Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засагч Д.Жаргалсайхан: Кино аж vйлдвэр, тҮргэн хоолны газрын бизнес цэцэглэж эхэллээ

Эдийн засаг шууд хямралын байдал руу орж байхад дэлхийд хоёр том салбарын үйл ажиллагаа их хүчтэй нэмэгдээд байгаа. Тэр нь кино аж үйлдвэр, түргэн хоолны газар. Эдгээр нь  бизнесийн ердийн циклийн эсрэг хөдөлгөөнтэй бизнес.

Ер нь бид дандаа хямралын тухай ярьж байна. Өдийг хүртэл бид анхаарч ирээгүй, анхаарах ёстой зүйл бол боловсон хүчин, хүний нөөц гэсэн асар том баялаг боломжийг хөгжүүлэх, зөв өгөөжтэй ашиглаж дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох чиглэл рүү түлхүү ажиллах шаардлага тулгарч байна.

Долларын ханшийн өөрчлөлт дотоодын компаниудын үйл ажиллагаанд хэр нөлөөлж байна гэж та эдийн засагчийн хувьд харж байна вэ?

Гол гол ашигт малтмалуудын дэлхийн зах зээлийн үнэ их өндөр, зэс одоогийнхоосоо гурав дахин үнэтэй байсан. Тэр үеийн манай гадаад худалдааны орлого, одоогийн орлого хоёр тэс өөр болчихсон. Үүнээс шууд хамаараад төгрөгийн ханш доллартай харьцуулахад 30 орчим хувь уначихаад байна. Төгрөгийн ханшийг унагахгүйн төлөө Монголбанк их хэмжээний доллар буюу улсын нөөцийнхөө хагасыг нь зарж байж энэ хэмжээнд тогтоосон.

Манайх шиг эдийн засгийг нээлттэй эдийн засаг гэдэг. Яагаад нээлттэй гэхээр жилд бидний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүнээр нь аваад үзэхээр гадаадад гаргасан, гадаадаас авсан зүйл хоёрын хоорондох нийлбэрт экспорт нь импортоосоо бага байдаг. Ийм эдийн засгийг маш нээлттэй эдийн засаг гэж нэрлэдэг.

Манай эдийн засаг гадаад худалдаанаасаа хамаарч байна. Гадаад худалдаа явуулж байгаа гол хэрэгсэл бол доллар. Юанийг авахдаа ч доллараар дамжуулж авч байгаа. Манай экспорт, импортын дийлэнх хувь нь Хятад улстай явагдаж байгаа боловч  өмнөд хөрштэй харьцахын тулд бид доллартай харьцдаг. Тийм учраас төгрөг, долларын харилцаа бол манай эдийн засгийн бодит, үнэн дүр төрх нь.

Хэцүү байгаа. Төгрөгийн ханш 30 хувь уначихаад байна. Цаашаа нэмж унахгүй гэх баталгаа үгүй. Уналтыг сааруулж болох нэг зүйл бол бидний гадагшаа зарж байгаа зүйлийн үнэ нэмэгдвэл уналт багасч болно.  

Голланд өвчинд нэрвэгдсэн жилүүдийг бид даван туулж байна. Дахиад ийм байдалд орохгүйн тулд  юуг анхаарах хэрэгтэй вэ?

Монгол дахь Голланд өвчний мөн чанар нь юу вэ гэхээр ашигт малтмалын үнэ ханшид согтоод, тэр орлогондоо бялуураад өөр юмаа хийхээ больчихыг хэлдэг. Ийм өвчин тусч  магадгүй гэж  өмнө нь  баахан ярьсан. Үүнийг эдгээх ганц арга бол ашигт малтмалаас гадна өөр зүйл бүтээж, түүгээрээ валют олох явдал. Гэтэл тэр чинь зүгээр Монголын дотоодын зах зээл шиг нэг компани байгуулаад, хэн нэг улстөрчийн танил болж дэмжлэг аваад л бизнес хийгээд явчихдагтай адилгүй.

