан нь байхгүй юу. 20 километрийн гүнд одоогоос 290 гаруй сая жилийн өмнө болсон үйл явдал. Магма гарч ирээд эндээ эргэлдээд царцчихсан. Гэтэл 290 сая жил дэлхийн түүхэнд өнгөрөхөд энэ дээр байсан 20 километрийн хучаас чинь юу ч биш. Бүгдийг нь устгаад хаячихдаг. Элэгдээд, бутраад, зөөгдөөд хаашаа ч юм алга болно.

Ноён хутагт Данзанравжаа  1826-1830 онд Галбын говийн гурван хийдийг ардуудын хүч хөдөлмөрийг дайчилж байгуулсан түүхтэй. Данзанравжаад говиор яваагүй газар гэж бараг үгүй. Тэгээд явж байгаад Ханбогд уулын ар талд ирээд учиргүй их уйлсан гэнэ лээ. Тэгээд хэлсэн гэж байгаа юм. Тайтгараад “Би амьдралынхаа тодорхой хугацааг энд өнгөрөөх ёстой юм байна“ гэж. Энд байгуулсан хийдийн будаг шунх, хамаг гол материалыг нь Оюутолгойгоос авсан шүү. Зэсийн орд газар ямар ямар эрдэс байдгийг чи сонссон л байх. Малахит, азурит гэж юм бий. Дандаа зэсийн карбонатууд. Нэг нь ногоон, нөгөө нь хөх өнгөтэй. Тэгэхээр хөх, ногоон будаг бэлэн байж. Молибдений оохор гэдэг чинь хольсон шар өнгөтэй байдаг. Тэр нь үүсч амжаагүй ч байлаа гэсэн төмрийн исэл янз бүрийн эдтэйгээ нийлээд тэр зоснууд чинь улаан, улаан шар, хар хүрэн болчихдог юм.

Оюутолгойн бүлэг орд гэдэг дээр Вандан толгой хэмээх одоо Төв Оюутолгой гэдэг дээр зостой газар бий. Тэндээс зосыг нь авч ашиглаж байсан. Ингээд барилгын материал, тоосго энэ тэрийг нь ерөөсөө энэ орчмынхоо материалаар цохиж хийдээ босгосон. Ингэж хийхийн тулд ноён хутагт Данзанравжаа урагшаа явж, одоогийн магадгүй Өвөрмонголын Баян Овоо ч юмуу хамгийн ойрхон байгаа хот тосгоноос арван даамал авч ирсэн байгаа юм. Ийм сонин түүхтэй.  

Энэ бүхнийг Оюутолгойн түүх болгоод, газрын ховор руу орж ярих шалтаг болгоод ярьж байна л даа. Яагаад гэвэл энд байгаа шүлтлэг найрлагатай боржин бол  зүгээр жирийн боржингийн магмыг бодоход маш их урсамтгай чанартай. Жирийн боржин өтгөн зунгааралдсан байдаг. Гадарга дээр гарахад галт уулын лаав пог пог гээд л ерөөсөө нээх хол урсдаггүй. Тэр байтугай үүссэн галт уулынх нь хоолой дээр бөглөө үүсчихдэг. Тийм учраас боржингийн төрлийн магма гарч ирсэн галт уул маш хүчтэй дэлбэрдэг. Визувын галт уул шиг. Визувын галт уул дэлбэрснээс болж хэд хэдэн тосгон үндсээрээ байхгүй болчихсон шүү дээ. Сүүлд нь XVIII зуунд Андрей Буриллёв гэж Оросын мундаг зураач амьдарч байсан. Тэр хүн археологчидтой цуг малталт хийсэн гэдэг. Тэгээд дараа нь “Помпейн сүүлчийн шөнө“ хэмээх алдарт зургаа зурсан.
Ийм урсамтгай магма дотор ховор элементүүд хуримтлагддаг. Тэгээд би үүнийг сонирхож хорин хэдэн жил ажилласан юм. Зэсийн ажлаа ерөнхийд нь түр завсарлаад, ийшээ орсон байхгүй юу.  25, 26 жил ажилласан миний зэсийн судалгааны ажил бол хаяад гарахад хайран эд биз дээ. Тэгэхэд л ховор элемент гэдэг чинь тэрнээс хүчтэй татсан байхгүй юу. Тийм учраас 1990-1995 он хүртэл газрын ховор элементийн чиглэлээр ажилласан.