Дэлхийн зах зээл дээр бусад хүмүүсийн хийдгийг тэр хүнээс илүү үйлдвэрлээд, зарах гэдэг тийм амархан ажил биш. Үүнийг өрсөлдөх чадвар гэж хэлдэг. Энэ өрсөлдөх чадварыг бүрдүүлэхийн тулд юуг, яаж хийж, хаашаа гаргах вэ. Үүн дээр хувийн секторуудын оновчтой сонголт байх ёстой. Тэгтэл манайд юм л бол төр, улсын бодлогоор дэмжих хэрэгтэй гээд яриад байдаг. Төр дэмжинэ гэдэг нь нэгдүгээрт стандарт тогтоож, хоёрдугаарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих явдал. Харин төр өөрөө аль болохоор бага оролцох хэрэгтэй. Бизнест оролцож байгаа бүх хүмүүст тогтоосон стандартыг л баримтлуулах ажлыг төр хариуцах ёстой юм.

Тийм хэмжээний өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хийхийн тулд хэд хэдэн оролтын боловсруулалт,  дараа нь гаралтын менежментүүд хийх ёстой. Оролтын гэдэг нь тухайн бүтээгдэхүүнд аль зэрэг материаллаг баялаг, мэдлэг цаг зарцуулсан тухай асуудал. Дараа нь бид ямар нэг зүйлийг боловсруулаад бүтээж байгаа юм бол бусад орнуудтай юугаар өрсөлдөж чадах юм. Гарсан бүтээгдэхүүн яг хамгийн сайн бүтээгдэхүүн болж чадсан уу, үгүй юу. Үүнийг л бүтэн үнэ цэнийн хэлхээ гээд байгаа юм. Энэ бүхнийг бодолцоод өрсөлдөхүйц уур амьсгалыг бүрдүүлэх ёстой.

Хамгийн энгийн жишээ авъя. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд борлуулах талаар бараг Ардын хувьсгал ялсан 1921 оноос  хойш л ярьсан. Манайд үйлдвэрлэсэн махыг бид ОХУ-д  гаргаж чадахгүй байна. Гол шалтгаан нь эрүүл мэндийн талаасаа мал өвчингүй байх ёстой гэдэг. Тэгсэн мөртлөө саяхан болтол оросууд манай малыг хөлөөр нь маш олноор нь авч байсан. Тэр үедээ эрүүл ахуйн асуудлыг яаж зохицуулж байсан юм? Өнгөрсөн жилээс эхлээд дахиад малыг хөлөөр нь авна гээд яриад байгаа. Тэгээд хөлөөр нь авахаар болдог, нядлаад явуулахаар болдоггүй ямар асуудал байдаг юм. Энэ бүх зохиомол саадыг л арилгах хэрэгтэй.

Малчид малын тоо толгойг өсгөх дээр л өрсөлдөөд байгаа болохоос эцсийн бүтээгдэхүүн хийх, манай дотоод зах зээлийн ханшийг барих, Оросын зах зээл рүү гаргах тал дээр ажиллахгүй, санаачлагатай юм хийж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр манайх 42 сая малтай. Тал нь эм мал байх нь ээ дээ. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн ууж байгаа сүүний 70 хувийг гадаадаас аваад байхдаа яадаг юм. Эцсийн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүндээ анхаарах юм бол магадгүй нүүрснээс ч үнэтэй баялаг маань болно шүү.

Монгол улсын газар доорх бүх баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн авчихсан.  Тэгээд дарга нартайгаа холбоотой хэдэн хүн хувааж аваад хэдхэн айл баяжаад байгаа. Асуудлын гол нь тэр орсон мөнгөөр Монгол улс өөрийгөө хөгжүүлэх талаар юу хийж байгаа вэ гэдэгт л анхаарах ёстой. Тэр үүднээсээ авч үзэх юм бол асуудал өнөөдөр татвар их, бага авсандаа биш, харин авснаараа юу хийсэн бэ гэдэгт байна. Тийм учраас энэ өнцгөөс бид харах шаардлагатай.