Одоогоор манайд газрын ховор элементийн илрэлүүд хаагуур байна?

Ер нь манайд байгаа хамгийн судлагдсан бөгөөд том орд газар нь Өмнөговийн нутаг. Мандалговь сумын нутагт Мушгиа худаг гэдэг газар бий. Тэр бол манайд хайгуул хийгдсэн хамгийн том орд газар. Тэрнээс гадна Ханбогдоос 140, 150 километрийн зайд Лугийн гол гэж бий. Одоо хайгуул хийж байгаа. Хар ус нуурын эрэг дээр бас газрын ховор элемент бий. Тэгээд Хяргас нуурын хойд хөвөөнд байдаг гэх мэтчилэн. Газрын ховроор манайд хайгуул хийгдсэн. Гэхдээ бүрэн хайгуул хийж чадаагүй.

Халзан бүргэдэйд Зөвлөлтийн хоёрдугаар экспедиц хайгуул хийж байтал ардчилал болоод оросуудыг явуулчихсан шүү дээ.   Нийт илрэлийн тоо гэхэд 73 байх жишээтэй. Саятын масштабтай зургийг зохиоход анх удаа газрын ховроор нэгтгэсэн ажлыг би өөрийн биеэр гүйцэтгэсэн. Таван жилийн дотор хийсэн ажил даа. Тархалтын зургийг нь гаргаад, бас хэтийн төлөвийн үнэлгээ өгдөг юм. Тэрүүгээр тийм юм илэрч магадгүй, энэ бүс нь ирээдүйтэй байж магадгүй гэдгийг нь тандаж хийсэн. Ингээд яг зураг хэвлэгдэх мөчид бол би зургийн бүрэлдэхүүнд ороогүй учраас миний нэр тэнд байдаггүй. Яагаад гэвэл нэгтгэсэн арваад хүн нэрээ бичээд бусад хүн бол сайндаа оршил дээр нэг хэлэгдэнэ дээ. “За энэ хүн бол газрын ховор элементээр ажиллаж байсан“ гээд л. Гүйцээ, ганц өгүүлбэр. Тэр далай тэнгис шиг юман дотор чинь ганц хүний нэр хаанаас ч олдохгүй шүү дээ.

Манайд ховор элементийн нөөц хэр их байгаа вэ?

Нөөцийг хэлэх боломж байхгүй. Лантонойдын бүлгийн 15 элементийн ислүүдийн нийлбэрээр тооцогддог. Тэгээд ерөнхийд нь үзэж хараад тооцдог. Өндөр хөгжилтэй Япон мэтийн орнууд л үүнийг нарийн тодорхойлж чаддаг. Дэлхийн газрын ховор элементийн хэрэгцээний 80 гаруй хувийг хятадууд гаргадаг. Нөгөө Данзанравжаагийн хийд бариулахдаа даамлууд авч ирж байсан Өвөрмонголын Баян-Уул гэдэг газар орчим чинь орд  нь бас байгаа юм. Баян-Овоо гэж. Тэр Баян-Овоо гэдэг орд газраас дэлхийн ховор элементийн хэрэгцээний 70, 80 хувь  гарч байгаа. Ерөөсөө Хятадад л гол нөөц байна гэсэн үг. Хятад газрын ховор элементийн судалгаа шинжилгээгээрээ бол маш сайн шүү дээ. Ислүүдийг нь салгаж, ялгаж ашиглахад маш хэцүү технологитой. Тэгэхэд тэр технологийн бүх хэцүүг нь даваад, бүх ислийг нэг нэгээр нь гаргачихсан байгаа. Хамгийн гол нь тэр технологийнхоо нууцыг хэнд ч хэлдэггүй.  Нэгэнт дэлхийн хэрэгцээний 70, 80 хувийг гаргаж байна гэдэг чинь дэлхийг газрын ховроор “боож“ чадна л гэсэн үг.