68 хувийн татварыг авч хаях талаар яригдаж байна. Алтны компаниуд ийм татвартай байхад ямар ч ашиггүй шахуу ажиллаж байсан гэх юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Хүн ажил хийгээд мөнгө олохоор төр булаагаад авчихаж болохгүй шүү дээ. Тэр ажлын үр дүн нь бас хүмүүс өөрсдөө ашиг сонирхлоо хангахуйц байх ёстой. Мэдээж гэнэт татвар тавиад л ашигтай бол би авна гээд төр зүтгээд байж болохгүй. Бизнесийн нэгдүгээр аксиом нь улс төрийн зүгээс явуулах бодлого тогтвортой байх ёстой.  68 хувийн татвар авснаар улс нэг тэрбум орчим ам.доллартай боллоо  гэж бичсэн байна. Асуудлын мөн чанар нь тэр нэг тэрбум ам.доллараар юу хийсэн юм бэ гэдэгтээ бий. Хэрвээ юу ч хийгээгүй, төрийн аппаратыг томсгоод, суудлын машинаас бензин их иддэг том машинтай болоод, тэрийгээ болино барина гэж баахан жүжиг тавиад, тэгээд зөвхөн дарга сайд нар нь онцгой баяжаад байгаа бол татварт хэдийг ч авсан тийм их мөнгөөр яах  юм. Төрийг томсгоод байх ямар ч шаардлага байхгүй. Тэр мөнгийг Монгол улсын иргэд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжиж болохуйц бодлогын зүйлд зарцуулсан уу, үгүй юу гэдгийг л харах ёстой.

Бидний зорилгын зорилго бол уул уурхай биш. Үндсэн зорилго нь уул уурхайгаас  олсон мөнгөөр улс орныхоо хэмжээнд тодорхой далайцтай ажил зохион байгуулаад, хүмүүс өөрсдөө амьдралаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Мөнгө тарааж өгөхдөө биш. Залхуу хүнд тарааж өгч болохгүй. Тэтгэлгийг дамжуулдаг тогтоц нь улс орны тогтсон систем бүхий боловсрол. Боловсролыг практиктай холбоод өгөх механизмыг олоотох л доо. Тэгээд компаниуд уул уурхайн салбарт бий болгосон мөнгөөр сургуульд хөрөнгө оруулалт хийгээд явбал зарим нэг талаар хөнгөлөлт үзүүлдэг болъё. Нэг тэрбум ам.долларыг нь улс хурааж авчихаад, төрийн зардал нэрээр уугаад идчихэж болохгүй шүү дээ.

Уул уурхай дээр нэг зүйл тодорхой байх хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулахаас өмнө тухайн газрын зургийг аваад, дууссаны дараа дахиж зургийг нь авахад хоёулаа яг адилхан байх ёстой. Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхэд  орлого орно. Түүнээс нь шууд тодорхой хувийг нөхөн сэргээлтийн санд аваад байдаг. Тэгээд тэр мөнгөнд гар хүрэхгүй. Гадны орнуудад ийм санг 30, 40 жилийн хугацаанд байгуулдаг. Сангийн мөнгөөр нөхөн сэргээлт хийхэд нөгөө газар нь хуучин шигээ  болж үлддэг. Ийм зарчмыг хэвшүүлэх хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох  хэрэгтэй.  

Засгийн газар одоо зардлаа танана гээд яриад байна. Гэтэл танаад байгаа юм харагдахгүй байх шиг. Энэ тал дээр та Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?

Төсөв хэр зэрэг том байх вэ гэдэг чухал асуудал. Төсвийн хэмжээ гэдэг чинь бүх бий болгосон хөрөнгө мөнгөний хэдэн хувь нь улсаар дамжаад гарч байгааг илэрхийлсэн хэмжүүр. Манайд хүмүүсийн бий болгосон баялгийн талаас илүү хувийг улс авч байгаа. Тэгээд хагасыг нь өөрсдөө хэрэглээд, үлдсэнийг нь янз бүрийн халамж шимтгэл гээд тараачихаж байгаа. Энэ харьцаа хэдэн хувьтай байвал хамгийн зохистой юм бэ гэдэг дээр эдийн засагчид дандаа маргалдаж байдаг. Гэхдээ ямар ч эдийн засагч нэг зүйлийг зөвшөөрдөг. Энэ нь төрийн зардал бага байх явдал. Багадаа хэдэн хувь байх ёстой вэ. Ихэнх хүмүүс 30 хувь дотор багтах ёстой гэж ярьдаг. Саяхан Вашингтонд болсон уулзалтаар олон орны эдийн засагт дүн шижилгээ хийсэн байна.  Төрийн бүх зардал төсвийн 17 хувьтай тэнцэж байхад боломжийн гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэндээ Засгийн газрын төсөвт оролцох зохистой оролцоо бол энэ. Энэ утгаар үзэхэд бид зардлаа гурав дахин багасгах ёстой болж байгаа юм.

Одоо төрийн өндөрлөгүүд зарцуулах мөнгө нь хүрэхгүй болоод ирэхээр бүгдээрээ зардал багасгана гээд яриад эхэллээ . Ганцхан шөнийн дотор бүгд ухаан орж байгаа юм уу гэхээр яг ч тийм биш. Зүгээр ганцхан шөнийн дотор тэд өөр аргагүйг ойлгож байгаа байхгүй юу. Яг одоо зардлаа хасна гээд яриад байгаа. Хасаж чадахгүй л дээ. Яадаг ч байсан бүх тансаглалаа гурав дахин багасах ёстой байх аа. Бид нарт ийм олон даргын хэрэг байна уу. Алга аа.

Төр, Засгийн газрын хамгийн гол үүрэг байдаг. Тэр нь нийгмийн аюулгүй байдал, иргэдийн амар амгалан байдал, байгаль орчны стандартыг тогтоогоод, мөрдүүлэх ёстой. Гэтэл төр тэрнээс гадна баахан юм хийгээд байдаг. Хувийн сектор хийж болох юмыг булааж авч хийгээд байгаа юм. Бизнест оролцоод байна гэдэг чинь тэнд өөрсдийнх нь сонирхол байна гэсэн үг шүү дээ.

Эдийн засагт дефляци үүслээ гэж яриад байна. Таныг хараад байхад яг ямархуу байдлаар илэрч байх юм?

Инфляци гэдэг чинь юмны үнэ нэмэгдээд байхыг хэлж байна. Дефляци гэхээр нөгөөтөх нь багасаад байхыг хэлэх нь ээ дээ. Тийм процесс бас их ноцтой байдаг. Яагаад гэвэл хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдаж авахгүй болохоор дотоодод үйлдвэрлэл явахгүй байгаа. Гэхдээ энэ чинь тодорхой төвшин хүртэл л явна. Яагаад гэвэл хүн хоол идэхгүйгээр тодорхой хугацаанд л тэснэ шүү дээ. Дефляци байгаагийн өөр нэг шалтгаан нь хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж байгаа явдал. Өмнө нь бид дандаа өөр юм хэрэглэдэг байснаа гэнэт тэр нь байхгүй болж эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтээх үйл ажиллагааны бүтцэд өөрчлөлт орж ирж байгаа юм.

Төсвийн тодотголын талаар та юу гэж бодож байна. Анх удаа Засгийн газар хасалт хийж зардлаа бууруулахыг оролдож байна?

Тэр ч Засгийн газар сайндаа хийж байгаа ажил биш шүү дээ. Өөр аргагүй л байхгүй юу. Төр гэдэг боломжтой бол зардлаа нэмээд л байдаг. “Өдрийн сонин“ дээр Паркинсоны хуулийн тухай бичсэн  байна. Нэг сулавтар хүн заавал хоёр орлогчтой болдог гэж. Ажлаа өгөх хэрэгтэй, эсвэл хоёр орлогч олж ирээд хийж байгаа ажлаа чухал гэдгийг харуулах хэрэгтэй болж байгаа юм. Одоо төр энэ зарчмаар л явж байгаа. Пирамидын давхарга нэмэгдсээр байгаад үр дүнд нь данхар, үрэлгэн засаг гараад ирчихдэг.

Төсвийн тодотголыг энэ удаад арай дээр хийж чадсан уу, өмнөхөөсөө?