Манайд илрэл байна. Бас нөөц ч багагүй бололтой. Газрын ховор элементээ гадагш нь экспортлох боломж бий юу?

Манайх гадагш нь гаргана гэхэд хэцүү. Яагаад гэвэл Хятадыг давж гарах ёстой шүү дээ. Тийм ч учраас манайхан энэ тал дээр нэг их судалгаа хийж чадахгүй байгаад байсан. Хий дэмий хөрөнгө зараад хийдэг, баахан нөөц гаргадаг. Хэнд өгөхөв? Манайхан өөрснөө ашиглахгүй. Хятад авахгүй. Япон Хятадаас л авна. Америкийн түншүүд бол Хятадаас л авч байгаа шүү дээ.

Сүүлийн үед ховор элементийн зах зээлийг хятадууд хянаж  эхэлж байгаа. Японд борлуулах хязгаарлалт хийгээд байгаа. Японд өгөхгүй болохоор япончууд   Монголд энэ талын судалгаа хийх сонирхолтой болсон. Үзэж харъя, хамтаръя гээд манайд ирж л байна. Гэхдээ япончууд орж ажиллаж байгаад хаяад явчихдаг юм. Одоо энэ Цавын орд газрыг хайгуул хийгээд, бүр гүний уурхай шиг болгож байснаа эдийн засгийн хувьд болохгүй байна гээд хаяад явчихсан.   Олон Овоотын Мушгиа худгийн тэнд одоо “Монгол газар“-ын Ц.Мянганбаярын компани ажиллаж байгаа шүү дээ. Түүний хайсан алтны ордыг японууд анх илрүүлчихээд, тэгээд хаяад явчихсан юм.

Япончууд гэхдээ тандалт хийгээд байдаг юм чинь ирээдүйд ажиллах бодол бас бий л байх?

Япончууд тандалт зөндөө хийсэн. Анх орж ирээд 1993 онд “Уудам тал“ гэдэг төслийн хүрээнд ажилласан юм. Тэгэхэд Сайншандаас баруун тийшх хэсэгт би газарчнаар явсан. Тэгээд байгаа газрыг нь мэдлээ. Дахиад монгол хүн хэрэггүй гээд хаячихдаг. Дараа нь “Уудам тал“ төслөө  дуусгаад, шинээр “Алтан тал“ төслийг эхэлсэн.

Ховор шороон элементээр манайд ирээдүй байна уу?

Ховор шороон элементийг эцэслэн сайтар судлаагүй байж ирээдүй байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Ер нь боломж бол байна. Хамгийн гол нь хамтарч ажиллах, судлах баг хэрэгтэй. Буурь суурьтай хандахгүй бол болохгүй. Одоо орчин үеийн хэрэглээ нь дээр үед байснаас их өөр болсон. Шинэ хэрэглээний талаар бол Геологийн сургуулийн С.Жаргалан багш нэлээн цогцоор нь гаргаж судалсан хүн. Тэгэхээр ер нь ирээдүй байгаа юм уу гэвэл байна.

Үнийн хувьд бусад ашигт малтмалтай харьцуулахад ямар вэ?

Газрын ховрыг грамм, тонноор хэмждэг. Үнэ нь их өөрчлөгдөж байгаа. Ислүүдээр нь салгах юм бол бусад ашигт малтмалаас хамаагүй үнэтэй.

  • Ноён солиот (122.201.31.196)
    Зэс судалж байгаад ховор элемэнт судалж эхэлсэн нэг хүн байдаг гэж сонссон их сонирхолтой сэдэвМиний судалснаар агаар мандал хөрсургамалэрдэс чулуулгахүн амьтан бие мах бодид өчүүхэн хэмжээтэй үлэмж эхээр сарнисан байдагҮҮний талаар тус тус бүрд нь дэлгэрэнгүй судлах хэрэгтэй болвуу
    2015 оны 12 сарын 19 | Хариулах