Дээр доор байх тухай асуудал биш. Хийх ёстой. Өөр арга байхгүй. Тийм их тусгай тодотгол хийгээд байгаадаа ч биш, өөр арга байхгүй. Юун тэр амлалтын мөнгө өгөх. Сая төгрөг, сая таван зуу гээд уралдаад байсан зүйл одоо байхгүй. Тэр үлгэр дууссан. Одоо бол үлгэр яриад, хүүхдүүд унтуулдаг үе биш. Хүүхэд сэрчихсэн, гэдэс нь өлсөж байгаа. Байдал шал өөр болсон. Ийм үед сая АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэлж байна шүү дээ. “Онц нөхцөлд онц арга хэмжээ авдаг юм аа“ гэж. Болохоо байсан нөхцөлд тун хэцүү шийдвэр л гаргадаг.  Түрүүний миний ярьсан гурван стандарт байна шүү дээ. Аюулгүй байдалтай холбоотой, ард нийтийн амгалан тайван байдалтай холбоотой. Үүнтэй холбоотой стандартыг л өөрчилж болохгүй. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр зөндөө гүнзгий усанд өмнө нь хөвж явсан. Одоо ингээд ус нь багасаад ёроолдоо хүрэхээр зогсох гээд байна. Зогсоож болохгүй. Гэтэл бүх юмыг хариугүй зогсоочихлоо. Цахилгааны хэвийн ажиллагаа, дэд бүтцийн хэвийн ажиллагааг зогсоочихлоо.  Өнөөдөр миний бодлоор “яах вэ“ гэж боддог цаг биш болчихсон. Бид маргааш яах вэ гэдгийг тунгаах ёстой. Хямрал ийм болчихлоо, нэгдүгээрт яаж гарах вэ, хоёрдугаарт гарсны дараа яах вэ. Дахин хямрахгүй талаас нь бодох ёстой.

Хямралаас гарсны дараа бид дахиад алдаагаа давтахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Алдаа гаргаж болно. Зөвхөн  энэ алдааг давтахгүйн тулд юу хийх вэ гэдэг л байна. Одоо нэг юм мэдэрчихлээ шүү дээ. Юу гэхээр нэгдүгээрт, зардал бага байх ёстой. Хоёрдугаарт, төр цомхон бүтэцтэй байх ёстой. Гуравдугаарт, сайхан амьдрахын төлөө хүн өөрөө л сайн ажилладаг. Тэр хүнийг хамгийн сайн ажиллуулах нөхцөл юу вэ гэдгийг л хэлж байгаа. Монголын энэ олон залуус, хүмүүст эрч хүч, оюун санаа дутаад байна гэж бодохгүй байна. Ганцхан Монгол залуусын бүтээлч сэтгэлгээнд битгий саад бол, ажиллуул, дэмж. Дэмжихдээ мөнгө битгий өг.  Хүүхдийн сургалт боловсролтой холбоотой мэдээллийг өгөх хэрэгтэй, боловсон хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж одоогоос таван жилийн дараахийг харж байж ажлаа хийгээч гэж хэлэх гээд байна.

Хямралтай үед ажлын байрыг хадгалах тал дээр юу хийх ёстой вэ?

Төмөр зам, “Эрдэнэт“ гээд Засгийн газар оролцдог, монополь аргаар ажилладаг газрууд байгаа. Тэгэхээр ийм газар мэдээж шинэ технологид юун түрүүнд анхаарах хэрэгтэй. Болж өгвөл монополийг нь задлах хэрэгтэй.

Хэдэн хүн авах вэ, хэдэн хүн халах вэ гэдгээ хувийн сектор өөрөө шийддэг. Тэрийг тодорхойлдог хүчин зүйл нь өрсөлдөөн. Өрсөлдөөнтэй газар халах хүний тоо бага байдаг. Яагаад гэвэл угаасаа цөөн хүний хүчээр их зүйл бүтээх ёстой гэдэг зарчим явж байгаа учраас халаад байх ч хүнгүй. Яагаад гэвэл нөгөө хүн асар их итгэл зүтгэл, хөрөнгө оруулчихсан. Тэр хүнийг хална гэдэг машинаа, тоног төхөөрөмжөө зарахаас илүү үнэтэй алдагдал болно. Тэгэхээр боловсон хүчин үнэтэй байна гэдэг ойлголтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл одоо хамгийн амархан өөрчилж болдог зүйл гэвэл боловсон хүчин болчихоод байгаа. Яагаад гээч. Яагаад гэвэл манай боловсон хүчинд өгч байгаа цалингийн хэмжээ гажчихсан. Жишээлбэл, Монгол дахь олон улсын байгууллагууд гадаадын компаниуд манай боловсон хүчний хамаг олигтойг нь авчихаж байна. Олон улсын байгууллагууд татвар төлдөггүй учраас өндөр цалин өгч чадаж байна. Гадаадын байгууллагууд жинхэнэ чадварлаг мэргэжилтэн сонгож аваад, олон жилээр гэрээ хийж байгаад цалингаас гадна зөндөө олон сайн нөхцөл өгч чаддаг. Ялангуяа монгол хүмүүсийг, монгол мэргэжилтнийг гадаадын компани авахдаа эрүүл мэндийн даатгалыг нь хариуцаж байгаа шүү дээ. Тийм учраас барагтай цалин өгөхөд тийшээ орчихоод байгаа байхгүй юу. Тэгээд бид өөрсдөө тодорхой гадаадын хүмүүстэй өрсөлдөөд эхэлсэн гэдгийг аль хэдийнэ ойлгох хэрэгтэй болчихоод байгаа юм.

Цалингийн системийн буруу нь юундаа байна гэхээр компаниудаас их татвар аваад, түүнээ төрийн том зардалд өгч байна. Уг нь өгч байгаа цалин нь нөгөө хүндээ өндөр очих ёстой шүү дээ. Татвар багассан гэж яриад л байна. Үнэн хэрэгтээ бид авч байгаа мөнгөнийхөө 30, 40 хувийг нь улсад хураалгачихдаг. 40 хувийг нь шүү дээ. Урьд нь бараг талыг нь өгдөг байсан юм. Одоо бага болгосон гээд худлаа магтаад байгаа. Нэг ноцтой юм бий. Миний  төлсөн тэтгэврийн, эрүүл мэндийн мөнгөөр юу хийж байгаа вэ. Тэр хаана байгаа вэ гэдэг асуудал гарчихаад байна.

Тэгэхээр зорилгын зорилго бол ажлын байр хадгалахдаа ч биш. Гол зорилго нь байр хадгалж байгаа юм биш, хүнээ хадгалж байгаа юм.  

Тэгвэл бас халж байгаа талд буруу биш, халагдаж байгаа хүмүүст асуудал байна гэсэн үг үү?


Дэлхий дээр байгаа дөрвөн баялгаас хамгийн үнэтэй   нь боловсон хүчин. Хүнийг ажиллуулж чадах юм бол бусад баялгаас хэд дахин илүү өгөөжтэй.

Өнөөдрийн тухай бид бичиж байхдаа ирээдүйг хармаар байна. Хоёрдугаарт Эйнштейний хэлсэн үг байдаг л даа. “Асуудал гараад ирэхээр түүнийг шийдэхдээ асуудал гарч байх үеийнхээр нь биш, шинэ сэтгэлгээгээр шийдэх ёстой“    юм. Одоо тийм үе ирчихээд байна. Бид шал өөр сэтгэлгээ, хандлагаар холыг хараад, тэгээд миний эрх ашиг хаана байна гэдгээс илүүтэй, энэ улсын эрх ашиг хаана байна гэдгийг тавьж байж шийдэх ёстой. Энэ бол хүн болгонд хамааралтай зүйл.  

Төсөөлбөл Монгол улс тэнгис далай дахь нэг завь. Завь цоорхой бол бүгдээрээ живнэ. Одоо буруутныг нь хайгаад шийтгэх гээд байдаг цаг биш. Ухаан бодлоо уралдуулж байгаад нэгдүгээрт суусан шавраасаа гарна. Хоёрдугаарт цаашдаа шаварт дахин зоогдчихгүй байх арга хэмжээ авах ёстой.  

 

  • Abou (105.112.47.52)
    Бурханыг магтана уу Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу aldenmooresloanfirmgmailcom Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана
    2018 оны 01 сарын 27 | Хариулах